Б.Гарамгайбаатар: Алдаа оноотой ч гэсэн Оюутолгой, Тавантолгойн гэрээгээ бид хүлээн зөвшөөрөх ёстой
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2014.08.12

Б.Гарамгайбаатар: Алдаа оноотой ч гэсэн Оюутолгой, Тавантолгойн гэрээгээ бид хүлээн зөвшөөрөх ёстой

УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатартай ярилцлаа.

-Таныг тойрогтоо ажиллаж байгаад ирсэн гэж дууллаа. Орон нутгийн иргэдийн амьдрал ахуй хэр байна вэ?

-Их хурлын гишүүд чуулганы завсарлагаанаар орон нутагтаа ажиллаж байна. Тухайн тойргийн иргэдийн амьдрал, эдийн засгийн байдал ямар байгаад өөр өөрсдийн дүгнэлтийг өгч байгаа байх. Миний хувьд Хэнтий аймгийнхаа үйл ажиллагааны талаар өдөр тутам мэдээлэл авч байгаа.

Энэ жил дэлхий дэлэгнэсэн сайхан зун болж буй нь мэдрэгдэж байна. Манай аймгийн Норовлин, Галшар, Бэрх сумын ой болсон. Түүнчлэн Дадал суманд олон улсын Алтаргана наадам боллоо.

Нутгийн иргэдийн зүгээс хийж бүтээсэн ажилд өндөр үнэлэлт өт байгаагаас харахад ямартай ч орон нутгийн ажил муу явагдаж байгаа юм алга. Мэдээж амьдрал эрээн бараантай хойно хүмүүс цаашид сайжруулах, улам эрчтэй ажиллахыг шаардаж байгаа зүйл бий. Иргэдийн хувьд сайн, муу олон талаас нь л ярьцгааж байна.

Орон нутгийн Хөгжлийн сангийн мөнгөний хуваарилалтад  доголдол гарах гарч байгаа тул бүтээн байгуулалтын  ажил  нэлээд удаашрах байдал ажиглагдаад эхэллээ.

Гүйцэтгэгчид ажлаа явуулсан ч санхүүгийн асуудлаас болоод ажил зогсонги байдалд шилжих гээд байна. Тиймээс холбогдох байгууллагаас нь шалтгаалан хийгдэх ажилдаа ханцуй шамлан орчихлоо.
 -Төгрөгийн ханшийн сулрал одоо хэр нь чангарч өгөхгүй байна. Зургаан сараас тогтворжих байх гэсэн валютын ханш ингэж өсөөд байгаа нь Монголбанкны авч хэрэгжүүлж буй ажил буруу байна уу?

-Тэр нь буруу. Үүнээс боллоо гээд хэн нэгэн рүү шууд хандаж яриад байж бас боломгүй. Валютын нөөцийн хомсдлоос болоод валютын ханш өсч байгаа гэдгийг өнөөдөр хүн бүр л мэдэж байна. Их хурал дээр эдийн засагтай холбоотой олон томоохон хууль, эрхзүйн баримт бичгүүдийг батлан гаргасан.

Тэр албан бичгүүд албажин дүрэм журмын дагуу Засгийн газар ажиллаж байгаа гэж бодож байна. Гэхдээ өнөөдөр манай оронд валютын эх үүсвэр үнэхээр хомс байгаа байх. Хөрөнгө оруулалтын нөхцөл байдлаас үүдээд валютын урсгал саарч байгаа энэ үед валютын эрэлт их байгаа нь тодорхой байна.

-Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулчихвал чухам л Монгол банкинд ихээхэн хэмжээний алт тушаагдаж валютын урсгал нэмэгдэнэ гэсэн юу болов?

-Энэ олон саар мэдээллийн дунд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар Монгол банкинд тушаах алтны нөөц нэмэгдэж байна гэсэн сайн мэдээ байгаа шүү. Компаниуд нөөцөнд байсан алтаа Монголбанк болон арилжааны банкуудад тушааж байгаа мэдээлэл ирсэн.

Тиймээс алтны нөөц нэмэгдэж байна гэдэг нь валютын нөөц нэмэгдэж байна гэсэн үг. Гэхдээ эдгээр алтаа валют болгоогүй байж магадгүй. Үүнээс харахад уг хууль үнэхээр хэрэгтэй хууль болжээ гэдэг нь харагдаж байгаа юм. Цаашид ч гэсэн Монгол банкинд тушаагдах алтны хэмжээ нэмэгдэх байх гэсэн хүлээлт байна.

-Алт тушаагдаж байгаа юм бол валютын ханшийн өсөлт зогсох боломж бүрдэж байна. Тийм үү?

-Төв банкны Ерөнхийлөгчийн хэлснээр валютын ханшийн өсөлт зогсох байх гэсэн найдлага бий. Өнөөдөр иргэдийн ярьж буй яриа, хэвлэл мэдээллийн хэрэгслээр валютын хомсдол юунаас болж үүсэв гэдгийг бус валютын ханшийн хөөрөгдлийг их ярьж байгаа.

Валютын ханшийн хөөрөгдлийг их ярих тусам валют олох сэтгэлгээ ихэсч, хүмүүс валют руу нь хэт шуурснаас болж ханшийн тогтворжилт явагдаж чадахгүй байна л даа. Эдийн засаг талаасаа валютын ханшийг нэмэгдүүлэх урсгал зогсчихсон.

Харин дотооддоо юм хийх боломжууд тодорхой хэмжээгээр нэмэгдэж өөрсдөө экспортыг орлох бүтээгдэхүүнийг хийх боломж нээгдсэн. Төгрөгийн ханштай холбоотойгоор ажлууд нэлээд төвөгтэй явж л байна. Сангийн яамны холбогдох албаны хүмүүс аж ахуй нэгжийнхэнтэй уулзахад бүгээн байгуулалтын ажил нэлээд хүнд байгаа. нь анзаарагдсан.

Өнөөдөр төсвийн бүрдүүлэлт тийм ч сайн биш байгаа тул төсвөөр хийгдэх ажлын явц сайн биш байгааг ярьцгаасан юм билээ. Бид бүтээгдэхүүн хийж түүнийгээ борлуулах явцад бүтээгдэхүүнийг худалдаж авах ажил доголдсон тул үүнээс шалтгаалах хүндрэлүүд үүсээд байна.

-Экспортод гарга л даа?

-Өнөөдөр бидний яриад буй экспортын бүтээгдэхүүн гадаад зах зээлийн хүчин зүйлсээс шалтгаалан буурч байгаатай уялдаад нөхөлт хийх валютын урсгал олдохгүй байна. Оюутолгой, Тавантолгойн асуудал өнөөдрийг болтол шийдэгдээгүй л явж байгаа.

-Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын үеэр ямар асуудал шийдэгдэх боломжтой вэ?

-Хоёр орны төрийн тэргүүнүүд манай оронд ач холбогдол өгч дараалан айлчлах гэж байна. Энэ үеэр эдийн засгийн хүндрэлээс гарах гарцыг олсон айлчлал болох байх гэсэн хувийн бодолтой байгаа. Хоёр хөршийн төрийн тэргүүний айлчлалын үеэр томоохон гэрээ хэлцлүүд дээр гарын үсэг зурах байх.

-Өнгөрөгч намрын чуулганаар Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай зэрэг хуулийг баталсан нь эдийн зарагт гэрэл гаргах хууль болсон гэж байсан. Гэсэн ч эдийн засагт төдий л сайн цагийг авч ирсэнгүй?

-Их хурлын зүгээс хийх ёстой ажлаа хийчихсэн. УИХ-аас эдийн засгийг сэргээхэд саад тотгор болж байсан хэд хэдэн хуулийн хэрэгжих боломжийг нээж өгсөн.

Их хурлаас гарсан хуулийг хэрэгжүүлдэг Засгийн газрын харьяа байгууллагууд хуулийг сурталчлах, таниулах, гадна дотны хөрөнгө оруулагчдад ойлгуулах ажлуудаа хийж байгаа гэж бодож байна. Гэхдээ нэгэнт байхгүй болчихсон итгэлийг сэргээнэ гэдэг хүнд л дээ. Тиймээс энэ талын ажил удааширч байж магадгүй.

Хөрөнгө оруулалтын болон Хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль гэх мэт бусад нэмэлт, өөрчлөлт орсон хуулиудыг сайн хууль болсон тухай гадна, дотны хөрөнгө оруулагчид бүгд дуу нэгтэй хүлээн зөвшөөрч байгаа.

Гэсэн ч уг хуулийг хэрэгжүүлэх нь үү, үгүй юу гэдэгт эргэлзсэн хэвээрээ л байна даа. Энэ эргэлзээг арилгах ажлыг Засгийн газар эрчимтэй хийх ёстой. Уг нь Засгийн газар энэ ажлаа хийж байгаа ч санасан хэмжээнд хүрч чадахгүй байна. Хамгийн гол нь алдсан итгэлийг сэргээхэд мэдээж хугацаа хэрэгтэй.

-Хуулийн төслийг манайхан эсэргүүцэх тусам гадныхны эргэлзээ арилахгүй байгаа юм биш үү?

-Хэдийгээр тусгаар тогтносон улс ч хуулийн үзэл баримтлалыг эсэргүүцэх хүмүүс байна. Тэр хүмүүсийн үзэл суртал болгоомжлоход хүргэж байгаа нь үнэн.

Тиймээс бид аль аль талдаа энэ асуудлуудаа эргэн харж зөв зүйтэй хуулийг батлахын тулд сайжруулахад улс төрийн маргаан, байр сууриудаа тодорхой хэмжээнд зааглахгүй бол болохгүй байна гэдэг нь харагдаж байгаа. Энэ бол ганц Гарамгайбаатарын ч үг биш.

Нийт Монгол Улсын иргэдийн, энэ талаар анхаарал хандуулж буй бүх хүмүүсийн санаа бодол үүнд нэгдсэн гэдгийг хэлье. Хэрэв ингэж чадаж гэмээнэ Монгол Улс гадны итгэлийг төрүүлэх боломж бүрдэнэ.

-Монголыг орхисон хүмүүс эргэхэд хэцүү байх л даа?

-Юу юугүй гадныхан Монголыг хаяад явчихсан юм биш шүү дээ. Гадныханд өгч буй бидний мэдээлэл зөв байхгүй бол болохгүй. Манайхан аливаа зүйлийг шүүмжлэх дуртай ард түмэн. Шүүмжлэх амархан шүү дээ.

Гэхдээ өөрсдөө яаж хийх вэ гэдэг гаргалгаагаа гаргаж ирэх ёстой. Үнэхээр зөв гаргалгаа гаргаж ирээд ярьж болно. Улс төрийн намууд үзэл бодлоор уралдана. Ардчилсан нам өнгөрсөн хугацаанд их олон өөрчлөлтийг хийж чадсан. Үүнийг хэн ч хаацайлж, нууж чадахгүй.

-Өөрчлөлт үр дүнтэй болж чадаж байна уу?

-Бидний өөрчлөлтүүд бүгд шулуун дардан замаар явж байна уу гэвэл үгүй байна. Маш их эрсдэлтэй, бартаа саадыг даван туулж урагшилж л байна шүү дээ. Бид гадна талыг шүүмжлэхээс гадна дотор талаа эргэн харах ёстой.

Манайхан дотроо хэл амаа ололцож чадахгүй байна. Гишүүд бид Засгийн газар, Их хурлаа дэмжин ажиллаж чадахгүй байгаа нь нууц биш. Их хурал, Засгийн газраас гарч буй шийдвэрийг хэрэгжүүлдэг дунд шатны байгууллагын ажил удаан, мэргэжлийн боловсон хүчин дутмаг байгаа нь их нөлөөлдөг.

