Ж.Батсуурь: Өр бол өглөг биш, ӨГӨӨШ
УИХ-ын гишүүн Ж.Батсуурь
2014.06.03

Ж.Батсуурь: Өр бол өглөг биш, ӨГӨӨШ

Парламентаар хэлэлцэж буй улс орны эдийн засаг, төсөв санхүүгийн чу­хал асуудлаар УИХ-ын гишүүн, доктор Ж.Батсуурьтай  ярилцлаа.

БОДЛОГО АЛДААТАЙ, ЭДИЙН ЗАСАГ ХҮРТЭЭМЖГҮЙ БОЛСНЫ УРШИГ ГАРЧ БАЙНА

-УИХ ойрын өдрүү­дэд их ачаалалтай ажил­лаж, улс орны эдийн засгийн хөгжлийн чухал асуудлуудыг ярьж байна.   Тухайлбал, “Эдийн зас­гийн идэвхж­лийг нэмэгдүүлэх за­рим арга хэмжээний тухай” тогтоол батлагдаж, 100 хоногт эдийн засаг сай­­жирна гэсэн хүлээлт үүс­гээд байгаа. Энэ 100 хоногт ямар үр дүн гарна гэж та харж байна вэ?

-Монгол хүн амны бэлгээр гэдэг дээ. Нааштай үр дүн гарч, байдал бага ч гэсэн дээрдээсэй  гэж хүсч байна.

Ер нь нэрнээсээ эх­лээд л сайн ойлгогдохгүй, бодит байдлыг зөв үнэ­лээгүй, тунхаг, популизм голлосон шийдвэр бол­­­чихов уу гэсэн бол­гоомж­лол байгаа. Нэр нь гэхэд л эхлээд “эрчимжүүлэлтийг нэмэг­дүүлэх” гэж орж ирсэн, явцдаа “идэвхжлийг нэмэгдүүлэх” болсон. Аль нь ч ялгаагүй,  эрчимтэй, эсвэл идэвхжилтэй явж буй хэвийн эдийн засагт жаахан түлхэц өгөх гэж ойлгогдоод байгаа биз дээ. Би бол уг тогтоол “Монгол Улсын эдийн засгийг хямралаас сэргийлж,  хүртээмжийг нэмэгдэгдүүлэх зарим арга хэмжээний тухай” гэж нэрлээд нэрэндээ нийцсэн арга хэмжээг тодорхой төлөвлөөд явбал   зөв гэж үзэж байсан шүү.

-Тэгэхээр та дээрх тогтоолоос нэг их олигтой үр дүн гарахгүй  гэх гээд байна уу?

-Бас ч тийм биш л дээ.  Тогтоол маань 70 гаруй арга хэмжээг тодор­хой бодлогын чиглэлүүдээр багцалж гаргасан олон заалттай. Тэдгээрийн дотор  улс орны эдийн засгийн хүндрэл, хямралын өмнөх нөхцөл байдлыг сайжруулах, алсдаа эдийн засагт тодорхой үр дүн өгөх олон арга хэмжээнүүд тусгагдсан. Тэр бүр хугацаандаа эрх баригчдын ярьж байгаагаар хэрэгжих юм бол үр дүн гаралгүй яахав. Наад зах нь эдийн засаг цаашдаа тогтвортой байх, хүртээмжтэй болох үндсүүд тавигдана шүү дээ. Энд хэд хэдэн зарчмын асуудал байгаа юм. Нэгд, ер нь цаашдаа Монголын эдийн засаг бүхэл­дээ байгалийн баялаг, ашигт малтмалаас хамааралтай хэвээрээ байх уу, эсвэл өөрөө өөрийгөө тэтгэдэг болохын төлөө явах уу гэдэг асуудал.

Тогтоолоор заасан арга хэмжээнүүдийн дийлэнх нь нүүрс зэрэг цөөн тооны ашигт малтмал, гадны хөрөнгө оруулалтаас хэт их хамааралтай байгаа одоогийн байдлыг өөрч­лөхөд чиглэж чадаагүй.

Хоёрт, өрийн удирдлага зүгшрээгүй, өр тавиад ав­сан мөнгөөрөө үр ашигтай ажиллах сайн төслүүд байхгүй нөхцөлд тулсан асуудлыг шийдэхэд  өрөө л нэмэхээс өөр аргагүй гээд суугаад байх нь зөв үү гэдгийг сайн бодох ёстой. Гуравт, эрх баригчид болохоор эдийн засгийн өсөлт жаахан саарсан болохоос биш, хоёр  оронтой тоонд байгаа, энэ муу биш гээд байдаг. Гэтэл нөгөө талд нь бодит амьдрал өдөр ирэх бүр л хүндрээд байдаг. Ийм нэг сонин парадокс бий болчихоод байна. Энэ бол бодлого алдаатай, эдийн засгийн хүртээмжгүй болсны уршиг.

-Та яриандаа эдийн засгийг хүртээмжтэй болгох гэж нэлээд хэдэн удаа онцолж дурдлаа. Үүнийгээ жаахан тодруулахгүй юу?

-Эдийн засаг гэдэг чинь өмч хөрөнгө, эд баялгаар дамжиж хүмүүсийн хооронд үүсдэг маш нарийн харилцаа. Энд гол холбогч судас нь  мөнгө. Тэгэхээр мөнгөний бодлого нь эдийн засгийн зүрх нь байх  ёстой. Харин судсаар дамждаг цусыг нь зохистой байлгах нөхцөл, хүчин зүйлүүд нь эрэлт, нийлүүлэлт, татвар гэх мэт гэж би ойлгоод байгаа юм. Эдийн засгийн гол үзүүлэлтүүдийг үндэсний хэмжээнд нэгтгэснийг  макро эдийн засаг гээд энэ төвшин дэх өсөлт, бууралтыг бодлогод ярь­даг. Харин микро эдийн засаг нь бодит амьд­ралд юу болж байгааг ха­­­руул­на. Тэгэхлээр улстөр­чид, эрх баригчид макро эдийн засгийн үзүүлэлтүүдээр тоглоод микро үзүүлэлтүүдийг үл ойшоодог. Одоогийн манай эдийн засаг хүр­тээмжгүй болоод байгаа­гийн шалтгаан энд л байна. 

Хүртээмжтэй эдийн засаг, хүртээмжтэй өсөлтийн тухай асуудал бол өнөөдөр дэлхий нийтийн асуудал болсон. Гол нь орлогын тэгш биш байдал газар авснаас энэ асуудлыг улс орон бүр бодлогын үзэл баримтлалын хэмжээнд тавьж, ярилцаж эхлээд байна. Олон улсын эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн байгууллага, НҮБХХ, ОУЭЗХАХБ,  ОУВС, Дэлхийн банк, АХБ зэрэг байгууллагууд хүртээмжтэй өсөлтийн талаар олон судалгаа  хийж өсөлтийг хүртээмжтэй болгох үзэл баримтлал, зөвлөмж олныг гаргаж байгааг судлаачид тэмдэглэж байна. Давосын  Дэлхийн эдийн засгийн форумын 44 дэх уулзалтын үеэр хүртээмжтэй өсөлтөд хүрэхийн тулд: нэгд, ажлын байр, ялангуяа залуусын ажлын байрны хангамжийг нэмэдүүлэх, хоёрт, эдийн засгийн тогтвортой өсөлтийг дэмжих, гуравт, хямралд хүргэж болох эрсдлийг хяналтад байлгаж, хямралын эсрэг дархлаа бий болгох зорилтууд дэвшүүлж байх жишээтэй. Энэ бүхнийг дурьдаад буйн учир бол бид одоо алдаа гаргасан бол түүнийгээ залруулж, хүндээ өгөөжөө өгдөг эдийн засагтай болох талаар бодлогын том реформ хийх ёстой гэх гээд буй хэрэг.

-Тэгвэл таны бодлоор яг тодорхой ямар зүйл хийх хэрэгтэй вэ?

