2016 он гэхэд нэг хоногтой нярайг оношилдог болно
Шинж тэмдэг нь илэрдэггүй төрөлхийн болон удамшлын өвчнөөс болж хүүхдүүд насан туршдаа хөгжлийн бэрхшээлтэй болж байна. Шинж тэмдгийг эрт илрүүлж чадвал өвчнөөс урьдчилан сэргийлж болох ч өнөөг болтол шаардлагатай тоног, төхөөрөмж байгаагүй билээ. “Тандалт шинжилгээний үндэсний хөтөлбөр” хэрэгжиж эхэлснээр 2016 он гэхэд нэг хоногтой нярайг оношлох боломж бүрдэх юм байна.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв ургийг оношлох тасаг байгуулж байсан бол энэ удаа Эрүүл мэндийн яамны дэмжлэг, НҮБ-ын санхүүжилтээр нярайн тандалт судалгааны үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэллээ. Эрт илрүүлж чадвал эмчилж болдог түнхний мултрал, нярайн бодисын солилцооны төрөлхийн эмгэг, сонсгол, харааны бэрхшээлийг энэ хөтөлбөрийн дагуу оношлох, эмчлэх боломж бүрдэнэ.
2020 он гэхэд улс орон даяар нярайн тандалт оношилгоо нэвтэрнэ. Эхний ээлжинд Улаанбаатар хотыг сонгосон нь нийслэлд нийт өвчлөлийн 50 орчим хувь илэрдэгтэй холбоотой. Түүнчлэн хамгийн түгээмэл дөрвөн өвчлөлийг сонгожээ. Зөвхөн сонсголын бэрхшээлтэй иргэд гэхэд 240 мянга буюу хүн амын 12,1 хувьтай тэнцэж байгаа нь эрт илрүүлэл байдаггүйтэй холбон тайлбарлаж болох юм.
Эрүүл мэндийн сайд Н.Удвал:
Бид долоо хоног бүр ямар эх, нярай хүндрэлтэй байна гэдгийг судлахын тулд асуудал хариуцсан мэргэжилтэн бараг өөрөө байгууллагуудын хооронд явдаг. Ингэсний үр дүнд тодорхой ахиц, өөрчлөлтүүд гарч байна. Тиймээс нярайн эндэгдлийг улсдаа оношилж, эмчлэх тусламж, үйлчилгээнийхээ чадамжийг дээшлүүлж байгаа нь маш том алхам. “Эрүүл чийрэг монгол хүн” хөтөлбөрт геронтологийн төв байгуулна гэж заасны дагуу уг ажлыг хийж байна.