Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурал.
2014.06.25

“Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлын мэдээ

Уул уурхайн яамнаас уламжлал болгон зохион байгуулдаг “Ил тод уул уурхай” хэвлэлийн хурлаар энэ сард геологи, уул уурхай, газрын тосны салбарт хийгдсэн томоохон ажлуудаа тоймлон хүргэе.

Уул уурхайн сайд болон Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар нийт 214 ажлын хэсэг гаран ажилласнаас 130 ажлын хэсгийн дүгнэлт гарч, үүрэг болгосон ажил үүргээ гүйцэтгэж одоогоор 84 ажлын хэсэг ажиллаж байна. Үүнээс Сайдын тушаалаар байгуулагдсан 67 ажлын хэсэг, Төрийн нарийн бичгийн даргын тушаалаар байгуулагдсан 6 ажлын хэсэг, бусад яам болон холбогдох байгууллагуудтай хамтарсан 11 ажлын хэсэг тус тус ажиллаж байна.

-“ЭРДЭНЭС ТАВАНТОЛГОЙ” ХК-ИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР-

Ерөнхий сайдын 2012 оны 64 дүгээр захирамжаар байгуулагдсан Ажлын хэсгийн хүрээнд Тавантолгойн ордын дэд бүтэц ялангуяа төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн нүүрс худалдах, худалдан авах тухай БНХАУ-ын Чалко компанитай байгуулсан гэрээг сайжруулах, олборлолтын өртөг зардлыг бууруулах, компанийн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор санхүүгийн дэмжлэг үзүүлэх, нүүрсний боловсруулалтын түвшинг дээшлүүлэх, компанийн үйл ажиллагааны зардлыг бууруулах, худалдан авагчын өрсөлдөөн бий болгох, олборлолтын зардлыг бууруулах зорилгоор Цанхийн баруун хэсгийг ашиглаж эхлэх нүүрсний зах зээлийн судалгаа хийж нүүрсний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллаж байна.

Тавантолгойн цахилгаан станц, Тавантолгой Гашуунсухайтын төмөр замыг бондын хөрөнгөөр барихаар шийдвэр гарсан. Тавантолгой Гашуунсухайтын төмөр замы царигийн асуудлыг шийдүүлэх тогтоолын төслийн УИХ-аар хэлэлцүүлж байна. “Эрдэнэс Тавантолгой” ХК 2011 онд 1 сая тонн, 2012 онд 2.5 сая тонн, 2013 онд 5.3 сая тонн нүүрс олборлож байсан бол 2014 онд 7.5 сая тонн нүүрс олборлож, 7 сая тонн нүүрс борлуулан 250 сая ам.долларын орлого олохоор ажиллаж байна.

“Эрдэнэс Тавантолгой” ХК нь БНХАУ-ын Чалко компанид нүүрс нийлүүлэхээр зээлсэн 350 сая ам.долларыг зориулалт бусаар 2012 онд “Хүний хөгжил сан”-д төвлөрүүлсний улмаас компанийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлсөн.

Гэвч уурхайн хэвийн үйл ажиллагааг хангах зорилгоор тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлж ажиллалаа.

2012 онд 1 тонн нүүрсийг 62.4 ам.доллараар олборлож байсан бол 2013 онд 56.9 ам.доллар буюу нэгжийн өртгийг 6 ам.доллараар бууруулсан.

Чалко компанид экспортлох нүүрсийг Гашуунсухайтын хилийн боомтын наана орших Цагаанхад дахь гаалийн бүсэд хүргэх нөхцөлтэйгээр нийлүүлж байсан бол уурхайн талбайд гүний гааль байгуулж, нүүрсийг БНХАУ-ын Ганцмодны боомт хүртэл шууд тээвэрлэх зэрэг зохион байгуулалтын арга хэмжээ авснаар үйл ажиллагааны зардал 1 тонн тутамд 25.3 ам.доллараас 18.6 ам.доллар болж буурсан.

Цаашилбал Тавантолгойн ордын үнэ цэнийг нэмэгдүүлэхийн тулд:

Олборлолт (туузан конвейерийн систем);

Боловсруулалт (хуурай, нойтон аргаар);

Тээвэрлэлт (авто зам, төмөр зам, конвейер);

Борлуулалт (БНХАУ-аас гадна 2-оос доошгүй улс);

Дэд бүтэц ба нийгмийн дэд бүтцийн асуудлыг цогцоор шийдвэрлэх шаардлагатай байгаа.

-НҮҮРСНИЙ АНГИЛЛЫН СТАНДАРТУУД БАТЛАГДЛАА-

“Нүүрсний ангилал MNS 6456:2014”, “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал MNS6457:2014” стандартууд 2014 оны 06 сарын 12-ны өдөр улсын бүртгэлд бүртгүүлж хүчин төгөлдөр мөрдөгдөх боллоо.

