Хилийн чанад дахь Монголчуудын чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа
Чуулга уулзалтанд нлайнаар бүртгүүлсэн 42 нийт 195 хүн оролцов.
2014.09.25

Хилийн чанад дахь Монголчуудын чуулга уулзалт амжилттай зохион байгуулагдлаа

Гадаад харилцааны сайдын санаачилгаар “Бүтээлч хамтын ажиллагаа” сэдэвт хилийн чанад дахь монголчуудын холбоод, ТББ-уудын чуулга уулзалт болон Британийн монголчуудын үүсгэн санаачилсан “Монгол орны хөгжилд” 10 дугаар чуулга уулзалтыг хамтатган 9 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд ГХЯ-нд амжилттай зохион байгууллаа.

Чуулга уулзалтанд хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудын төлөөлөл 93, “Цахим өртөө” холбооны илтгэгч, судлаач 38, дотоодын байгууллагын (яам, агентлаг) 22 төлөөлөгч, онлайнаар бүртгүүлсэн 42 нийт 195 хүн оролцов.

Нэгдсэн чуулганаас 4 зүйл заалт бүхий протоколыг нийт төлөөлөгчдийн 98 хувийн саналаар дэмжин баталж, чуулганы мөрөөр хэрэгжүүлэх хөтөлбөр, төлөвлөгөөг  2014 оны 11 дүгээр 1-ний дотор гаргах, дараагийн чуулга уулзалтыг 2016 оны 9 дүгээр сард зохион байгуулахаар тогтов.

“Монгол орны хөгжилд” 10 дугаар чуулга уулзалтын хүрээнд “Өндөр технологи”, “Нийгмийн эрүүл мэнд”, “Шинжлэх ухаан, боловсрол, танин мэдэхгүй”, “Бизнес эрхлэлт”, “Урлаг, соёлын менежмент” сэдэвт салбар хуралдаанууд хуралдаж, зөвлөмж гаргасан байна.

Нийт оролцогч, төлөөлөгчдийн зүгээс чуулга уулзалтын хамрах хүрээ, зохион байгуулалт, хүрсэн үр дүнд сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж, цаашид Монгол Улсын төрөөс хилийн чанад дахь Монголчуудын холбоод, ТББ-уудыг бодитой дэмжих, төрийн зарим үүргийг ТББ-дад гэрээний үндсэн дээр хариуцуулан, бүтээлчээр хамтран ажиллах маш том эхлэл суурь тавигдсанд талархаж байв. 

Чуулганы 2 дахь өдөр монголчуудын холбоод, ТББ-ынхан хуралдаж, “Хилийн чанад дахь Монголчуудын холбоо, ТББ-уудын нэгдсэн зөвлөл”-ийг байгуулан, зөвлөлийн дүрмийг хэлэлцэн баталсан бөгөөд тив тивийн төлөөлөл 9 хүний бүрэлдэхүүнтэй Удирдах зөвлөлийг сонгон, УЗ-ийн даргаар Швед дэхь Монголчуудын үндэсний холбоо, Европ-Монголын нийгэмлэгийн тэргүүн Н.Номун-Эрдэнийг 100 хувийн саналаар сонгосон байна.

Тодорхой асуудал хариуцсан салбар хороодыг байгуулах, нэгдсэн зөвлөлийн нарийвчилсан бүтцийг ойрын хугацаанд гаргаж, хилийн чанадад үйл ажиллагаа явуулж буй 114 ТББ-аар хэлэлцүүлэн батлахаар тогтов.

ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Б.Болдбаатар төлөөлөгчдийг 2014 оны 9 дүгээр 22-ны өдөр хүлээн авч уулзан, чуулга уулзалтын үр дүн, цаашдын зорилго, зорилтын талаар санал солилцож, шинэ байгуулагдсан Нэгдсэн зөвлөлийн үйл ажиллагаа, төр, төрийн бус байгууллагын дэвшилтэт хамтын ажиллагаанд өндөр амжилт хүсч, хилийн чанад дахь монголчуудын холбоо, ТББ-уудаас төрд дуу хоолойгоо хүргэхэд нь боломжтой бүх талын дэмжлэгийг үзүүлж ажиллахаа  илэрхийлэв.