Мэндчилгээ
Монголын Ардчилсан Холбооны дарга Х.Баттулга
2014.07.10

Мэндчилгээ

1990 оны цагаан морин жилийн босгон дээр нэг намын тогтолцоот Монголын нийгмийг үндсээр нь өөрчлөх гэж дүн өвлийн хүйтэнд тэмцэж, анхны улс төр, олон нийтийн Монголын Ардчилсан Холбоо гэдэг байгууллага байгуулан тэмцэж явсан тэр цагаас хойш яг 25 жил өнгөрч байгаа энэ үед Тулгар төрийн 2223, Их Монгол Улсын 808, Ардын хувьсгалын 93 жилийн ой Үндэсний их баяр наадам тохиож байна.

Өнөөдөр иргэд нь үзэл бодлоо илэрхийлэн үгээ хэлж, жагсч цуглаж, хэвлэн нийтэлж болдог, хүссэн улс орнууд руугаа зорьж аялдаг, өөрийн гэсэн өмч, орон сууц, мал хөрөнгөтэй болохын эхлэлийг тавьж халуун хүйтнээс шантралгүй, эрх баригчид, нам улс төрийн хүчнээс айлгүй тэмцэж ирсэн Монголын Ардчилсан холбооны үе үеийн зүтгэлтнүүд "партизанууд"-даа их ойн баярын мэндчилгээ дэвшүүлэн сайн сайхан, эрүүл энхийг хүсэн ерөөе.

Тэртээ 25 жилийн өмнө дангаараа дарангуйлж байсан эрх баригч намын албан тушаалтнуудын шийдвэр тушаалаас айлгүй эр зоригоороо тэмцэж монгол оронд хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн нийгмийг авчрахад Монголын Ардчилсан Холбоо чухал үүрэг гүйцэтгэсэн.

Эзэн Чингис хааны байгуулсан Монголын тулгар төрийг өв тэгш тулж үеийн үед залгамжлан авч явахад энэ л монгол газар нутагтаа монгол үндэстэн туургатныг эрх чөлөө, аз жаргалтай амьдруулах зорилготой МоАХ-ны анх байгуулагдаж байх үеийн нь үзэл бодол хэвээрээ, мянга мянган гишүүд дэмжигчдийн нь хүсэл эрмэлзэл хэвээрээ гэдэгт итгэж байна.

Та бүхэн дэлхийд ганцхан Монгол түмний их баяр цэнгэл үндэсний наадмаараа сайхан баярлаж, сайхан наадаарай. Ногоон дэвжээнд барилдах бөхчүүд нь хүчтэй, номин талаар уралдах морьд нь хурдтай, хараа хурцлах сурчид нь мэргэтэй байг.

Монголын ардчилсан холбоо