Ж.Эрдэнэбат: Ерөнхий сайд 6541 удаа огцрох байлаа
Н.Алтанхуяг Ерөнхий сайдаар томилогдох үедээ МАН-ын бүлгийн хурал дээр хэлсэн үг нь өөрийг нь одоо ч ороосоор явна.
Тэр нь "Төрийн албан хаагчийн орон тоог нэмэхгүй. Нэгээр л нэмбэл би өөрөө огцорно" гэсэн мэдэгдэл юм. Үүнээс хойш МАН-ын бүлэг төрийн албан хаагчдын тоотой холбоотой асуудлыг ярих бүртээ Ерөнхий сайдын хэлсэн үгийг хөнддөг болсон. Өчигдөр болсон бүлгийн хуралдааны талаарх мэдээлэл дээрээ ч энэ сэдвийг хөндөж байлаа.
Монгол Улсын 2013 оны төсвийн гүйцэтгэлийн талаар Ж.Эрдэнэбат гишүүн мэдээлэл хийхдээ "Төрийн албан хаагчдын тоо өмнөх жилийнхээ 6541-ээр өсжээ. Ерөнхий сайд анх төрийн албан хаагчийг нэг хүнээр нэмбэл би өөрөө огцорно гэж байсан. Тэгэхээр 6541 удаа огцрох байлаа. Шинээр нэмэгдсэн энэ хүмүүсийн цалин, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь оруулж тооцвол төсвийн урсгал зардал 70 гаруй тэрбум төгрөгөөр нэмэгджээ” гэв.
Мөн энэ мэтчилэн төсөв дээр анх төлөвлөөгүй, зарлага өсгөсөн асуудал байгааг Ж.Эрдэнэбат гишүүн хэлж байв. Үндэсний аудитын газрын хийсэн дүгнэлтэд үндэслэн энэхүү мэдээллээ хийж буйгаа МАН-ын бүлгийнхэн хэлсэн бөгөөд залруулах шаардлага тавихаар болсон гэнэ. Ерөнхий сайд Н.Алтанхуяг төсөвтэй холбоотой бүх алдааг залруулах шаардлага тавихаар болсон гэнэ.
Үүнд нь хэд, хэдэн зөрчил багтаж буйг ч сөрөг хүчнийхэн хэллээ. Хуульд зааснаар улсын төсвийн хөрөнгийг төсвийн ерөнхийлөн захирагч нар Төрийн сангаар дамжуулан зарцуулах ёстой. Гэтэл зарим сайдын багцад буй мөнгийг ерөнхийлөн захирагч нар нь холбогдох хууль, журмыг зөрчин арилжааны банкуудад байршуулсан байжээ. Нийтдээ 4.4 тэрбум төгрөгийг арилжааны банкуудад 108 данс нээн байршуулсан байсныг аудитынхан шалгалтаар тогтоосон боловч зөрчил бүрэн арилаагүй гэнэ.
Мөн "Гудамж" төсөлд зарцуулсан 46.9 тэрбум төгрөгийн тайлан төсөв дээр ч, хувийн хэвшлийнхний татварын тайлан дээр ч огт тусгагдаагүй байгаа аж. Тиймээс санхүүгийн эдгээр зөрчлийг арилгуулах ёстой гэв. Мөн улсын төсөв хэт томорч, төрийн байгууллага хэт үрэлгэн байгааг МАН-ынхан цөөнгүй жишээгээр хэллээ.
Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, яам, агөнтлагын дарга зэрэг албаны автомашин унадаг төрийн албан хаагчид байдаг. Гэтэл Засгийн газрын журамд заасан автомашин унах албан тушаалтны жагсаалтад багтаагүй 222 албан тушаалтан албаны машин унаж байсан нь төсвийн гүйцэтгэлээр илэрчээ. Зөвхөн энэ 222 хүнд машин унуулахын тулд автомашин авах, шатахууны зардал зэргийг тооцоход л 20 орчим тэрбум төгрөг болж байгаа аж.
Түүнчлэн жилд 1-2 удаа л гадаад томилолтоор явна гэж амлаж байсан сайд нар 15-20 удаа гадаад явсан дүн мэдээ гарсан байна.
Иймд энэ мэт үрэлгэн зардлыг багасгаж, алдаагаа засч залруулахыг Ерөнхий сайдаас шаардахаар болжээ. Хэвлэлийн бага хурлын үеэр Ж.Эрдэнэбат гишүүн нэгэн асуудлыг шалгуулах ёстой гэж мэдэгдсэн нь улсын нөөцөд байсан шатахуун алга болсон тухай байв. 2013 оны төсвийн гүйцэтгэлд Үндэсний аудитын газар шалгалт явуулах үед 5.7 тэрбум төгрөгийн үнэ бүхий шатахуун биет хэлбэрээрээ байхгүй болох нь тогтоогджээ.
Өөрөөр хэлбэл, улсын нөөц гээд цаасан дээр бүртгэлтэй байсан шатахууныг шалгалтынхан биетээр нь хайгаад олоогүй байна. МАН-ын бүлгийн хэлэлцсэн дараагийн асуудал нь Төмөр замын тээврийн талаар төрөөс баримтлах бодлогод нэмэлт оруулах Засгийн газрын санал. Энэ асуудал дээр нэлээд нухацтай хандаж, байр сууриа нэгтгэх нь зүйтэй гэж МАН- ын бүлэг үзжээ. Бүлгийн дэд дарга Д.Оюунхоролын хэлснээр ажлын хэсэг байгуулж, гаргасан дүгнэлтэд нь үндэслэж МАН- ынхан байр сууриа нэгтгэх болсон байна.
Бүлгээр хэлэлцсэн бас нэгэн асуудал нь Өрийн удирдлагын тухай хуулийн төсөл байж. Монгол Улсын өрийн таазын хэмжээг нэмж, ДНБ-ий 70 хувьд хүргэх Засгийн газрын саналыг МАН-ынхан эхнээс нь дэмжээгүй. Иймээс эрх баригчид засах нэрээр хуулийн төсөлд "улсын өр" гэсэн тодорхойлолтыг өөрчлөх гэж байна гэж МАН-ынхан хардаж байгаа аж.
Тэдний хэлснээр бол "улсын өр" гэсэн тодорхойлолттой хэсгийг төслөөс бүрэн хасах ёстой гэнэ. Үгүй бол эрх баригчид "улсын өр” гэж нэг тодорхойлолт гаргачихаад түүндээ орон нутгийн өмчит болон улсын үйлдвэрийн газруудыг хамааруулахгүй нь гэж Н.Номтойбаяр гишүүн хэлэв. Түүний хэлснээр энэ тодорхойлолтыг эргэж харахгүй бол эрх баригчид "Эрдэнэт" үйлдвэр, "Эрдэнэс Тавантолгой" зэргээр зээл авахуулах замаар "улсын биш өр"-ийн хэмжээг нэмж болох боломж бүрдэх юм байна.