Эрүүл мэндийн 17 байгууллагын барилгад 3 тэрбум төгрөгөөр их засвар хийнэ
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлыг зохион байгуулах тухай” А/37, А/38 дугаар захирамж гаргалаа.
Захирамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлын жагсаалтыг гаргалаа. Энэ онд Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн эрүүл мэндийн 17 байгууллагад 3 тэрбум төгрөгийн засварын ажил хийнэ.
Нийслэлийн Засаг дарга эдгээр засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар,
Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалттын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа.