Н.Тэгшбаяр: Уран олборлоно гэдэг нь дэлхийн олон орны хувьд мөрөөдөл
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2014.08.18

Н.Тэгшбаяр: Уран олборлоно гэдэг нь дэлхийн олон орны хувьд мөрөөдөл

Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяртай уулзаж, хариуцсан салбарынх нь сонин сайхнаас хуваалцахын хамт Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаанд бодитой ямар ажлууд амжуулсан талаар ярилцлаа.

Эдийн засгийг эрчимжүүлэх “Эзэн-100” хөтөлбөрийн хүрээнд танай агентлаг ямар ажил амжуулав гэдгээс яриагаа эхэлбэл болох уу?

Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд чамгүй олон ажил хийж амжууллаа. Тухайлбал, Олон улсын атомын энергийн агентлагийн дэмжлэгтэйгээр Малын эрүүл мэндийг сайжруулах, оношлогоог чанаржуулах төсөл хэрэгжүүлэхээр болсон.

Энэ төсөл хэрэгжсэнээр малчид төдийгүй нийт ард иргэдэд, Ерөнхий сайдын хэлдэг шиг Долоон буудлын Должин эмээд ч үр дүн нь очих юм. Манайх энэ төслийг Олон Улсын атомын энергийн агентлагийн санхүүжилтээр Мал эмнэлгийн хүрээлэнтэй хамтран хэрэгжүүлэх юм. Ингэснээр махны экспортыг нэмэгдүүлэх сайн талтай.

ОХУ мах, малын гаралтай бүтээгдэхүүн нийлүүлдэг зарим орнууддаа хориг тавиад байгаа. Тэгэхээр бид малын эрүүл мэндийг сайжруулж, оношлогоог чанартай хийдэг болсноор монгол малын махыг Оросын зах зээлд гаргахад том боломж болох учиртай. Гэхдээ энэ бол зөвхөн Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногт хамаатай шийдвэр биш. Урт хугацаанд хэрэгжиж үр дүнгээ өгөх төсөл юм.

Мөн ХӨСҮТ-д хавдрын өвчлөлийг бууруулах, түүний эмчилгээг сайжруулахад чиглэсэн төслийг хэрэгжүүлж байна. Олон улсын атомын энергийн агентлагийн санхүүжилтээр энэ төрлийн өвчнийг анагаах тоног төхөөрөмжийг ажиллуулах, нарийн мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэхээр болсон зэрэг ахицтай үр дүнгүүд харагдаж байна.

Геологийн төв лабораторит цөмийн технологид суурилсан сүүлийн үеийн тоног төхөөрөмж суурилуулж байгаа.

Ингэснээр Монгол Улсын хилээр гарч байгаа байгалийн баялагт хэчнээн хэмжээний алт, зэс зэрэг ашигт малтмал буйг нарийвчлан тогтоох боломжтой болно.

Дараагийн нэг ажил бол хил, гаалийн хяналтын цэгүүдэд цацрагийн хяналтын аппарат хэрэгслийг байршуулсан явдал.

Энэ нь гаднаас оруулж ирж буй аливаа бараа бүтээгдэхүүнд цацрагийн хэмжээ ямар байгааг шууд мэдээлэх төхөөрөмж юм. Тиймээс их хэмжээний бараа бүтээгдэхүүнд цөмийн хаягдал ч юм уу, хорт бодис нууж оруулж ирлээ гэхэд шууд мэдээлэх болно. Энэ мэтээр манай агентлагийн хувьд Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хугацаанд бодитойгоор хийж хэрэгжүүлсэн ажил арвин байна.

Нэг үеийг бодоход иргэд цөмийн технологийг олон салбарт үр бүтээлтэй хэрэглэдэг гэдгийг ойлгодог болсон байна. Харин ураныг хортой, цөмийн технологийг аюултай гэж нийгэмд ойлгуулж, харагдуулах гэсэн тодорхой ашиг сонирхол бүхий хүмүүс, эсвэл гаднын ямар нэгэн нөлөө байж болох уу. Энэ асуудлыг Та яаж харж байна вэ?