-Өнөөдөр манай эдийн засаг урьд өмнөхөө бодвол тэлж  томорсон.   Хэдхэн жилийн өмнө ганц  тэрбум ам.долларын эдийн засаг гэж ярьдаг байсан бол одоо 10 тэрбумын гэж ярихтайгаа  болчихоод байна. Төсөв, санхүү, хуримтлал  ч нэмэгдсэн. Гэтэл үүнийг дагуулаад  хүртээмж нь нэмэгдэж хүмүүсийн амь­жиргаа дээшлэх учиртай. Хүртээмжийн зарим үзүүлэлт  хэрэглээ талаасаа өссөнийг  бас үгүйсгэж болохгүй. Хүн амын хэрэглээний нэр төрөл, тоо хэмжээ цахилгаан хэрэгсэл, унаа тэрэг, гоёлын зүйл мэт зүйлүүдээр өсөлт бий.  Эрчим хүчний сүлжээ бараг бүх суманд хүрсэн. Мэдээллийн дэд бүтэц хөгжсөн.  Авто зам, орон сууц, барилга барих хүчин  чадал нэмэгдсэн гээд зарим зүйлийг ярьж болно. Харин хийх ёстой олон зүйл орхигдсон. Импорт, гадаадын зээлд түшиглэсэн үйл ажиллага давамгайлж, Монгол өртэй үлдэж, бусдад ажлын байр бий болгох хандлага үргэлжилж байна. Бонд зэрэг том мөнгөнөөс  өөрийгөө тэтгэдэг эдийн засагтай болоход чиглэсэн бүтээн байгуулалт хийгдэхгүй,  өрөөс өр үүсгэх сүлжээ газар авсан хэвээр байна. Эдийн засаг, байгаль хамгаалах ач холбогдолтой төмөр зам, цахилгаан станцын төслийг хэрэгжүүлэх ажил удааширч, улстөржсөөр байна. Мэргэжлийн болон дээд боловсролын харьцаа алдагдаж, үйлдвэрлэн бүтээгчдийг биш, дипломтой, цагаан гартай ажилгүйчүүдийг нэмэгдүүлсээр байна. Үнийн өсөлт, цалингийн сүлжээ хоёрын ялгаа ихсэж, далд эдийн засаг нэмэгдэж байна. Энэ бүх асуудлуудыг цогцод нь харсан бодлогын үзэл баримтлал бол хүр­тээмжтэй өсөлтийн кон­цепци юм. Үүнийг л эдийн засгийн суурь бодлого болгож ажиллах хэрэгтэй байна. Энэ бол УИХ-ын ажил.

-Бодлогын үзэл ба­римтлал засаглалтай хол­боотой  биз дээ?

-Зөв, чадавхитай засаглал л зөв сайн үзэл баримтлал боловсруулж хэрэгжүүлнэ гэдэг нь  ойлгомжтой.  Өөрөөр хэлбэл, хүртээмжтэй  эдийн засгийн өсөлт нь  олон талаар  засаглалын чадвараас хамаарна. Хүртээмжтэй өсөлтийн үзэл баримтлалыг төрийнхөө бодлого болгож хэрэгжүүлэх засаглалын чадавхид цөөн хэдэн зарчим хэрэгтэй байдаг.

ӨР ЭДИЙН ЗАСГИЙН ӨГӨӨШ БОЛОХ АЮУЛТАЙ

-Одоо эдийн засгийн идэвхжлийг нэмэгдүүлхийн тулд өр тавихаас өөр аргагүй гээд Өрийн удирдлагын тухай хууль, дагалдах хуулиудыг ярьж эхлээд байна. Энэ тухай та юу гэж бодож байна вэ?

-Өр зээл бол зах зээлийн эдийн засагт байх хэвийн үзэгдэл. Энд наад зах нь гурван гол зарчмыг төрийн “хар хайрцагны бодлого”-ын хэмжээнд  байнга анхаарч байх ёстой.

Нэгд, бие даасан үндэсний эдийн засаг тогт­вортой хэвийн өсөлттэй, хараат бус байхын тулд түүнд тодорхой хязгаар байх ёстой. Тэр хязгаарыг тогтоосон хууль бий. Тэр нь мэдээжээр эдийн засгийн аюулгүй байдлыг хангах хэмжээг маш на­рийн тооцсон байх учир­тай.   Одоогийн хэмжээг яаж тогтоосон юм бэ. Одоо ямар аргачил­лаар өөрчлөх гээд байна вэ гэдгийг тодруулах шаардлага байна. Улсын гадаад өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээ 40-өөс хэтрэхгүй байх хуультай. Гэтэл энэ хэмжээ 63, 68 болсон байгааг Олон улсын валютын сангаас анхааруулсан.

