Хүүхдийн зайн оношилгоог нэвтрүүллээ
ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэй хэрэгжүүлж буй “Хүүхдийн зайн оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн нээлт боллоо.
2013.11.26

Хүүхдийн зайн оношилгоог нэвтрүүллээ

Эрүүл мэндийн яам, НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгтэйгээр хэрэгжүүлж буй “Хүүхдийн зайн оношилгоог нэвтрүүлэх нь” төслийн нээлт өнгөрсөн амралтын өдөр боллоо.

Энэхүү үйл ажиллагаанд ЭМЯ, НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгчид, ЭХЭМҮТ-ийн удирдлага, эмч нар болоод төсөл хэрэгжиж буй аймаг, дүүргийн эмнэлгийн удирдлага, эмч нар оролцсон юм.

Ж.Амарсанаа: ЭМЯ-ны зүгээс, Хүүхдийн эрүүл мэндийн тусламжид зайн оношилгоог нэвтрүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллах болно.

Тус төслийн хүрээнд Хөвсгөл, Төв аймгууд болоод Сонгинохайрхан, Налайх дүүргүүд ЭХЭМҮТ-тэй 24 цагийн аль ч үед зайн оношилгоогоор шууд холбогдон эмч нараас зөвөлгөө авах, харилцан туршлага солилцох, онош нь бүрэн тогтоохгүй байгаа болоод хүндрэлтэй байгаа хүүхдүүдийг хэрхэн эмчлэх, хариу арга хэмжээ авах талаар бусад нарийн мэргэжлийн эмч нартай  зөвлөлдөх боломжтой болж байгаа юм.

Эрүүл мэндийн дэд сайд Ж.Амарсанаа тус үйл ажиллагаанд оролцогчдод хандан үг хэлэхдээ “Монгол улсын маань ирээдүй болсон хүүхэд, нярайг эрүүл энх байлгах нь бид бүгдийн үүрэг, хариуцлагын асуудал байдаг. Иймээс бид нярайн аюулгүй байдлыг сахин хамгаалахын тулд боломжтой бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.

Жишээлбэл: А гепатит зэрэг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх вакцинуудыг нэвтрүүлээд байна. Мөн техник технологи өндрөөр хөгжиж буй одоогийн нөхцөлд цаг алдалгүй өвчнийг илрүүлэх, хариу арга хэмжээ авах, нэн яаралтай оношлох зорилгоор зайн оношилгооны төхөөрөмж ашиглаж эхлээд байна.

Тус төслийн хүрээнд Хөвсгөл, Төв аймгууд болоод Сонгинохайрхан, Налайх дүүргүүд ЭХЭМҮТ-тэй 24 цагийн аль ч үед зайн оношилгоогоор шууд холбогдох боломжтой.

Одоогийн байдлаар хоёр аймаг, хоёр дүүргийг ЭХЭМҮТ-тэй зайн оношилгооны төхөөрөмжөөр шууд холбон амжилттай ажиллаж байгаа бөгөөд цаашдаа ч ЭМЯ-аас 21 аймаг болоод бүх дүүргүүдэд зайн оношилгоог нэвтрүүлэн ажиллах зорилготой байна.

Энэ нь цаг алдалгүй өвчнийг эрт илрүүлэх, эмчилгээг яаралтай эхлүүлэх гээд олон олон эрсдэлээс хүүхэд, нярайг хамгаалах боломжийг бүрдүүлж байгаа юм. Бид бүгдийн нэгдсэн зорилго бол нярайн эндэгдлийг бууруулах бөгөөд ЭМЯ-ны зүгээс, Хүүхдийн эрүүл мэндийн тусламжид зайн оношилгоог нэвтрүүлэх талаар онцгойлон анхаарч ажиллах болно” гэлээ.