С.Эрдэнэ сайд солонгос дахь монголчуудтай уулзав
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн яам, БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв, Нэг цэгийн үйлчилгээний төв, БНСУ дахь элчин сайдын яам хамтран БНСУ-д "Монгол хүн- Монголын баялаг" өдөрлөгийг зохион байгуулжээ.
Өнөөдрийн байдлаар БНСУ-д 27 мянган орчим Монгол иргэн ажиллаж амьдарч байгаа ба тэдний өмнө тулгамддаг олон асуудлыг хувь хүний асуудал мэтээр ойлгож, төрийн анхаарлаас орхигдуулдаг. Харин БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв байгуулагдсанаар монгол иргэний нийгмийн асуудлыг төрөөс хамгаалах нөхцөл бүрдсэн аж.
БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв нь тус улсад ажиллаж, амьдарч байгаа Монгол улсын иргэн бүрийн нийгмийн баталгааг дээшлүүлэх таатай орчныг бүрдүүлэн хүний хөгжлийг хангахад чиглэн үйл ажиллагаа явуулж иржээ. Өнгөрсөн хугацаанд тус төв 7,9 тэрбум вонн буюу 10,2 тэрбум төгрөгийг Нийгмийн даатгалын ерөнхий газрын тэгэврийн даатгалын санд төвлөрүүлж чадсан байна.
Мөн БНСУ-д манай улсаас оршин сууж, ажиллаж амьдарч буй иргэдийн талаар хийсэн судалгаагаар хууль ёсны оршин суугч 16.428, хууль бусаар оршин суугч 7.747, гэрээт ажилтан 5.951, солонгос иргэнтэй гэрлэсэн 2.368 (эмэгтэй 2.287, эрэгтэй 81), оюутан 4.166, хүхэд 2.802, өрхийн тоо 3.125, түр хугацаагаар 5.793 иргэн оршин суудаг гэсэн статистик мэдээлэл гаргасан байна.
"Монгол хүн-Монголын эрдэнэ" нэртэй тус өдөрлөгийн нээлтэд ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, БНСУ-д суугаа элчин сайд Б.Ганболд өдөрлөгийн ерөнхий ивээн тэтгэгч Капитал банкны гүйцэтгэх захирлын орлогч А.Гэрэлмаа нар оролцож, Монголчууддаа сар шинийн баярын мэнд хүргэж, Шинэчлэлийн Засгийн газрын бодлого хөтөлбөрийг танилцуулсан аж.
ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ энэ үеэр БНСУ дахь Нийгмийн хамгааллын үйлчилгээний төв анх 1997 онд үйл ажиллагаа эхэлж байсан. Тухайн үеийн ханшаар 14 орчим тэрбум төгрөг буюу 10 орчим хүний нийгмийн даатгалын шимтгэлийг буцааж шилжүүлж байсан түүхтэй. Түүнээс хойш жил бүр тэтгэврийн даатгалын шимтгэлийг БНСУ-аас эх орондоо төлөх боломжийг олгосоор байна.
Мөн хүүхэд, гэр бүл, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын үйчилгээг иргэн бүрт хүргэж ажиллаж байна. Түүнчлэн монгол хүнийхээ хөгжлийг тэргүүлэх чиглэлээ болгосон Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, амьдарч буй Монгол улсын үнэт эрдэнэ иргэн бүрт нийгмийн хамгааллын үйчилгээг хүргэхийг зорьж, мөн эх орондоо ажиллаж, амьдрах нөхцөл боломжийг бүрдүүлэхийн төлөө хичээн ажиллахаа уламжилсан байна.