УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр байгалийн сайханд аялах дуртай
2012.01.09

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр байгалийн сайханд аялах дуртай

Манай сонин энэ удаагийн «Өглөөний хүн»-ээр УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг онцолж байна. Түүнийг ийнхүү сониныхоо нэр хүндтэй буланд урьж оролцуулахын учир нь тэрбээр 2008 онд Говь-Алтай аймгаас УИХ-д сонгогдон ажиллахдаа сонгуулийн мөрийн хөтөлбөртөө дэвшүүлсэн олон чухал ажлыг хэрэгжүүлж, тойргийнхоо иргэдийн итгэлийг хүлээсэн билээ. УИХ-ын эрхэм гишүүн Ж.Энхбаяр 1973 оны хоёрдугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн. Бар жилтэй, хумхын ордынх. Эхнэр, гурван хүүхдийн хамт амьдардаг, чөлөөт цагаараа байгалийн үзэсгэлэнт газраар аялах сонирхолтой нэгэн. Түүнийг төрийн энэхүү өндөрлөгт гарч, ард түмнийхээ хайртай гишүүн болоход нь хувийн өндөр зохион байгуулалт, тууштай хөдөлмөрч зан чанар нь ихээхэн нөлөөлсөн гэж анд нөхөд нь хуучилдаг юм билээ.

 

Ж.Энхбаяр гишүүн 1990 онд нийслэлийн 10 жилийн нэгдүгээр дунд сургууль, 1990-1992 онд ЦНД Сургууль, 1999 онд Монгол Улсын Их сургуулийг эрх зүйч мэргэжлээр тус тус дүүргэжээ. 2003-2005 онд Голландын Маастрихтын Менежментийн их сургуульд бизнесийн удирдлагын мастер цол хамгаалсан. Орос, англи хэлтэй гэнэ. Бүх нийтээрээ ардчилал зах зээлийн нийгэмд шилжсэн 1992 онд «Газар» ХХК-ийг үүсгэн байгуулж, улмаар ерөнхий захирлаар нь ажиллаж ажлын гараагаа эхлүүлсэн түүхтэй.

 

2000-2002 онд Нефть, онцгой албан татварын гаалийн газрын дарга, 2002-2004 онд Улаанбаатар хотын гаалийн газрын хяналт шалгалтын хэлтсийн дарга, 2004-2006 онд Гаалийн Ерөнхий газрын даргын зөвлөх, 2006-2008 онд Улсын мэргэжлийн хяналтын газрын дэд дарга, Тамгын газрын даргаар ажиллаж байжээ. Харин 2008 оны УИХ-ын ээлжит сонгуулиар Говь-Алтай аймгаас Монгол Улсын Их Хуралд сонгогдсон бөгөөд УИХ-ын Хууль зүйн байнгын хороо, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд харьяалагдан ажилладаг юм. Түүний хувьд УИХ дахь Монгол-Австри, Монгол-Бразил,  Монгол-Бруней,   Монгол-Голланд, Монгол-Казахстан,Монгол-Канад, Монгол-БНАСАУ,Монгол-БНСУ, Монгол-Хятад Монгол-Японы парламентын гишүүнээр давхар ажилладаг байна. Мөн МАХН-ын /МАН/ Намын их хурлын төлөөлөгч, МАХН-ын Намын Бага хурлын гишүүнээр таван удаа сонгогдож, намын дэргэдэх залуучуудын байгууллагыг үүсгэн байгуулалцаж байсан төдийгүй удирдах бүрэлдэхүүнд нь 10 дахь жилдээ ажиллаж байгаа.

 

«Хантайшир» бөхийн дэвжээний тэргүүн, Говь-Алтай аймгийн эрүүл мэнд, боловсрол, хөгжлийг дэмжих «Алтай эрин» сангийн тэргүүний сонгуульт ажилтай. Энэхүү Монголын нөлөө бүхий төрийн түшээгийн маань аав Жадамба нь жирийн байлдагчаас дэслэгч генерал, жагсаалын цэргээс монгол төрийн сайд хүртэл эх орныхоо торгон хилийн манаанд хүчин зүтгэсэн, цэргийн түүхийг сайтар судалсан эрдэмтэн. Түүгээр ч зогсохгүй олон улсын цэргийн хүрээнд онц хүндэтгэлтэй, цөөн тооны монгол жанжин, төрийн хичээнгүй сайдуудын нэг байжээ.

 

Эх сурвалж: Өглөөний сонин

 

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.