Эм хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ЭМЯ-нд хүлээлгэн өглөө
Монгол дахь НҮБ-ын Хүн амын сангаас эх барихын нэн шаардлагатай эм болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ЭМЯ-нд албан ёсоор хүлээлгэн өглөө.
Тус үйл ажиллагааны үеэр Эрүүл мэндийн сайд хэлэхдээ, нөхөн үржихүйн эрүүл мэнд, эх хүүхдийн эрүүл мэндэд чиглэсэн маш том хөрөнгө оруулалтыг хийж буй ёслолын ажиллагаа болж байна” гэв. Мөн тэрээр, “Төрийн бус байгууллагууд, хувийн хэвшил болон олон улсын, хандивын байгууллагуудтай өргөн түншлэлийг хөгжүүлэх замаар эх, хүүхдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд хамтран ажиллах” зорилгод нийцсэн арга хэмжээ болж байна хэмээгээд уг арга хэмжээг ЭМЯ-наас 2014 оныг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил” болгон зарласан цаг үетэй холбогдож буйгаараа ач холбогдолтой байна гэдгийг ч дурдаж байв.
Өнөөдөр НҮЭМ-ийн загвар сум болохоор сонгогдсон 15 сумын Эрүүл мэндийн төвүүдэд олгох Эсэн мэнд амаржихуйн чанартай тусламж үйлчилгээ үзүүлэхэд нэн шаардлагатай төрөх ор, мэс заслын болон эмэгтэйчүүдийн үзлэгийн гэрэл, кварцын гэрэл, чанд авианы аппарат, зүрхний бичлэгийн аппарат, нярайг дулаацуулагч, нярайн жин, отсос, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, дуслын шахуурга, пульсоксиметр аппарат зэрэг 38 нэрийн, 9 нэр төрлийн НҮЭМ-ийн нэн шаардлагатай эм хэрэгсэл зэрэг 594,1 сая ₮-ний үнэ бүхий багаж, тоног төхөөрөмж, эм хэрэгслийг хүлээлгэн өглөө.
Хүүхдийн эндэгдлийг бууруулж байгаа боловч эрт нярай үедээ эндэх тохиолдол илүү байна.
Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд эрүүл эхээс, эрүүл хүүхэд төрнө гэсэн зорилт тавьж буй. Бидэнд тодорхой бэрхшээл байсаар байна. Хүүхдийн эндэгдлийг бууруулж байгаа боловч эрт нярай үедээ эндэх тохиолдол илүү байна. Эрүүл мэндийн сайд Н.Удвал энэ мэт асуудлыг шийдвэрлэхэд маш том хувь нэмэр оруулж байдагт НҮБ-ын ХАС-д талархал илэрхийлсэн юм. Тэрээр хэлэхдээ, “Манай эмч мэргэжилтнүүд танай байгууллагаас хүлээлгэн өгч байгаа багаж, тоног төхөөрөмжийг бүрэн хүчин чадлаар нь үр дүнтэй ашиглан, хамгийн гол нь эх нярайд ая тухтай, үйлчлүүлэгчийн эрхийг дээдэлсэн орчин бүрдүүлэн ажиллана гэдэгт бүрэн итгэлтэй байна” гэв.
Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүн амын сангийн өмнөх болоод одоогийн хамтын ажиллагааны үр дүнд Монголд “Нөхөн үржихүйн эрүүл мэндийн эм хэрэгслийн аюулгүй байдлын стратеги”-ийг хэрэгжүүлж буй. Энэ онд тус стратегийн хэрэгжилтийн эцсийн шатны үнэлгээ хийгдэх юм.