“Бэлчээрийн тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болов
2014.05.29

“Бэлчээрийн тулгамдсан асуудал” хэлэлцүүлэг болов

Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос Газрын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийн хүрээнд “Бэлчээрийн газрын тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2014.05.29/ Төрийн ордонд зохион байгууллаа.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд, Үйлдвэр, хөдөө аж ахуйн яам, ҮАБЗ, эрдэмтэн, судлаач, МУИС, ХААИС-ийн багш, шинжлэх ухааны доктор, профессор, Хэнтий, Дархан-Уул аймгийн малчид, фермерийн төлөөлөл оролцож бэлчээр ашиглалт, тулгамдаж буй асуудлаар санал солилцлоо.

Хэлэлцүүлгийг Улсын Их Хурлын Байгаль, орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайхан нээж, “Бэлчээрийн талаар баримталж буй бодлого, эрх зүйн орчин, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр ҮХААЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын дарга Л.Чой-Иш, “Бэлчээр ашиглаж ирсэн түүхэн уламжлал ба сургамж” сэдвээр Хөдөө аж ахуйн ухааны доктор, профессор С.Жигжидсүрэн, “Өвөр Монголын нутаг бэлчээрийн ашиглалтын дүрмийн хувьсгалт ба үр дүн”-гийн талаар БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөх хотын Багшийн их сургуулийн доктор, профессор Хайшаан, “Бэлчээрийн малын экологийн зохистой нутаг”-ийн талаар МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор, профессор Г.Нямдаваа нар илтгэл тавьж хэлэлцүүллээ.

Хөдөө аж ахуйн газрын 96 хувийг бэлчээр, хадлангийн талбай эзэлдэг байна. Ашигт малтмалын олборлолтын улмаас бэлчээрийн талбай өөр ангилалд шилжиж, автогений нөлөө, тоосжилтын улмаас бэлчээр доройтсоор байгааг Л.Чой-Иш дарга илтгэлдээ онцолсон.

Мөн малчдын өвөлжөө, хаваржааны бэлчээрт ашигт малтмал олборлож байгаа компаниуд тэдэнд нөхөн олговор олгохгүй хохироодог гэлээ. Үйлдвэр, хөдөө аж ахуйн яамнаас бэлчээрийн менежментийн чиглэлээр нэлээдгүй ажил хэрэгжүүлж байгаа бөгөөд цаашид малчдад бэлчээрийг нийтээр ашиглуулахтай холбогдсон эрх зүйн орчныг боловсронгуй болгох, уул уурхайн улмаас өвөлжөө, хаваржааны бэлчээргүй болж хохирсон малчдад олгох нөхөн олговорын хэмжээг тодорхой тогтоож хохирлыг барагдуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх, отрын нөөц нутгийг нэмэгдүүлэх, өвөлжөө, эсхүл хаваржааны доорхи 1 га хүртэл газрыг малчин өрхөд эзэмшүүлэх зэрэг ажлуудыг хэрэгжүүлнэ гэлээ.

Бэлчээрийн мал аж ахуйд онц ноцтой байдал үүсгэдэг байгалийн хүчин зүйл нь 5-7 жилийн давтамжтай тохиодог ган, зуд байдаг байна.

Бэлчээрийн даацыг үл хэтрүүлэх, бэлчээрийн тэжээлийн нөөцийг үл шавхах, бэлчээрийн ургамлыг таслаж идүүлсний дараа түүнд нөхөн төлжих хугацаа тавьж өгөх, бэлчээрийг сэлгэх гэсэн бэлчээр ашиглах алтан дүрэм байдгийг С.Жигжидсүрэн доктор илтгэлдтээ дурдсан юм. Мөн тэрээр бэлчээрийн талаар баримтлах төрийн бодлогыг шинэчлэх, бэлчээрийн газрыг төлбөр, урамшлын системд оруулах шаардлагатай байгааг хэлж, бэлчээр ашигласнаас болж доройтддоггүй, харин буруу ашигласнаас доройтдог гэлээ.

Жилийн дөрвөн улиралд таван төрлийн малыг нэг нутагт бүгдийг нь маллаж байгаа нь буруу. Иймээс уламжлалт бэлчээрийн аж ахуйг орхигдуулахгүй цааш нь үргэлжлүүлэн авч явах нь чухал. Мөн аймаг, сум, орон нутгийн хилийн заагийг нарийвчлан тогтоогоогүй байж бэлчээрийн асуудлыг ярих нь үр дүн муутай гэдгийг хэлэлцүүлэгт оролцогсод хэлж байв. Түүнчлэн бэлчээрийн ашиглалт, хамгаалалтын талаар дорвитой хууль гаргах шаардлагатай хэмээн оролцогчдын зарим нь үзэж байсан бол бэлчээрийн тухай хууль гаргах шаардлагагүй, Газрын тухай хуульд бэлчээр ашиглах талаар тусгаж өгөх нь зүйтэй гэсэн байр суурьтай хүмүүс ч байсан юм. Өвөлжөө, хаваржааг эзэмшүүлж болохгүй. Зөвхөн ашиглуулах хэрэгтэй. Хэрвээ эзэмшүүлсэн тохиолдолд бизнес болно гэсэн шүүмжлэлийг хэлж байлаа. Мөн жилийн дөрвөн улиралд гадаа ажилладаг малчин хүний хөдөлмөр хүнд учир тэдний хөдөлмөр хамгаалал, ялангуяа улирал улиралд тохирсон хувцастай байх асуудлыг ч хөндсөн юм