Нийтийн эзэмшлийн талбайд газар олгоогүй гэв
Аюулгүй байдал, гадаад бодлогын болон Хууль зүйн байнгын хорооноос Сууц өмчлөгчдийн холбоо (СӨХ) тойрсон маргаан, нийтийн эзэмшлийн талбайд газар олголт явуулж байгаа асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан билээ. Ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу, ажлын хэсгийн гишүүн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр нар өчигдөр Нийслэлийн газрын алба, Сууц өмчлөгчдийн холбооны дээд зөвлөл, зарим иргэдээс мэдээлэл сонсов.
Хүмүүсийн хамгийн сайн мэддэг юм шиг хэрнээ мэддэггүй зүйл бол СӨХ тойрсон хуйвалдаан гэж иргэдийн төлөөлөгчид хэлж байв. Учир нь, жил бүр дээд зөвлөл СӨХ-нуудаас 250-300 мянган төгрөг татвар нэрийн дор татдаг байна. Улсын төсвөөс орон сууцны засвар үйлчилгээнд зориулж хуваарилж өгдөг мөнгийг захиран зарцуулдаг гэлээ. Энэ бол иргэдийн зүгээс Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлтэй холбоотой гаргасан гомдол. УИХ-ын ажлын хэсэгт үүнтэй адилхан маш олон гомдол ирсэн гэдгийг Ш.Сайхансамбуу гишүүн хурлын үед онцолж байлаа.
Харин СӨХ-ныхон өөрсдөө дур мэдэн газар "худалддаг" гэсэн мэдээллийг Нийслэлийн газрын албаны орлогч дарга Буяндэлгэр хэлсэн юм. Улаанбаатар хотод 403 СӨХ байдаг гэнэ. Тэднээс 285 нь одоогоор нийтийн эзэмшлийн талбайгаа баталгаажуулж авахаар хотын захиргаанд хандаад байгаа ажээ. Одоогоор 267 СӨХ-ны хүсэлтийн дагуу газрыг нь баталгаажуулах ажлыг Нийслэлийн Засаг даргын Тамгын газар хийгээд байгаа юм байна. Эдгээрээс иргэд, аж ахуйн нэгжид олгогдчихсон 50 rapуй газрын зөвшөөрлийг л өнгөрсөн онд цуцалсан байна. Нийтийн эзэмшлийн талбайд нэмж газар олголт явуулаагүй гэдгийг Буяндэлгэр хэлсэн юм. Харин СӨХ-нууд өөрсдөө баталгаажуулж авсан газартаа дур мэдэн автомашины граж барих, эсвэл барилгын компаниудад өгөх, газар доорхи граж барих зэргээр хууль зөрчдөг байна. Үүнийг л шийдвэрлэж өгөхийг Нийслэлийн газрын албаны орлогч дарга УИХ-ын ажлын хэсгээс хүсч байв.
Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлийн ерөнхийлөгч Б.Жигжид иргэдийнхээ арай зөрүүтэй мэдээллийг өгч байлаа. Тэрээр гишүүн СӨХ-нуудаас жилдээ 60-120 мянган төгрөгийн л татвар авдаг гэв. Мөн улсын төсвөөс хийгдэх засвар үйлчилгээний зураг төслийг үнэ төлбөргүй СӨХ-нуудад боловсруулж өгдөг гэв. Жилдээ 2.5-2.6 тэрбум төгрөгийг орон сууцны засварт хуваарилдаг гэхээр багагүй хэмжээний мөнгө СӨХ-нуудаар дамждаг гэсэн үг. Хэрэв төсвийг нь зохиож егөхгүй бол дурын үнээр бараа, ажил үилчилгээ худалдан авдаг хэмээн Б.Жигжид онцолсон юм. Гол нь Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, Нийтийн зориулалттай дундын өмчлөлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага байгааг хэлсэн. Өмнө нь гурван ч удаа өөрчлөлт оруулж байсан хуульд дахин "гар хүрэх" шалтгааныг тэрээр орон сууцыг цогцолбороор барих болсонтой холбоотой гэнэ. Өөрөөр хэлбэл, орон сууцны цогцолбор хороолол барьсан барилгын компаниуд хүүхдийн тоглоомын талбай, автомашины граж зэрэг ашиглаж болох бүх зүйлсийг орон сууцныхаа үнэд оруулж зардаг болсон байна. Харин эргээд энэ талбайгаа өөрсдийн хүслээр ашиглаж буй нь хууль эрх зүйн зохицуулалт дутсаных гэв. Мөн газар олголтын орон сууцны хаалга, цонхыг хааж явуулж байгааг өөрчлөх шаардлагатай байгааг УИХ-ын ажлын хэсэг уламжилж байлаа.
Хуралдаан дээр хөндөгдсөн бас нэгэн асуудал нь иргэдийн амьд явах эрхтэй холбоотой мэдээлэл. Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүн амьдрахыг хориглосон 30 гаруй орон сууц Улаанбаатарт байдаг ажээ. Бүгд хувьчлагдсан болохоор sacsap, үйлчилгээ мэдээж байхгүйтэй адил. Б.Жигжид гуай хэлж буйгаар гэрийнх нь шал цөмрөөд усанд орж байсан эмэгтэй ваннтайгаа хамт доод айлдаа орсон тохиолдол ч гарсан гэнэ. Цахилгаан шатны хувьд бүр асуудалтай. Монгол Улсын хэмжээнд 1300 орчим цахилгаан шат байдаг гэнэ. Гэтэл тэдгээрээс 900 нь Оросын, үйлдвэрлэхээ больчихсон эд ажээ. Ашиглалтын хугацаа нь дуусчихсан эдгээр цахилгаан шат хүний аминд хүрч болзошгүй байгааг тэрээр сануулж байлаа.Харин нийслэлийн Газрын албаны орлогч дарга Буяндэлгэр ашиглалтын хугацаа нь дууссан орон сууцнуудын газарт шинэ орон сууц барьж оршин суугчдыг нь оруулах гурвалсан гэрээ байгуулж эдэлснээ энэ үеэр мэдэгдэж байлаа.
Ажлын хэсгийн зүгээс эдгээр мэдээлэлтэй холбогдуулан дүгнэлт гарган Байнгын хороодод танилцуулахын зэрэгцээ, газрын маргаантай асуудлыг явж танилцахаар боллоо. Мөн Сууц өмчлөгчдийн дээд зөвлөлийг ээлжит бус их хурлаа хийж иргэдээс гарсан гомдлыг хэлэлцэхийг үүрэг болгосон юм.