Бид дэлхийн нэг хэсэг. Монгол Улс энэ салбарт дэлхийд хүчтэй байх нь зарим нэг улсад таалагдахгүй байж болно. Нэг үгээр зах зээлд өрсөлдөх чадвар бүхий орд илэрч байгаа нь үйл ажиллагаа явуулж байгаа бусад уурхайд хаагдах эрсдэл авчирдаг.

Тиймээс гадны хүчин зүйлс байхыг үгүйсгэхгүй. Үүнийг судалдаг байгууллага нь судалж байгаа учраас удахгүй тодорхой болох биз ээ.

Шалгаад тогтоох боломж бий юу?

Би ардчиллын төлөө зүтгэж, дуу хоолойгоо өргөж, жагсч тэмцэж явсан. Гэхдээ ураныг эсэргүүцэгчдийнх шиг мөнгөтэй жагсаал, цуглааныг харж байгаагүй. Тиймээс үүнийг  ч хүчний байгууллага шалгах хэрэгтэй.

Телевиз, сонины мэдээгээр над шиг нөхрийн талаар гарахаар тун шуурхай шалгадаг хэрнээ, хаанаас мөнгө олоод байгаа нь бүрхэг хүмүүсийг шалгах цаг нь ирсэн. Аливаа зүйлд хил хязгаар гэж байх ёстой. Ингэж хэлснийхээ төлөө ямар ч хариуцлага хүлээхэд бэлэн байна. Надад айж, ичих зүйл ердөө ч алга.

Жагсаал цуглаан зохион байгуулж буй хүмүүс мэргэжлийн зөвлөгөө, үнэн бодит мэдээлэл авах үүднээс танай агентлаг дээр ирдэг үү?

Манай агентлагийн үүд хаалга хэнд ч нээлттэй. Энэ талаар ч олон удаа хэлсэн, хэн ч ирээгүй. Тэдэнд хэвлэлийн бага хурал хийж, нийгэмд аль болох шуугиан дэгдээж байх нь ашигтай юм шиг ээ. Манай байгууллага болон салбарыг муухай харагдуулахыг гол зорилгоо болгосон хэсэг бүлэг хүмүүс ч байна гэдэгт эргэлзэхгүй байна.

Гэхдээ цөмийн технологи, цацраг идэвхт бодисын эрсдэл бий учраас л зарим иргэд жагсаал цуглаан хийж буй хүмүүсийг дэмждэг байх л даа?

Цөмийн технологи ашиглах нь эрсдэлтэй гэдэгт санал нэг байна. Гэтэл үнэндээ Цөмийн энергийн газар цацрагийн аюул, ураны сөрөг талаас яаж сэргийлэх вэ гэдэг дээр ажиллах үүрэг бий. Гэхдээ энд нэг зүйлийг ойлгох ёстой. Хэрэв бид ашиглахгүй хав дараад байвал сөрөг талаас нь сэрэмжлэх тал дээр ч өөрийн гэсэн технологигүй сууж л байна шүү дээ.

Ураны хайгуулын болон ашиглалтын лиценз олгосон тохиолдол бий юу?

Анх 164 орчим лиценз байсан. Одоо бол хамаагүй цөөрсөн. Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн хүрээнд Нэмэрийн болон Гурванбулагийн ордын техник эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлж батлууллаа.

Энэ бол үүсээд байсан саад тотгорын нэг байсан. Зарим орд газарт ашиглалтын лиценз олгох саналаа Үндэсний аюулгүй байдлын зөвлөл болон Тагнуулын Ерөнхий газарт хүргүүлсэн байгаа. Хэрэв энэхүү санал дэмжигдээд манайх ураны уурхайтай болчихвол дэлхийд өрсөлдөгч стратегийн улс болно.

Олборлохгүй, зөвхөн нөөцөөрөө бусдыг “айлгаад” байж болохгүй гэсэн үг үү?

Энд зөвхөн би хувьдаа уран олборлох гээд байгаа зүйл биш. Монгол Улс дэлхийд өрсөлдөх чадвартай байхын тулд 51 жилийн өмнөөс энэхүү салбарыг судалж, Сайд нарын Зөвлөлийн шийдвэрээр ураны хайгуулын лицензийг нь олгож эхэлсэн шүү дээ. Үүний үр дүнд 1000 гаруй илэрцийг тогтоосон байна.