“Нүүрсний ангилал” болон “Нүүрс, нүүрсэн бүтээгдэхүүний ангилал”-ын стандартыг нүүрсний салбарын эрдэмтэн доктор, багш нар болон мэргэшсэн, зөвлөх геологичид, нүүрсний чанарын мэргэшсэн судлаачид, инженерүүд, аж ахуйн нэгж, мэргэжлийн холбоодын саналыг тусган, Америк, Австрали, Хятад, Орос улсад мөрдөгдөж буй стандартуудыг харьцуулан судалснаар олон улсын жишигт нийцүүлэн боловсруулсан болно.

-ЭДИЙН ЗАСГИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ 100 ХОНОГИЙН ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД УУЛ УУРХАЙН ЯАМНААС ДООРХИ АЖЛУУДЫГ ГҮЙЦЭТГЭЖ БАЙНА-

Хөрш орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг идэвхжүүлэх ажлын хүрээнд

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 74 дүгээр тогтоолоор БНХАУ-ын Синопек корпорацитай хамтран нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх төслийн нэгжийг Уул уурхайн сайдын 2014 оны 57 дугаар тушаалаар төслийн нэгжийг яамны дэргэд байгуулж, төслийн захирал болон дэд захирлыг томилсон.

2014 оны 5 дугаар сарын 22, 23-ны өдрүүдэд ОХУ-ын Санкт-Петербург хотноо зохион байгуулагдсан олон улсын эдийн засгийн чуулганд Ерөнхий сайд Н.Алтанхуяг оролцох үеэр Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Газрын тосны газар болон ОХУ-ын Газрын тосны “Роснефть” ХК-ийн хооронд “Түлш-эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай протокол”-д гарын үсэг зурсан. Роснефть компанийн зүгээс өнөөгийн нөхцөл байдалд дүгнэлт хийж, газрын тосны бүтээгдэхүүний чанар болон үнийн хувьд бусад нийлүүлэгчтэй харьцуулахад өрсөлдөхүйц санал тавьсан бөгөөд энэ нь Сингапурын биржийн үнэ дээр тулгуурласан санал байв.

Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах зорилтын хүрээнд

Дэд хөтөлбөрийг хэрэгжүүлэгч 13 компанид хөтөлбөрт оролцогч банкуудаар дамжуулан 3.8 хувийн хүүтэй, 3 хүртэл жилийн хугацаатай 222.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос 2014 оны 6 дугаар сарын 1-ний өдрийн байдлаар олгосон нийт санхүүжилтийн үлдэгдэл 177.5 тэрбум төгрөг байна. Уг нөхцөлөөр санхүүжилт олгосноор газрын тосны бүтээгдэхүүний өртгийг литр тутамд 27 төгрөгөөр бууруулсан байна.

Валютын ханшийн эрсдлийг бууруулах зорилгоор 2-6 сарын хугацаатай форвард хэлцлийг хөтөлбөрт оролцогч банкуудаар дамжуулан шатахууны жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй хийж байгаа бөгөөд хөтөлбөр эхэлснээс хойш нийт 892.4 сая ам.долларын форвард хэлцлийн төлбөр тооцоо хийгдээд байна.

Засгийн газрын 2012 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 126 дугаар тогтоолоор газрын тосны бүтээгдэхүүний улсын болон компанийн нөөц тус бүр 30 хоног нийт 60 хоног болгон нэмэгдүүлэх шийдвэр гарсан. Тус тогтоолын үр дүнд компаниудын газрын тосны бүтээгдэхүүний нөөц дэд хөтөлбөр эхэлсэн үетэй харьцуулахад 3.1 дахин нэмэгдэж, богино хугацааны шатахууны хомсдолд орох эрсдэл буураад байна.

“Роснефть” ХХК-аас авах импортын хувийн жинг 2-3 дахин бууруулж 30%-д хүргээд байна.

