Компанийн засаглалын кодексийг танилцуулав
Компанийн засаглалын VII форум
2014.06.25

Компанийн засаглалын кодексийг танилцуулав

Компанийн засаглалын хөгжлийн төв, Олон улсын санхүүгийн корпорац (ОУСК) хамтран Компанийн засаглалын VII форумыг өчигдөр зохион байгууллаа. 100 гаруй компанийн захирал, менежер болон Засгийн газрын ажилтнууд оролцсон уг форумын үеэр Санхүүгийн зохицуулах хорооноос өнгөрсөн сард шинэчлэн баталсан Монгол Улсын Компанийн засаглалын кодексийг танилцуулсан юм.

Компаниудын өрсөлдөх чадварыг бэхжүүлэхэд дэмжлэг болох уг кодекс нь хувьцаа эзэмшигчдийн эрхийг буруугаар  ашиглах, компанийн засаглалын институцүүдийн хоорондын хяналт, шалгалт болон тэнцвэртэй байдал ба хувьцаа эзэмшигчдэд ил болгох зүйлс зэрэг манай улсад тулгарч буй нийтлэг асуудлуудыг хамарсан аж.

Форумын үеэр Компанийн засаглалын үндэсний зөвлөлийн дарга Д.Ган-баяр

“Сайн засаглалтай компаниудын үйл ажилдагаа тогтвортой бөгөөд илүү их ашиг, орлоготой байдаг.

Энэхүү кодекс нь Монголын компаниудад засаглалаа сайжруулахад дэмжлэг болно.

Мөн улс орны урт хугацааны эдийн засгийн өсөлтөд хувь нэмрээ оруулах юм” хэмээн ярив. Мөн ОУСК-ын Компанийн засаглалын ахлах зөвлөх Филип Армстронг “Компанийн засаглал сайтай компаниуд олон тооны хөрөнгө оруулагчдыг татаж чаддаг” гэлээ.

ОУСК, Санхүүгийн зохицуулах хороо, Компанийн засаглалын хөгжлийн төв хамтран Монгол Улсын аж ахуйн нэгжүүдийн компанийн засаглал ямар түвшинд байгаа талаарх хараат бус судалгааг өнгөрсөн оны арваннэгдүгээр сард танилцуулахад Монголын хөрөнгийн биржид бүртгэлтэй топ 20 компанийн засаглалын дундаж оноо ердөө 27.5 хувь байсан юм.