Монгол төрийн энэ бодлого л үргэлжилж байгаа болохоос өнөөдөр ураны талаар огт шинэ зүйл гаргаж ирээд байгаа юм биш. Уран олборлоно гэдэг нь дэлхийн олон орны хувьд мөрөөдөл. Зарим улс орнуудад эдийн засгийн агуулгатай ураны орд байхгүй. Гэтэл манайд ийм орд байна, бид нөөцөөрөө дэлхийд дээгүүрт ордог гээд давуу тал олонтой.

Уран хүний эрүүл мэндэд хортой нь үнэн. Гэхдээ хэмжээ нь хэтэрвэл шүү дээ. Цөмийн технологийг маш олон салбарт ашиглаж байна. Эрүүл мэндийн салбарт маш өргөн хэрэглэгдэж байгаа. Уул уурхайд ч цөмийн технологи ашигладаг.

Яг үнэндээ бол уран болон цөмийн технологи нэг зоосны хоёр тал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Аюултай гэж айлгах аргаар л энэ салбарын хөгжлийг чөдөрлөж байна. Түүнээс гадна нэг зүйлийг энд зориуд хэлмээр санагдлаа. Хуулийн байгууллага гэм буруутайг нь эцэслэн тогтоогоогүй байхад үйл ажиллагаа явуулж байгаа компанийг буруутай хэмээн хашгирчихдаг. Дуртай нь ирээд бизнесийн нэр хүндэд нь халддаг болхи зүйлээс монголчууд салах хэрэгтэй.

Хятад, Орос, Канад, Америк байна уу хамаагүй, хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бол хэн ч халдах ёсгүй. Хуулийн дагуу үйл ажиллагаа явуулж байгаа бол миний дайсны компани байсан ч хүндлэх ёстой.

Хууль бусаар ажиллаж байгаа бол миний аавын компани байсан ч үйл ажиллагааг нь зогсоох ёстой. Гэхдээ энэ эрх нь чанга хашгирч чаддаг, урт үстэй бахь цээжтэй залуусын хийдэг ажил биш. Хэрэв тэд хууль тогтоох хүсэлтэй байгаа бол хуулийн сургуульд нь суралцаад хуулийн байгууллагад нь ажиллаад ном дүрмийнх нь дагуу тэмцэх ёстой.

Та “Арева” компанийг хэлээд байна уу?

Ганц “Арева”-гийн асуудал биш.

Мардайн уурхай шууд ашиглаад эхлэх боломжтой гэдэг. Энд ямар нэг үйл ажиллагаа явуулж байгаа юу?

Үйл ажиллагаа нь зогсонги хэвээрээ байгаа. Бэлэн уурхай гэдэг үнэн, шууд ашиглаж болно. Гэхдээ энэ ордтой холбоотой маргаан Олон улсын арбитрын шүүхэд очсон учраас ашиглах тухай ярих боломжгүй. Хуулиар хүлээсэн үүргээ биелүүлдэггүй компани Монгол Улсын Засгийн газрыг шүүхэд өгөөд байна. Гүйх нохойд баах нохой саад болж байгаа хэрэг.

“Хан ресурс”-ын хэрэг ямар шатандаа яваа бол. Энэ тухай мэдээлэл танд байгаа биз дээ?

Энэ тухай мэдээллийг ил гаргах боломжгүй. Шүүхийн шатанд яваа учраас. 

Ураны зах зээлийн хамгийн сүүлийн үеийн мэдээллийг өгөөч?

Нэг кг ураны үнэ дэлхийн зах зээл дээр 60-80 ам.долларт хэлбэлзэж байна.

Олборлох өртөг нь өндөр үү?

Ордынхоо нөхцөлөөс шалтгаалаад өөр өөр байдаг. Монголд бол дунджаар 30-40 ам.долларт багтахаар байгаа.

Монголчууд ураны аль нэг ордыг дангаараа ашиглах боломжгүй юм уу?

Аливаа том төсөл дээр монголчууд дангаараа ажиллахгүй. “Оюутолгой” төсөл дээр гэхэд дэлхийн бүхий л үндэстэн хамтран ажиллаж байна. Ураны салбарт ч гэсэн адил. Хамгийн сайн гэсэн хүмүүсийг авчраад хөлсийг нь төлөөд ажиллуулна. Монгол хүн чадахгүй гэсэн ойлголтоос бид өөрсдөө салах хэрэгтэй.