Шатахууны нийлүүлэлтийн хараат байдлыг бууруулах, гэрээний үнийг олон улсын биржийн үнэтэй нийцүүлэх зорилгоор дараах ажлуудыг авч хэрэгжүүлсэн ба үүний үр дүнд 2012 онд 92% байсан нийт импортод эзлэх ОХУ-ын хувийн жин дэд хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд 77% болж 15 нэгж хувиар буурсан. Түүнчлэн “Роснефть” ХХК-аас авах импортын хувийн жинг 2-3 дахин бууруулж 30%-д хүргээд байна. Мөн а/ гадаад үнийг газрын тосны олон улсын биржийн үнэд суурилан тооцдог болсон, б/ шатахуун импортлогч компаниудын эргэлтийн хөрөнгийн дутагдал, валютын ханшийн өөрчлөлтөөс шалтгаалан үнэ өсөх эрсдлийг бууруулсан, в/ Хөтөлбөр эхлэхээс өмнө /2010-2012 он/ шатахууны жижиглэнгийн үнэ дунджаар 100-200 төгрөгөөр нэмэгдэж байсан. 2012 оны 8 сараас 2014 он хүртэлх хугацаанд буюу Шатахууны жижиглэнгийн худалдааны үнийг тогтворжуулах дэд хөтөлбөр хэрэгжсэн хугацаанд валютын ханш дунджаар 400 төгрөгөөр өссөн ч дэд хөтөлбөрийг хэрэгжүүлсний үр дүнд шатахууны жижиглэнгийн үнэ 50 төгрөгөөр буурч, 40-50 төгрөгөөр өссөн буюу зөрүү 10 төгрөгөөр буурсан.

 “Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль”-ийн төслийн талаар

“Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хууль”-ийн төслийг УИХ-д өргөн барьсан. Төрөөс тогтоосон газар, нутагт хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох журмын төслийг Засгийн газрын хуралдаанд оруулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна.

Энэхүү төслийг боловсруулахдаа баялгийн эзэн болсон ард түмний эрх ашгийг дээдэлсний зэрэгцээ 2006 оны буюу одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн үндсэн зарчмыг хөндөхгүй, мөн хөрөнгө оруулагчийн үйл ажиллагаа явуулах эрхэнд халдахгүй байх зарчмыг баримталсан.

Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого баталсантай холбогдуулан Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах болон ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг сэргээхтэй холбогдох хуулийн төслийг уул уурхайн салбарын эрх зүйн орчныг тогтвортой болгох, хайгуул, олборлолтын үйл ажиллагаанд төрийн оролцоог зохистой түвшинд байлгах, эрдэс баялгийн бодлогын зөвлөлийг байгуулах, ашигт малтмалын хайгуулын ажлыг сэргээх чиглэлээр боловсруулж, өргөн мэдүүлэхээр ажиллаж байна.

Хууль батлагдсанаар Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогын баримт бичигт тусгагдсан геологи, уул уурхайн салбарын зорилтууд хэрэгжих эрх зүйн үндэс бүрдэж, улмаар улс орны нийгэм, эдийн засагт эерэг нөлөө үзүүлнэ гэж найдаж байна.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцүүлж байна.

Өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа Газрын тосны тухай хууль нь 1991 онд батлагдсан.

Засгийн газраас Газрыг тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг УИХ-д дахин өргөн барьж, анхны хэлэлцүүлгийг хийж дэмжлэг авсан. Одоо УИХ-ын Эдийн засгийн байнгын хороогоор хэлэлцүүлж байна.

Газрын тосны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл батлагдсанаар дараахь үр дүн гарна гэж үзэж байна.

Yүнд:

- Газрын тосны салбарт төрийн байгууллагын эрх үүрэг тодорхой болж, газрын тос ашигласаны төлбөр (роялти)- болон тусгай зөвшөөрлийн төлбөрийн хувь хэмжээ, түүнийг ногдуулах, хөнгөлөх, чөлөөлөх болон тусгай зөвшөөрөл олгох, түдгэлзүүлэх, хүчингүй болгох, газрын тос эрэх, хайх, ашиглах үйл ажиллагаанд хяналт тавихтай холбоотой харилцаа боловсронгуй болно.

- Газрын тосны ордын ашиглалт явуулж буй аж ахуйн нэгжүүдийн харилцаа ил тод, ойлгомжтой, тодорхой болж бусад хуультай зөрчилдсөн зөрчлүүд арилна.

- Газрын тос, уламжлалт бус газрын тос эрэх, хайх, ашиглах тусгай зөвшөөрлийн ялгаа тодорхой болж, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тогтолцоо иж бүрэн хэрэгжих нөхцөл бүрдэнэ.

- Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж бүтээгдэхүүн хуваах гэрээ байгуулах үед мөрдөгдөж байсан татварын нөхцлийг хадгалсанаар хөрөнгө оруулалтын эрх зүйн таатай орчин бүрдэнэ.

- Ашигт малтмал, газрын тосны тусгай зөвшөөрлөөр олгогдсон талбай давхцах тохиолдолд үүсч болох асуудлыг шийдвэрлэх эрх зүйн орчин бүрдэнэ.