Энэ мэтчилэн зүйлс Засгийн эдийн засгийг туйлдуулахад нөлөөлсөн. Өнөөгийн дүр төрх ийм л байна даа.

-Гадны хөрөнгө оруулагчид хөрөнгө оруулах үгүйгээ дээр таны хэлсэн Оюутолгой, Тавантолгой төслийн гэрээ хэлцлийг харж байж шийдэх гээд байна. Хоёр томоохон төсөл ямар зүйл дээрээ гацаанд орсон юм бол?

-Энэ бол нууц биш. Гадныхантай уулзаад тэдний үгийг сонсож байхад хоёр том төслийн ажлын хэрэгжилт, түүний явцыг хараад байгаа. Засгийн газар үүн дээрээ ажиллаж байгаа байх. Улам сайн ажиллах хэрэгтэй. Бид алдаа оноотой ч гэсэн хийчихсэн гэрээгээ хүлээн зөвшөөрөх ёстой. Үүний төлөө тууштай зогсох хэрэгтэй болчихоод байна.

-Есдүгээр сард Оюутолгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт хийгдэнэ гэсэн яриа гарч байсан. Энэ юу болж байгаа вэ?

-Оюутолгой төрийн байгууллага биш. Харин Оюутолгой олон хувьцаа эзэмшигчдийн дундаас үүсэн байгуулагдсан аж ахуйн нэгж. Тиймээс хувьцаа эзэмшигчид хөрөнгө оруулалтаа хэдийд хийх вэ гэдгээ шийдвэрлэнэ. Түүнээс Монголын Засгийн газар бид шийдэх юм биш. Монголын тал харин өөрсдийн мэдлийн 34 хувьд оногдох зүйл дээрээ ажиллагаагаа явуулах ёстой.

Энэ тал дээр хэр ажиллаж байгааг мэдэх юм алга. Бид 34 хувьдаа гэрээний дагуу хариуцлага хүлээж байгаа бол тэр хүрээнд хийх ёстой зүйлсээ хийх л шаардлагатай.

Түүнээс бүх зүйлийг шийднэ гэж ойлгож болохгүй л дээ. Бид олон улсын зах зээлд, олон улсын гэрээ хэлцэлд ороод гарын үсгээ зурчихсан тул олон улсын хэм хэмжээнд нь хүлээсэн үүргийнхээ дагуу хийх ёстой зүйлээ хийх л үлдсэн.

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоног дуусахад хэдхэн хоног үлдлээ. Үүнд ямар үнэлэлт дүгнэлт өгөх вэ. “ЭЗЭН 100” хөтөлбөрийг амжилттай болгохын тулд хаврын чуулганы төгсгөл рүү хэрэгтэй гэсэн бүхий л хуулийг Их хурлаас баталж өгсөн?

-УИХ эдийн засгийг идэвхжүүлэх тогтоолын төслийг баталж гаргасан. Төсөлд “ЭЗЭН 100” ч гэдэг юм уу нэр өгсөн юм байхгүй. Энэ бол Засгийн газраас гарсан яриа. Өнөөдөр бүх хүний амнаас 100 хоног гэсэн үг гарч байна.

Тэр нь ярьж байгаа хүмүүсийн асуудал биз. Харин Их хурлаас гарсан тогтоол нь эдийн засгийг идэвхжүүлэхийн тулд ямар ажил хийх ёстой, ямар эрх зүйн баримт бичгүүдийг богино хугацаанд бэлтгэж өгөх вэ гэдэг нь тусгалаа олоод гарчихсан.