Мэргэжлийн хүний хувьд манай улс ураныг яаж ашиглах ёстой вэ. Хүдэр хэлбэрээр нь гаргах, баяжуулж гаргахын аль нь илүү ашигтай бол. Шар нунтаг болгож гаргасан улс буцаагаад хогийг нь авдаг гэж ярьдаг үнэн үү?

Дэлхий яаж ашиглаж байна, бид тэгж л ашиглах ёстой. Бидний сууж байгаа газраас нэг тонн шороо авахад 1-10 кг уран элбэг гарна. Энэ бол хаа сайгүй байдаг арвин баялаг. Харин эдийн засгийн агуулгатай нөхөн сэргээлт хийх боломжтой газар л уурхай болдог юм. Таарсан бүхнээ ухаад байж болохгүй. Шар нунтаг гаргасан улс хогийг нь авдаг гэсэн эрх зүйн баримт дэлхийд байхгүй. Ингэж шоудаж болохгүй.

Манайх ХӨСҮТ болон бусад эмнэлэгт ашиглаж байгаа цацраг идэвхт бодисоо хаанаас авдаг вэ?

Хоёр янз байгаа. Нэг нь тоног төхөөрөмжтэй цуг орж ирдэг. Бид нар биет болон биет бус хамгаалалтыг хийдэг. Эмнэлэгт ашиглаж байгаа богино насны изотопийг БНСУ-аас импортолж байгаа.

Эмнэлэг болон бусад газарт ашигласан нэг үгээр хэрэгцээгүй болсон цацраг идэвхт изотопуудыг хаана хадгалдаг юм бэ. Хэдийгээр ашиглахаа больсон ч удаан жилийн турш задрал явагдаж байдаг учраас хортой байдлаа алдаагүй байдаг гэдэг.

Ашигласан изотопийг хадгалдаг Изотоп контор гэж манай улсад бий. Байгуулагдаад 50 гаруй жил болж байгаа. Энэ байгууллага улсын онцгой объёкт бөгөөд хатуу чанга харуул хамгаалалттай газар.  

Манай улсын цацрагийн хяналт ямар хэмжээнд байгааг хаанаас үнэлж тогтоодог юм бэ?

Жил бүрийн есдүгээр сард Олон улсын атомын энергийн газрын “General conference” болдог. Түүнд гишүүн улс орон бүгд оролцдог юм. Уг хурлаар улс орон бүр цацрагийн хяналтын ажлын тайлангаа танилцуулдаг. Мөн бүс нутгийн хамтын ажиллагаагаа хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар тайлагнадаг.

Тэгээд тайлангаа үнэлүүлдэг. Манай улс өнгөрсөн онд түүхэндээ анх удаа 92 хувьтай хэмээн үнэлүүлсэн. Дэлхийд хүлээн зөвшөөөрөгдсөн хүмүүс Монгол Улсын энэхүү салбарын цацрагийн аюулгүй байдлыг хамгаалахад хийж буй ажлыг ингэж үнэлж байхад ураны талаар ямар ч ойлголтгүй эх орон гэж цээжээ дэлдэхээс өөрийг хийдэггүй манай “тэмцэгч” нөхөд үнэлээд байгаа нь ямар ч логикгүй юм.

Ийм зүйл хийгээд байгаа нөхдүүд болих хэрэгтэй. Жүжигчин нь жүжигчнээ хийж, физикч нь физикчээ хийе гэж хэлмээр байдаг.

Цөмийн салбарын  мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэж байна вэ?

Монгол Улс сүүлийн 51 жилийн турш цөмийн технологийн чиглэлээр мэргэжилтэн бэлтгэсэн. Цаашид ч бэлтгэнэ. Учир нь өндөр түвшний ололт нээлтүүд бүгд цөмийн технологитой салшгүй холбоотой болсон энэ цаг үед энэ чиглэлийн мэргэжилтэн бэлтгэх нь улс орон бүхний тэргүүлэх зорилт.