- Монгол Улсад баригдах газрын тосны боловсруулах үйлдвэрийн түүхий эдийг дотоодоос хангах, улмаар газрын тосны бүтээгдэхүүний импортын хараат байдлаас гарах, экспорт нэмэгдэх, гадаад валютын нөөц өсөх, ажлын байр нэмэгдэх зэрэг нийгэм, эдийн засгийн эерэг үр дагаварыг бий болгоно.

- Уламжлалт бус газрын тосны эрх зүйн орчин тодорхой болно.

- Газрын тос болон уламжлалт бус газрын тосны хөрөнгө оруулалт болон бизнесийн орчны өрсөлдөх чадвар нь олон улсын дундаж түвшнээс дээгүүр хэвээр хадгалагдана.

- Гэрээлэгч ашиглалтын үед орон нутагтай байгуулах хамтын ажиллагааны гэрээнд заасны дагуу өөрт ногдох газрын тос, уламжлалт бус газрын тосны орлогоос орон нутаг хөгжүүлэх санд төвлөрүүлж болно. Энэ хоёр хууль батлагдсанаар 3-4 тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэх төлөвтэй байна.

Өрсөлдөх чадварыг сайжруулах, дэд бүтцийг бэхжүүлэх зорилтын хүрээнд

Нүүрсний экспортыг нэмэгдүүлэх цогц арга хэмжээ авах, “Тавантолгой”-н ордод гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдын оролцоог хангах зарчмаар ашигт ажиллагааг нэмэгдүүлэх, гадаад зах зээлд өрсөлдөх чадварыг сайжруулах зорилгоор дараах ажлуудыг хийж гүйцэтгээд байна. Үүнд:

- Засгийн газрын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдөр хуралдаанд Гадаад зах зээлд борлуулж буй нүүрснээс АМНАТ-ийг гэрээний үнээр тооцож авах тухай журмын төслийг батлуулсан.

- Эрдэнэс Таван Толгой ХК-ийн мэдэлд Энержи ресурс ХХК-ийн Тавантолгой ордоос Гашуунсухайт боомт хүртэл авто замыг төрд шилжүүлсэн.

- Боомтын төмөр замын ажлыг эрчимжүүлэх үүднээс 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн Засгийн газрын хуралдаанаар “Гашуунсухайтын төмөр зам” ХХК-ийг байгуулах шийдвэр гаргасан. Засгийн газрын тогтоолыг хэрэгжүүлэх үүднээс 2014 оны 4 сарын 7-ны өдөр “Гашуунсухайтын төмөр зам” хамтарсан компани байгуулагдсан.

- 2014 оны 1 сарын 18-ны өдрийн Засгийн газрын хуралдаанд Шивээхүрэн боомтод боомтын төмөр зам хүртэлх тээврийн асуудлыг танилцуулсан бөгөөд 2014 оны 2 дугаар сард Ерөнхий сайдын захирамжаар Шивээхүрэн боомтод боомтын төмөр зам хүртэл тээврийн асуудлыг судлах ажлын хэсэг байгуулагдан ажиллаж байгаа.

Төмөр зам болон тээврийн өртөг багатай тээврийн технологийг нэвтрүүлсэнээр тээвэрлэх хүчин чадал нэмэгдэхийн зэрэгцээ тээвэрлэлтийн зардал буурч манай нүүрсний экспортын өрсөлдөх чадвар эрс дээшлэх юм.

Алтны олборлолтыг дэмжих талаар

Алтны худалдаанд ил тод байдлыг бүрдүүлэх зорилготой АМТ хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн талаар зарим улс төрчид улс төржүүлж ташаа зүйл ярьж байгаагаас нийгэмд буруу ойлголт төрөх хандлага гарч байгаа юм.

Энэ хууль нь хоёр үндсэн зорилготой. Монгол банкинд олборлосон алтаа зах зээлийн ханшаар худалдвал 2.5 хувийн нөөц ашигласны төлбөр "роялти гэх" төлнө, худалдахгүй экспортолсон тохиолдолд хуучин төлж байсан суурь 5 хувийн роялтигаа төлөөд явна.

Энэ төлбөрөөс гадна компаниуд төлдөг ААНОТ, НЕАТ болон бусад татвар хураамжийг төлдөгөөрөө төлнө.

Алт гэдэг "Эрдэнэс"-ийг өнгөрсөн зуунд ч энэ зуунд ч бүх татвараар төсвийн орлогыг нэмэгдүүлэх гэхээсээ илүүтэйгээр үндэсний валютаараа худалдан авч гадаад валютийн нөөцөө шууд нэмэгдүүлж, валютын ханшны тогтвортой байдлыг хадгалж эдийн засгийн дархлаа, баталгааг сайжруулсаар ирсэн юм.

