11 нэр төрлийн эмнэлгийн тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өглөө
Эрүүл мэндийн яам, Азийн хөгжлийн банкны “Санхүүгийн хямралын үед ядуу иргэдийн эрүүл мэндийг хамгаалах JFPR-9136 MON” төслийн хамтарсан санхүүжилтээр “Энэрэл” эмнэлэгт эмнэлгийн тоног, төхөөрөмжийг хүлээлгэн өгөх үйл ажиллагаа боллоо.
Нийт 418 сая төгрөгийн үнэ бүхий хяналтын монитор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, сорох төхөөрөмж, татлагын ор, эмэгтэйчүүдийн үзлэгийн ор, үзлэгийн иж бүрдэл, зөөврийн болон суурин дижитал рентген, зураг угаагчийн хамт, тархины цахилгаан бичлэгийн аппарат, илиза уншигч угаагчийн хамт, ходоодны уян дурангийн иж бүрдэл, оптальмоскопи зэрэг 11 нэр төрлийн тоног төхөөрөмжийг тус эмнэлэгт өгч байгаа юм.
Эдгээр тоног төхөөрөмжийг авснаар “Энэрэл” эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт 80,3 хувь буюу нэгдсэн эмнэлгийн стандартаар оношилгоо, эмчилгээ хийх боломжтой болж байна. Мөн эмзэг бүлгийн иргэдэд үзүүлэх эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, хүртээмж нэмэгдэх юм.
Эдгээр тоног төхөөрөмжийг авснаар “Энэрэл” эмнэлгийн тоног төхөөрөмжийн хангалт 80,3 хувь буюу нэгдсэн эмнэлгийн стандартаар оношилгоо, эмчилгээ хийх боломжтой болж байна.
Уг арга хэмжээний үеэр Эрүүл мэндийн сайд Н.Удвал үг хэлэхдээ, “Энэрэл эмнэлгийн үйлчлүүлэгчид ихэвчлэн бичиг баримтгүй, төлбөрийн чадамжгүй, эрүүл мэндийн бусад нэгжүүдээс тусламж үйлчилгээ авч чаддаггүй иргэд байдаг. Мөн өвчин нь хүндэрсэн үедээ эмнэлэгт ирдэг. Тиймээс эдгээр хүмүүст чанартай эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх нь бидний үүрэг. Энэ ч утгаараа өнөөдрийн энэхүү үйл ажиллагаа бидний ажилд маш том дэмжлэг болж байна” хэмээн онцлов.
“Энэрэл” эмнэлэг нь Улаанбаатар хотод амьдарч буй ядуу, эмзэг бүлгийн, орон гэргүй, тэнэмэл иргэд, бичиг баримтгүй хүмүүст эмнэлгийн анхан шатны болон нарийн мэргэжлийн хоёр дахь шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Стационарын тасаг нь 73 ортой, эрчимт эмчилгээ, тусгаарлах, дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, чих хамар хоолой, чиглэлээр жилд дунджаар 2600-2700 хүнийг хэвтүүлэн эмчилж, үүнээс сүрьеэгийн 16 ороор, жилд дунджаар 65 хүнийг хэвтүүлэн эмчилж байна.
Амбулаторийн тасаг нь дотор, мэдрэл, мэс засал, гэмтэл, нүд, чих хамар хоолой, сүрьеэ, нөхөн сэргээх, дүрс оношлогоо, зүрхний цахилгаан бичлэг зэрэг оношилгоо, шинжилгээг 17000-18000 орчим хүнд хийж үйлчилдэг ажээ.
Тус эмнэлэгт тоног төхөөрөмжийн хангалтыг жил бүр хийж ирсэн. Ингэснээр стандартынхаа хувьд сайжирч, эмнэлгийн тусламж үйлчилгээний төрөл нэмэгдэж эхэлсэн. 1998-2009 онд тоног төхөөрөмжийн хангалт 47 хувьтай байсан. Харин 2010 онд 61 хувь, 2011 онд 65 хувь, 2012 онд 68 хувь болж өссөн байна.