Яагаад гэвэл бид үүнээс айгаад сөрөг тал байна хэмээн зугтаад байвал биднийг хэн хамгаалах вэ, яаж хамгаалахаа мэдэхгүй зугтаад байвал түүнээсээ хордоно шүү дээ. Бид морь шигээ цөмийн технологийг сургаж, номхруулж авах ёстой. Ингэхийн тулд мэргэжилтнүүдээ бэлтгэх ёстой.

Харин энэ салбарт хамгийн шилдэг хүүхдүүдийг бэлтгэж авах ёстой гэж боддог. Үүний хүрээнд жил бүр ОХУ-ын Засгийн газрын тэтгэлгээр 10 хүүхэд сургаж байна. Мөн дэлхийн шилдэг гэсэн Япон, БНСУ, АНУ болон Францын сургуулиудад мэргэжилтэн бэлтгэдэг.

Энэ жил хэчнээн хүүхэд гадаадад суралцах вэ?

ОХУ-д 10 хүүхэд явуулна. Мөн БНСУ-д магистрт сургана. Явуулах хүүхдүүдээ сонгон шалгаруулдаг. Хэлний талын бэлтгэлийг нь тун сайн хийлгэх хэрэгтэй юм билээ.

Сүүлийн жилүүдэд байгалийн шинжлэх ухааныг сонирхох хүүхдийн тоо цөөрсөн гэдэг. Энэ нь сонгон шалгаруулалтад нөлөөлж байна уу?

Хүүхдүүд цөөрсөндөө биш. Сайн хүүхдүүд байна. Тэр чиглэл рүү дуртай болгох ажлыг нь бодлогоор хийхгүй байгаад л бүх учир байгаа.

ОХУ-тай боловсон хүчнээ бэлтгэхээс өөрөөр яаж хамтарч ажиллаж байгаа вэ?

Бид зөвхөн мэргэжилтэн бэлтгэх түвшинд л хамтран ажиллаж байна. ОХУ, БНХАУ хоёр манай улсын мөнхийн хөрш учир үндэсний аюулгүй байдлын бодлого талаасаа өндөр түвшинд хамтран ажиллах ёстой.

Цөмийн энергийн газрын гадаад харилцаа хэр өргөн цар хүрээтэй хөгжиж байна вэ?

Гадаад харилцааны яамны дараа л орно доо. Дэлхийн 151 оронтой харилцан хамтран ажиллаж байна. Энэ жилийн тухайд манай байгууллага олон улсын хэмжээний 16 хурлыг зохион байгууллаа. Манай гадаад харилцаа өндөр түвшинд хөгжсөн.

Олон улстай харилцаж байгаагийнх хамгийн дэвшилтэт технологи хаана байна вэ гэдгийг тодорхойлоход ядах юмгүй байх. “Арева”-гийн санал болгоод байгаа газар доогуур уусган баяжуулах арга хэр дэвшилттэй технологи юм бол?

Уран олборлож байгаа дэлхийн бүхий л орон газар доор уусган баяжуулах технологийг ашиглаж байгаа. Байгаль экологид цацрагийн аюулгүй байдал талаасаа хамгийн дэвшилтэт технологи. Нийт олборлож байгаа ураны 46 хувийг энэхүү технологиор олборлож байна. Бусад нь бол энэ технологиор олборлох нөхцөл бололцоо таарахгүй байгаа.

Сүүлийн асуултыг танд үлдээе.

Ихээхэн элбэг урантай баялаг нутаг үлдээсэн эцэг дээдэстээ залибарч талархаж явах учиртай. Урантай Монголын залуус урантай хэрхэн зөв харьцаж, ашиглах, судлах тухайгаа бодох цаг болсон.

Түүнээс биш угаасаа урантай монголд, урантай дэлхийд амьдарч байгаа хирнээ Урангvй Монгол гээд л нэрнээсээ эхлээд логик авцалдаагvй, ШУ-ны үндэслэлгvй юм ярьж хайран залуу насаа дэмий үрж байгаа залуусыг хараад өмнөөс нь харамсах сэтгэл төрдөг. Ураныг зөвхөн мөнгөний төлөө олборлох гэж байна гэж зарим нь ойлгоод байх шиг. Мөнгөнөөс илүү чухал стратегийн ач холбогдол, цөмийн технологийг хөгжүүлэх нь дэлхий нийтийн асуудал болчихоод байна.