С.Эрдэнэ: Хүүхэд, гэр бүлийн баяр болгох санал оруулна
Бидний Эх үрсийн баяр хэмээн тэмдэглэдэг Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр тун удахгүй тохиох гэж байна. Салбар хариуцсан төрийн сайд энэ удаагийн “5 асуулт 10хариулт” онцоллоо. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ
1. Энэ баярын өдрийг бид хэрхэн ойлгож, бас яаж тэмдэглэн өнгөрүүлэх ёстой вэ?
Хүүхдийн гэсэн тодотголтой энэ баярыг бид олон жил тэмдэглээд хэвшчихсэн. Би энэ баярыг гэр бүлийн баяр байх ёстой гэж боддог. Хүүхэд бол гэр бүлийн баяр баясгалан, аав, ээжийн сэтгэлийн нар, чимэг нь байдаг. Тийм учраас хүүхдийн энэ баяр гэр бүлийн баяр байх ёстой. Уг нь өнгөрсөн жил санал оруулж байсан ч олигтой тайлбарлаж чадаагүй.
Тиймээс цаашдаа нэршлийг нь өөрчилж Эх үрсийн баяр биш. Хүүхэд, гэр бүлийн баяр гэж өөрчилье гэсэн саналыг дахин тавих бодолтой байгаа.
Мэдээж баяр нь гэдэг утгаараа хүүхдийг нийгмийн анхаарлын төвд оруулж байгаа. Тийм болохоор хүссэн ч хүсээгүй ч хүүхдийн эрхийн асуудал заавал яригддаг. Энэ баярын ач холбогдол нь ч энэ байх.
2. Бид хүүхдүүдээ хайрладаг, хайртай-гаа хэлдэг. Үүнийг хүүхэд эрхээ эдэлж байна гэж ойлгох нь зөв үү?
Хүүхдийг хүмүүжүүлэх уламжлалт аргууд бий. Гадны соёлыг хэт их оруулж ирэх нь зохистой зүйл биш. Үндэстэн бүрт өөрсдийн онцлог байдаг. Даруулгагүй хүүхэд гэж монголчууд ярьдаг шүү дээ. Монголын зүйр цэцэн үгс бүхэлдээ шинжлэх ухаан байдаг. Тиймээс өнө эртнээс уламжлагдсан ирсэн хүмүүжлийн нарийн аргуудыг бид авч үлдэх л ёстой. Эцэг эхээ үл тоодог, хэнийг ч хүндэлдэггүй хүмүүжилтэй болгохгүйн тулд уламжлалт аргуудаасаа суралцах хэрэгтэй.
3. Хүүхдийг зодож шийтгэсэн эцэг эхэд хариуцлага хүлээлгэх механизм байх ёстой юу?
Шаардлага тавихаар биелүүлдэггүй, эрхээ л ярьдаг хүмүүсийг бэлдэж болохгүй. Тодорхой хэмжээний даруулга бол хэрэгтэй.
Хүүхдээ сайн хүн болоосой гэсэндээ хүмүүжлийн талаас хандаж байгаа аав, ээжийг шийтгээд байвал утгагүй. Харин хүүхдийг зовоох, тарчлаах, зэрлэг балмад байдлаар хүүхдийн эрхэнд хэзээ ч халдаж болохгүй. Үүний ялгааг олж дүрэм журмандаа тусгахгүй бол манайхан нэг туйлшрахаараа хавтгайрдаг тал бий. Дараа нь юунаас ч айдаггүй, хэнийг ч хүндэлдэггүй ирээдүй бий болох вий. Шаардлага тавихаар биелүүлдэггүй, эрхээ л ярьдаг хүмүүсийг бэлдэж болохгүй. Тодорхой хэмжээний даруулга бол хэрэгтэй. Би ч аавдаа алгадуулж л өссөн, тэглээ гээд мудсангүй. Харин зургаан хүүхэддээ гар хүрч үзээгүй.
4. Томчууд хүүхдийн төлөө за гэж хэлж чадаж байна уу?
Бүгдээрээ хүүхдийн төлөө за гэдэг болж гэж хэлэхгүй. Гэхдээ нэг үеэ бодвол за гэж хэлэх хүмүүсийн тоо маш олон болсон. Нэг жишээ нь эцэг эхчүүд хүүхдийнхээ боловсродд анхаарал хандуулдаг болж. Хэнд ч хэрэггүй диплом өвөртөлсөн хүн болох вий гэсэндээ үнэ цэнээ алдахгүй мэргэжлийг эзэмшүүлэхийг хичээх болсон байна. Мэргэжлийн үнэ цэнийг аав, ээжүүд ойлгодог болсон байна. Гэхдээ зарим салбарт хүүхдийн төлөө за гэж хэлэхгүй байна. Тухайлбал, эрүүл мэндийн салбарт. Хүүхдийн эмнэлэг хүрэлцэхгүй байна, эмч нар хариуцлагагүй байна. Автын ослоос болж олдмол хөгжлийн бэрхшээлтэй хүн олширч байна. Үүний дотор хүүхдийн эзлэх хувь өндөр байгаа нь санаа зовоох асуудал болсон. Өөрөөр хэлбэл хүүхдийн эрүүл, аюулгүй байдлыг хамгаалах механизм хангалтгүй байна.
5.Хүүхдийн эрхийг хэн хамгийн их зөрчиж байна вэ?
Санаатайгаар тэр зөрчиж байна гэж хэлэх боломж алга. Хэн ч гэсэн хүүхэд рүү дайраад эрхийг нь зөрчөөд байя гэж бодохгүй байх. Санамсаргүй, тохиолдлын чанартай хүүхдийн эрхийг зөрчих асуудал байсаар байна. Ер нь томчууд л хүүхдийн эрхийг зөрчдөг шүү дээ.