Энэ зорилтын хүрээнд хуулийн төслийг өнгөрсөн оны сүүлчээр батлуулсан.

Өнөөгийн байдлаар Монгол банкинд тушаасан алтны хэмжээ өмнөх оны мөн үетэй харьцуулахад дахин нэмэгдсэн байна. Одоо яг уул уурхай, бүтээн байгуулалтын улирал эхлэж байна.

Энэ онд хуулийн хурээнд 30 гаруй тонн алт олборлох зорилго тавин ажиллаж байна.

Энэ онд хуулийн хурээнд 30 гаруй тонн алт олборлох зорилго тавин ажиллаж байна.

Ингэснээр Монгол банкны гадаад валютын нөөц 1 орчим тэрбум ам.доллараар нэмэгдэх болно. Энэ хууль ямар нэг компанид зориулагдсан хууль биш юм. Оюутолгой компанийн алт нь зэсийн баяжмал дотроо экспортлогддог, иймд алтаа Монгол банкинд худалдах боломжгүй бөгөөд, гэрээнд заасны дагуу 5 хувийн роялтийг төлөх юм. Манай улсын алтнаас роялтигийн хувь, хэмжээ хоёр хөрш болон бусад орноос харьцангуй өндөр байдгаас

жилд тодорхой хэмжээний алт хууль бусаар гадагш гардаг гэсэн хууль хяналтын байгууллагын мэдээлэл байдаг ба мөнгөн дүнгээр тооцвол 150-200 сая ам.долларт хүрэх юм. 2005 онд 24 тонн алт олборлож байсан бол 2012 онд 4-5 тонн болтлоо буурчээ. Алтны роялтиг бууруулснаар улсын төсөвд орох орлого жилд 40 орчим сая ам.доллараар буурах боловч, алтны худалдаа ил болсноор 110-160 орчим сая ам.долларын орлого нэмэгдэх юм. 

Энэ хууль гарснаар Монголын алт Монголдоо үлдэж, түүнчлэн гадаад валютын нөөцийг нэмэгдэж, валютын ханш тогтворжсоноор Монголчуудын амьжиргааны түвшин тогтвортой өсөх боломж бүрдэх болно.

Алтны салбарыг ил тод нээлттэй болгох, олборлолтыг нэмэгдүүлэх, эдийн засгийн өгөөжийг нэмэгдүүлэх, валютын орлогыг өсгөх зорилгоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-аар батлууллаа. Хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Засгийн газрын 2014 оны 25 дугаар тогтоолд алтны олборлолтын хэмжээг 1 сая унцид хүргэхээр тусгуулж хэрэгжилтийг хангаж байна.

Алтны олборлолтыг дэмжих зорилгоор Уул уурхайн сайд, Эдийн засгийн хөгжлийн сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн хамтарсан тушаалаар Ажлын хэсгийг байгуулж “Алтны салбарын санхүүжилтийг дэмжих хөтөлбөр”-ийг боловсруулан батлуулсан. Тус хөтөлбөрт хамрагдахаар “Алт үйлдвэрлэгчдийн холбоо”-ны гишүүн 35 компани хүсэлт ирүүлсэн байна. Эдгээр компаниуд “Санхүүжилтийн хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх арилжааны банкуудын тавьсан Уулын ажлын төлөвлөгөөг батлуулсан байх, төсөл хэрэгжүүлэх хангалттай нөөцтэй байх зэрэг шаардлагуудыг хангасан байх ёстой.

 Алтны олборлолтыг хийж байгаа компаниудад хөнгөлөлттэй зээл олгох 2 үе шаттай энэхүү хөтөлбөрийн эхний шатанд зээл авах боломжит алтны төслүүдийг АМГ-тай хамтран тодорхойлж, зарим ТЭЗҮ-ийг хүлээн авах, Уулын ажлын төлөвлөгөөг батлах зэрэг УУЯ-наас хамаарах ажлыг бүрэн хийж гүйцэтгэснээр хөтөлбөрт хамрагдсан аж ахуйн нэгжүүд Голомт болон Худалдаа хөгжлийн зэрэг банкнаас хөнгөлөлттэй зээл авахад бэлэн боллоо. Ингэснээр 2014 онд эргэлтийн хөрөнгийн санхүүжилтээр 200 тэрбум төгрөг олгох боломжтой. Зээлийг арилжааны банк, компани хоёр банкны зээлийн журмаар зохион байгуулж байгаа болно.