Хоёрт, өр зээлээ яаж ашиглаад ямар ашиг олоод яаж төлөх вэ? гэд­гийг нь зохицуулсан на­рийн зохицуулалт байх ёстой. Түүнийг нь өрийн менежмент буюу удирдлага гээд байгаа хэрэг. Манайх бие даасан ийм зохицуулалтгүй яваад байснаа ойлгож одоо хуультай больё гэж байгаа нь сайн хэрэг. Дэмжих нь зүй. Гэхдээ ийм чухал хуулийг яаран сандран “гал унтраах” зо­рилгод хөтлөгдөн бат­лах гэвэл зөвшөөрч болохгүй зүйл. Олон та­лын нарийн судалгаа хэ­рэгтэй. Одоо өргөн баригдаад байгаа төсөлд тийм судалгаа гээд нэг ном тараасан. Тэр номонд хоёр тойм судалгаа байна.  Нэг нь эрх зүйн орчин, нөгөөх нь олон улсын туршлагын харьцуулсан судалгаа юм билээ. Энэ хоёр бол боломжийн сайн судалгаа.  Харин хамгийн гол судалгаа нь хийгдээгүй байна. Юу гэвэл бодит эдийн засгийн анализ алга.Гуравт, Өр зээлийг хэнээс, ямар зориулалтаар авах вэ гэдэг нь өөрөө үндэсний аюулгүй байдлын эмзэг нарийн асуудал. Ер нь зах зээлд шилжсэнээс хойш  манай улсад гадаадын хөрөнгө оруулалтыг шүтэх үзэл их газар авчихлаа. Га­даадын хөрөнгө оруулалт чухал.  Гэхдээ энэ нь  дотоодын нөөц боломжийг  ашиглахгүй байх зөвтгөх үндэслэл болох ёсгүй. Бид хаанаас хамаагүй нааш харсан  бүхнээс царай алдаж гуйж, түүж яваад  бага сага юм олж ирвэл түүнийгээ хамаагүй цацчихаад өрийн дарамтанд ордог байж болохгүй. Жишээ нь, Чингис бондоор багагүй мөнгө босголоо. Юунд зарж ямар ашиг олов оо. Бондын мөнгөө аймгуудын төвийг нийслэлтэй холбосон зам, орон сууц гээд бүтээн байгуулалтад зарсан гэх. Зам, орон сууц  хоёр маань манай тухайд өрийг хүүтэй нь төлөөд дээр нь эдийн засагт ямар ашиг өгөх юм бэ. Тодорхой мэдээллийг олон түмэн бүү хэл УИХ-ын гишүүд ч нэхээд нэхээд бүтэн мэдээлэл авч чадахгүй байна. Гаднын хөрөнгө оруулалтыг шүтэх үзэл нь эргээд биднийг гуйлгачин болгох, бусдын эрхшээлд оруулах  өгөөш болчих өндөр эрсдэлтэй гэдгийг л сайн тооцож баймаар байна. Бид хөрөнгө оруулагч хайна гэсэн лоозон тавихаас өмнө Монголтой удаан хугацаанд харилцан ашигтай хамтарч ажиллах түншийг л хайх хэрэгтэй.

-Өр зээл авах л юм бол ашигтай юманд  зарах ёстой гэдэг санааг та хэлээд байна. Яг юунд зарцуулбал ашиг тусаа өгөх бол?

-Юуны  тулд  өрөө нэмэх гээд байна вэ гэдэг асуудал чухал. Хэрэв  хям­ралаас сэргийлж, хүр­тээмжтэй, өөрийгөө тэтгэдэг, тогтвортой эдийн засагтай болох гэж байгаа бол  цааш цаашдаа Монголын эдийн засгийн өнгө төрхийг тодорхойлж, урт хугацаанд чирээд аваад явах тийм хөдөлгүүр болж чадах тэргүүлэх салбарууд руу хөрөнгө оруулалт хийх зориулалтаар өр зээл тавих хэрэгтэй. Үүний тулд бас л судалгаа, тооцоо, төлөвлөлт хэрэгтэй.

Одоо нэгэнт байгалийн баялаг, түүхий эд рүүгээ хошуураад орчихсон болохоор түүхий эдийнхээ нөөцөд тулгуурласан үйлдвэрлэл рүү л  мөнгөө зарах учиртай. 

Нүүрсээ ухаад л шууд гаргахаа больж,  хөршийн хэрэглээнээс илүү гарсан нүүрсээ Азийн зах зээлд гаргах, улмаар коксоо  борлуулах коксийн үйлдвэртэй болоход хөрөнгө оруулалт хийхээс аргагүй. Төмрийн хүдрээ гаргахыг хязгаарлаж,  өөрсдөө төмөр замын рейльс, арматур хийдэг үйлдвэр байгуулж,  төмрөө хайлуулж төмрийнхөө хэрэгцээг өөрөө хангах хэрэгтэй. Газрын тосоо гадагш нь гаргаад Хятадад бензин болгоод авч байна. Үүний оронд өөрсдөө нефть боловсруулах үйлдвэрт хөрөнгө оруулж яагаад болдоггүй юм бэ. Бидэнд зөвхөн улс төржөөгүй, олигархийн ашиг сонирхлоос ангид, гадныхны хэт нөлөөнд ороогүй үндэсний сэт­гэлгээ, эх оронч хичээл зүтгэлд суурилсан бод­лого, хүсэл л дутаад байх шиг надад санагдаад байдаг юм.