Одоо түүнийг хэрэгжүүлэх үйл явц нь Засгийн газрын асуудал байхгүй юу. Засгийн газарт өгсөн чиглэлийн дагуу ямар ажил хийж байгаагаа Засгийн газрын цаг дээрээ тайлагнаж байгаа гэж бодож байна. Тиймээс тогтоолын төсөлтэй холбоотой ажлыг Эдийн засгийн байнгын хороо, УИХ намрын чуулганаар ярих байх.

Тогтоол дээр заалтууд нь бүрэн байгаа. Засгийн газрын өгсөн мэдээллийн дагуу бид байнгын хороон дээрээ ярина.

-Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын асуудлаар МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга ээлжит бус чуулган зарлах ёстойг мэдэгдсэн. Ээлжит бус чуулганаар үүнээс өөр хэлэлцэх асуудал байхгүй юм уу. Төсвийн тодотгол гээд хэлэлцэх асуудлууд шилээ дарсан байх шиг санагдаад байна?

-Ээлжит бус чуулганы тухайд Их хурлын даргатай санал нэг байна. Ээлжит бус чуулганыг хуралдуулахыг Их хурлын даргын зөвлөл шийддэг. Одоогоор даргын зөвлөл хуралдаагүй байгаа тул тэгнэ, ингэнэ гэсэн яриа эрт байгаа юм.

Харин хүндэтгэлийн чуулган бол өөр. БНХАУ, ОХУ гэсэн хоёр том хөршийн төрийн тэргүүн айлчилж  байгаатай холбоотойгоор хүндэтгэлийн чуулган хийх байх. Би Р.Амаржаргал гишүүний ярилцлаган дээр гарсан санаатай адил санаа хэлэх гээд байгаа юм.

-Ямар санаа гэж?

-Өнөөдөр ээлжит бус чуулган хуралдуулах шалтаг шалтгаан байна уу гэдэг асуудал юм. Засгийн газраас оруулж ирэх тайлангаас Их хурал дээр ийм зүйлсийг яаралтай хэлэлцэх хэрэгтэй байна гэдэг асуудал өргөн баригдаагүй.

Аравдугаар сарын 5-нд намрын чуулган хуралдах ёстой. Энэ хүртэл БНХАУ, ОХУ-ын төрийн тэргүүн цувран айлчилна. Тиймээс үүний бэлтгэл хангах ажлууд, айлчлалын үр дүн гээд олон асуудлууд гарна. Эдгээрийг ярилцсаар байтал аравдугаар сарын 5 болчих болов уу гэж би хараад байгаа юм.

Даргын зөвлөл хуралдаагүй болохоор ээлжит бус чуулган хуралдах үгүйг мэдэхгүй байна.

-Газрын тухай хуультай холбоотойгоор таныг сонгогчийнхоо өөдөөс зохисгүй мессэж бичсэн гээд нэлээд хэл ам гарсан. Дараа нь өнөө залууг цагдаагийнхан шалгаж байна гэсэн. Уг асуудал юу болсон бэ?

-Шалгадаг газрууд нь шалгаж эздийг нь олж тогтоосон. Мессэж бичсэн хүмүүс нь сэтгэлийн хөөрлөөр бичсэн гэдгээ хүлээн зөвшөөрч уучлалт хүссэн. Би ч гэсэн тэр хүмүүст гоморхож наана цаана болсон юм байхгүй.

Би “Наад хүмүүстээ зөв ойлгуулаарай” гэхэд “Алдаагаа ойлголоо” гэсэн хариуг надад өгсөн. Уг асуудал мэдээж твиттер, фэйсбүүк дээр бужигнаан дэгдээх гэсэн оролдлогын үр дүнд хүмүүс өөрсдийн сэтгэл хөдлөлөө илэрхийлсэн л үйлдэл байсан.

Цаад эзэд нь ямар хүмүүс байсан бэ гэдэг нь миний мэдэх зүйл биш. Би албан ёсоор ажлаа хийсэн л гэдгээ хэлсэн. Би УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны даргын хувьд орж ирсэн асуудлыг хийх үүргийнхээ хүрээнд л хийсэн. Өөр асуудал байхгүй.