“Ашигт малтмалын тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш энэ салбарын үйл ажиллагаа сэргэсэн. Алтны олборлолтыг нэмэгдүүлэхэд орон нутгийн захиргааны байгууллагын зүгээс гарч болзошгүй хүндрэлийг арилгах зорилгоор Алт үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран Төв, Сэлэнгэ зэрэг алтны олборлолт түгээмэл байдаг аймгуудад Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 25 дугаар тогтоол болон санхүүжилтийн хөтөлбөрийн талаар танилцуулга хийж харилцан ойлголцлыг гүнзгийрүүлж байна.

Уламжлалт бус газрын тос, тос, нүүрс шингэрүүлэх хөтөлбөрийн хэрэгжилтэд бодлогын дэмжлэг үзүүлэх талаар

Үйлдвэр хөдөө аж ахуйн яаман дээр нүүрс шингэрүүлэх CTL төслийн нэгж 2013 онд байгуулагдсан бөгөөд улмаар Төрийн өмч давамгайлсан компани болон ажиллаж байна. Мөн нүүрс шингэрүүлэх төсөл хэрэгжүүлэхээр Багануур Энержи Корпорэшн ХХК, CTL Mongolia ХХК, "МАК CTL" ХХК, Цэцэнс Майнинг ХХК зэрэг 4 компани ажиллаж байна. Эрдэс баялагийн мэргэжлийн зөвлөлийн хуралд “Багануур Энержи Корпорэшн” ХХК, "МАК CTL" ХХК зэрэг компаниуд "Нүүрс шингэрүүлэх төсөл"-ийн ТЭЗҮ-ийг танилцуулж хэлэлцүүлсэн бөгөөд УУЯ-наас “Багануур Энержи Корпорэшн” ХХК, "МАК CTL" ХХК-ид "Газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх" тусгай зөвшөөрөл олгоод байна.

“Жени ойл шейл Монголиа” ХХК-тай 5 жилийн хугацаатай шатдаг занарын чиглэлээр суурь судалгаа хийх гэрээг 2013 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр байгуулсан.

2012 онд Эрдэс баялаг, эрчим хүчний яам (хуучнаар)-тай байгуулсан Судалгааны гэрээний дагуу судалгааны 250 тууш метр, 450 тууш метр, 701 тууш метрийн гүнтэй 3 цооног өрөмдсөн.

Газрын тосны газартай гэрээ байгуулсны дараа 2013 онд тус компани Төв, Булган, Дундговь аймгуудын 16 сумдын нутаг дэвсгэрт шатдаг занарын судалгааны гэрээг хэрэгжүүлж байгаа бөгөөд 5000 км2 талбайд 1:50000 масштабтай геологийн зураглалын ажил, 1674 цэгт хүндийн хүчний судалгааны ажил хийсэн.

508 тууш метр ба 552 тууш метрийн гүнтэй 2 цооног өрөмдөн дээж авч шинжлүүлсэн байна.

Шинжилгээний дүнд гэрээт талбайн шатдаг занар нь 12-23 хувийн органик нүүрстөрөгчийн агуулгатай, хүхэр болон чийгийн хэмжээ бага, керогеноос тос үүсэх гарц өндөр тул цаашид судалгааны ажлыг үргэлжлүүлэн хийх шаардлагатай гэж дүгнээд байна. Нийтдээ 868,604 ам.доллар зарцуулсан бол “Жени ойл шейл монголиа” ХХК нь 2014 оны гэрээт жилд 1,146,590 ам.долларын нийт өртөг бүхий судалгааны ажлуудыг хийж гүйцэтгэхээр төлөвлөсөн байна.

-СУРГАЛТЫН СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА-

Засгийн Газрын 2013 оны 291 дүгээр тогтоолоор баталсан “Монгол Улсын засгийн газраас гэрээлэгч компаниудтай байгуулсан “Бүтээгдэхүүн хуваах гэрээ”-ний дагуу газрын тосны хайгуул олборлолтын ажил гүйцэтгэж буй гадаад, дотоодын компаниудаас олгодог сургалтын урамшууллын хөрөнгөөр суралцах иргэдийг сонгон шалгаруулах, хөрөнгийг зарцуулах журам”-ын дагуу гадаадын их дээд сургуульд тэтгэлэгтэй суралцуулах уралдаант сонгон шалгаруулалтыг Уул уурхайн яам, Боловсрол шинжлэх ухааны яам, Газрын тосны газар хамтран жил бүр зохион байгуулдаг.

Яамдын сайдын хамтарсан тушаалаар батлагдсан комисс 2014 оны 6 дугаар сарын 18-21 өдрүүдэд гадаадад уул уурхай, газрын тосны чиглэлээр бакалаврын зэргийн мэргэжил эзэмшүүлэн, тэтгэлэгтэй суралцуулах сургалтын сонгон шалгаруулалтыг амжилттай зохион байгууллаа.

-ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЖИЛТНУУД ТАМСАГИЙН САВ ГАЗРЫН БАЙДАЛТАЙ ТАНИЛЦЛАА-

2014 оны 6 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд хэвлэл мэдээллийн байгууллагын 32 сэтгүүлч Тамсагийн сав газрын газрын тосны олборлолт ашиглалтын байдал, байгаль орчин, түүний нөхөн сэргээлтийн байдалтай танилцав.

Тэд Чойбалсан хотод зохион байгуулагдсан Газрын тосны олборлолт, ашиглалт, хайгуулын үйл ажиллагаа явуулж буй компаниуд, орон нутгийн удирдлагууд, иргэд оролцсон уулзалтыг сурвалжлав. Түүнчлэн Дорнод аймаг дахь Политехникийн коллежийн үйл ажиллагаа, Газрын тосны газрын зүгээс орон нутгийн залуусыг энэ салбарт мэргэшүүлж ажлын байраар хангахад анхаарч, оператор, нефть химийн бүтээгдэхүүний машин тоног төхөөрөмжийн III-IV зэргийн ажилчин бэлтгэж байгаатай танилцлаа.

Петрочайна Дачин Тамсаг Монгол компаний зүгээс ажилчдын цалингийн ялгаатай байдлыг арилган монгол ажилчдын цалинг 100-120 ам.доллараар нэмж ажилчид 370-1200 орчим ам.долларын цалин авч байгааг мэдээллээ.

Газрын тосны салбарын өнөөгийн байдал, цаашдын хэтийн төлөв, Тамсагийн сав газрын газрын тосны ашиглалт олборлолтын талаар болон байгаль орчны нөхөн сэргээлтийн байдлын танилцуулгыг хэвлэл мэдээллийнхэнд өглөө.

-888 ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ХИЙГДЭЖ БУЙ АЖЛУУД-

Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 4 дүгээр сарын 4-ний өдрийн хуралдаанаар “Экспортыг дэмжих, импортыг орлох төслүүдийн тухай” хэлэлцээд Эдийн засаг хөгжлийн яам, Хөгжлийн банк, салбарын яамд хамтран төслүүдийг салбарын холбоод, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан холбогдох яамд дээр нээлттэй хэлэлцүүлэг зохион байгуулж хэлэлцүүлэхээр тогтсон. Үүний дагуу уул уурхайн салбарт хэрэгжүүлэхээр боловсруулсан экспортыг дэмжих, импортыг орлох төслүүдийн 3 удаагийн нээлттэй хэлэлцүүлгийг зохион байгуулав.

Хэлэлцүүлэгт Уул уурхайн салбарт Чингис бондын хөрөнгөөр хэрэгжүүлэхээр санал болгож буй төслүүдийг төсөл санаачлагч компаниуд танилцуулж, Хөгжлийн банк, ЭЗХЯ, Монголын уул уурхайн үндэсний ассоциаци, ШУТИС-ийн Геологи газрын тосны сургууль, Уул уурхайн сургууль, Уул уурхайн хүрээлэн, Монголын Үйлдвэрлэлийн геологичдын холбоо, Монголын химич, химийн инженерүүдийн нэгдсэн холбоо, “Ган нэгдэл”, Монголын металлургичдын холбоо, Газрын тосны хайгуул олборлолтын ассоциаци, Монгол нүүрс ассоциаци, Олборлох үйлдвэрлэлийн ил тод байдлын санаачлага, Геологийн төв лабораториин төлөөллүүд оролцов.

Ажлын хэсгийн 4 дэх хуралдаанаар төслүүдийг 4 ангилан, ажлын хэсгийн гишүүд болон дээрх байгууллагуудын төлөөлөл бүхий 4 дэд ажлын хэсэгт хугацаатай үүрэг өгч, нийт 48 төслийг бодлогын ач холбогдлоор нь эрэмбэлэн нэгтгэж Хөгжлийн банкинд хүргүүлээд байна.

-НҮҮРСНЭЭС СИНТЕТИК БАЙГАЛИЙН ХИЙ ҮЙЛДВЭРЛЭХ ТӨСЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ТАЛААР-

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуягийн 2013 оны 10 дугаар сард БНХАУ-д хийсэн албан ёсны айлчлалын үеэр УУЯ, Хятадын Газрын тос-химийн корпораци “SINOPEC”-ийн хооронд Монголын хүрэн нүүрсний ордыг түшиглэн шатах хийн үйлдвэр байгуулж, уг үйлдвэрийн бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээг хангах, улмаар Хятадын зах зээлд борлуулах зорилго бүхий Харилцан ойлголцлын санамж бичиг байгуулсан.