-Нөгөө айхтар ногоон мөнгө гэснээс ам.долларын ханш гээч юм л одоогийн хүндрэлийн гол буруутан болчихоод байна гэж сүү­лийн үед яригдах бол­чихлоо. Үүнтэй та санал нийлэх үү?

-Шууд санал нийлнэ, эсвэл нийлэхгүй гэж хэлэхэд хэцүү. Шууд утгаараа бол ам.долларын ханш өссөнөөс эдийн засагт хүндрээд байгаа нь үнэн. Гэхдээ ам.доллар бол амьгүй ногоон цаас шүү дээ. Түүнийг хүн л амь оруулж үнэд хүргэж байдаг. Тэгэхээр гол буруутан нь доллар гуай өөрөө биш, хүн, хүмүүсээс бүрдсэн байгууллага, тодорхой хэлбэл төрийн алдаатай, буруу бодлого.  Манайхан бас гол буруутан бол нүүрс гэж ярих гээд байгаа шүү. Газар дор ард түмний мэдэлд байж байсан нүүрс энд юу нь буруу байхав дээ. Товчдоо бол, нүүрс, ам.доллар хоёрт буруу байхгүй. Эдийн засгийн бодлогоо барьдаг төр, төрийн цаана хүмүүс,  мөнгөний бодлогоо барьдаг Монголбанк, бас цаана нь хүмүүст гол буруу байгаа гэж ойлгож болно. Эцсийн эцэст буруу тоо­­цоонд үндэслэсэн бодлогын  л алдаа шүү дээ.

-Бодлогын алдаа гэж  тодорхой юу хэлж болох вэ?

-Оюутолгойн гэрээ байгуулж,  хэдэн ам.доллар урьдчилгаанд авсан цаг буюу 2010 оноос эхлэн манай төрөөс явуулж эхэлсэн эдийн засгийн бодлогыг 2012 оноос дараагийн Засгийн газар буруу үргэлжлүүлснээс өнөөдрийн валютын ханш,  эдийн засгийн хямралд хүргэсэн гэж үзэж болно. Өнөөдөр УИХ нь бонд гаргахыг зөвшөөрөөд банкууд  гадагш нь бонд борлуулж, бондынхоо мөнгөөр интервенц хий­гээд  байгаа биз дээ. Үнэ тогтворжуулах хөтөлбөр мэтээс болж төгрөг маань ам.доллар болж га­даг­­шаа гараад ханш хөө­­рөгдөөд байгаа нь бо­дит үнэн. Одоогийн байдлаар ам.доллар 1800 төгрөгөөс хол давчихаад байна.  Үүнээсээ цааш явах л байх. 

-Тэгээд одоо яах ёстой гэж?

-Ер нь ийм үед эхлээд авах арга хэмжээ бол хэмнэлтийн горимд бүх шатандаа шилжих л байдаг. Албан ёсны мэдээгээр  бол улсын төсөв ДНБ-ийхээ 40 хувийг давчихаад байна. Гэтэл төсвийн гадуур хөгжлийн сан, бонд энэ тэр гээд маш их мөнгө эргэлдэж байгаа. Үүнийг тооцвол ДНБ-ий 60,70  хувь руу явах байх.  Хэн хүний нүдэн дээр төр данхайгаад төрийн алба илэрхий нүсэр болсон ш дээ. Төрийн албан хаагчийн тоо зургаан мянга орчмоор өссөн гэх мэдээ дуулдаж байгаа. Хотынхон юу болсныг Д.Сумьяабазар гишүүн тооцоо судалгаатай ярьж л байгаа.  Энэ их нүсэр зардлыг танаж, хэмнэх ёстой. Гэтэл төсвийн тодотголд урсгал зардлаа 20 хувь тана гэснээс өөр зүйл байгаагүй. 

Бидний хэрэглээ дэн­дүү ухаалаг биш байна. Гар утас, жийп машин унахаас эхлээд орох оронгүй шахам хөдөөнөөс орж ирсэн нөхөр нэг хуучин машин аваад уначихаа л урьтал болгож байна. Аливаа хүн олохоосоо  илүү хэрэглэх сэтгэхүйтэй болчихвол гуйлгачин л  болно биз дээ. Хэрэглээ ухаалаг зөв байх нь улс үндэстэн ч, хувь иргэнд ч их чухал. Үүнийг манайхан төрийн бодлого, үйл ажиллагаандаа ч, хувь хүн бол амьдрал ахуйдаа тун бага анхаарч байна.