Энэхүү үйлдвэр нь эхний ээлжинд жилд 30 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалтаар 15-16 тэрбум шоо дөрвөлжин метр хэмжээний шатах хий үйлдвэрлэх хүчин чадалтай байхаар урьдчилсан байдлаар төсөөлөгдөж байгаа. Энэ хэмжээний шатах хий үйлдвэрлэхэд жилдээ 50-80 орчим сая тонн хүрэн нүүрс ашиглагдана. Монгол улс хүрэн нүүрсний арвин их нөөцтэй бөгөөд түүнийг ийнхүү гүн боловсруулан ашигласнаар байгаль орчинд ээлтэй эрчим хүчний эх үүсвэрийг бий болгох, экспортын орлогыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ химийн болон шатахууны үйлдвэрийн үндэс суурийг тавихад чухал ач холбогдолтой болно гэж үзэж байгаа.

Нүүрс хийжүүлэх технологи нэвтрүүлэх төслийг хэрэгжүүлэх ажлын бэлтгэлийг хангах үүрэг бүхий Төслийн нэгжийг Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 74 дүгээр тогтоолын дагуу УУ-ны сайдын тушаалаар тус яамны дэргэд байгуулан ажиллаж байна.

Төслийн нэгж Синопек корпорацитай хамтран хэрэгжүүлэх синтетик хийн үйлдвэр болон хий, ус дамжуулах дэд бүтцийн урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, Засгийн газар хоорондын гэрээний нөхцлийг тохироход шаардлагатай судалгаа, тооцоог холбогдох төр засгийн болон бусад мэргэжлийн байгууллагуудтай хамтран чанартай гүйцэтгэх, санал боловсруулах ажлыг гүйцэтгэж байна.

-УУЛ УУРХАЙН САЛБАРЫН СТАТИСТИК МЭДЭЭЛЭЛ-

2014 оны 5 дугаар сарын байдлаар зэсийн баяжмалын үйлдвэрлэл 397.1 мян.тн., молибденийн үйлдвэрлэл 1.5 мян.тн. байна. Алт 2.0 тн., нүүрс 10.0 сая тн., жонш 116.2 мян.тн., төмрийн хүдэр 1.8 сая тонныг тус тус олборложээ. Түүнчлэн, газрын тосны үйлдвэрлэл 2,736 мян. баррель байна.

2014 оны 5 сарын өссөн дүнгээр 7.3 сая тонн нүүрс экспортлоод байгаа бол зэсийн баяжмал 433.8 мян.тн., молибдений баяжмал 1.6 мян. тн., нүүрс 7.3 сая тн., алт 2.5 тн., жонш 113.7 мян.тн., төмрийн хүдэр 1.9 сая тн., цайр 36.0 мян.тн., газрын тос 2,609.7 мян. баррелийг тус тус экспортлоод байна. Өнгөрсөн оны 5 сарын экспортын өссөн дүнтэй харьцуулвал зэсийн баяжмал 87.2 хувиар, нүүрс 15.3 хувиар, жонш 5.7 хувиар, газрын тос 45.9 хувиар тус тус өссөн байна.

-УУЛ УУРХАЙН САЙДЫН БАГЦЫН ОРЛОГЫН ГҮЙЦЭТГЭЛ-

Уул уурхайн сайдын багцын орлогын гүйцэтгэлийг авч үзвэл Ашигт малтмалын газар нийт 17.2 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрлийн төлбөр 15.6 тэрбум төгрөг, улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийсэн ордын нөхөн төлбөр 777.6 сая төгрөг, бусад орлого 773.4 сая төгрөг байна. Газрын тосны газар нийт 82.5 тэрбум төгрөг улсын төсөвт төвлөрүүлсэн. Үүнээс Газрын тосны орлого 81.9 тэрбум төгрөг, бусад орлого 549.3 сая төгрөг байна.

-ШАТАХУУНЫ 36 ХОНОГИЙН НӨӨЦТЭЙ БАЙНА-

2014 оны 6 дугаар сарын 24-ны байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 36 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 41, Аи-92 автобензин 43, дизелийн түлш 33, ТС-1 27 хоногийн нөөцтэй байна.

-УЛСЫН ХЭМЖЭЭНД НИЙТ 2813 ТУСГАЙ ЗӨВШӨӨРӨЛ БАЙНА-

Улсын хэмжээнд 2014 оны 6 дугаар сарын 24-ны байдлаар нийт 2813 тусгай зөвшөөрөл байна. Үүнээс ашиглалтын 1336 тусгай зөвшөөрөл, хайгуулын 1477 тусгай зөвшөөрөл байна. Энэ нь Монгол Улсын нийт нутаг дэвсгэрийн 7.8 хувийг эзэлж байна.