Aрдчилсан Хүчний Холбооны Нийслэлийн чуулган болов
Aрдчилсан Хүчний Холбооны Нийслэлийн чуулган өчигдөр Найрамдал олон улсын хүүхдийн зусланд болжээ.
Нээлтэд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, С.Одонтуяа, Ж.Батзандан болон нийслэлийн есөн дүүргийн Ардчилсан Хүчний Холбооны 350 гаруй гишүүд дэмжигчид, зочид төлөөлөгчид оролцсон байна.
Энэ удаагийн чуулганыг “Хүнээ хөгжүүлж, Монголоо шинэчилье” уриатай зохион байгуулжээ. УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нийслэлийн чуулганыг нээж хэлсэн үгэндээ "Ардчилсан Хүчний Холбоо сонирхлын бүлгүүдэд тулгуурлан ажилладаг. Эдгээр сонирхлын бүлэг, клубуудээрээ дамжуулан нийгмийн олон салбарт чиглэсэн үйл ажиллагаа явуулдаг. Манай холбоонд УИХ-ын 10 гишүүн бий.
Уламжлал ёсоор холбооны гишүүд, дэмжигчдээ хөгжүүлэх сургалт явуулж, нийгэмд шууд ардчиллыг бэхжүүлэх зорилгын хүрээнд нийгмийн асуудал хөндсөн нээлттэй хэлэлцүүлгүүд явуулжээ.
Бүсийн чуулган бүрээр нийгмийн асуудал хөндсөн хэлэлцүүлэг явуулдаг, тэндээс гарсан шинэ санаа, санаачилгыг хууль тогтоох дээд байгууллагад хүргэдэг онцлогтой" гэжээ.
Байгуулагдаад таван жил болж буй Ардчилсан хүчний холбоо Нийслэлийн чуулганаараа өнгөрсөн хугацаанд хийж, бүтээсэн ажлаа дүгнэж, цаашдын үйл ажиллагааныхаа төлөвлөгөөг хэлэлцсэн байна.
Мөн уламжлал ёсоор холбооны гишүүд, дэмжигчдээ хөгжүүлэх сургалт явуулж, нийгэмд шууд ардчиллыг бэхжүүлэх зорилгын хүрээнд нийгмийн асуудал хөндсөн нээлттэй хэлэлцүүлгүүд явуулжээ.
Ардчилсан хүчний холбооны анхны чуулган 2012 оны хоёрдугаар сард Төрийн ордонд болж, нийслэл болон 21 аймгийн төлөөлөл оролцож байсан юм. Үүнээс хойш улсын хэмжээнд бүсийн чуулганууд зохион байгуулжээ.
- Баруун бүсэд болсон II чуулган 2013 оны наймдугаар сарын 9-11-ний хооронд Хөвсгөл аймгийн Хатгал суманд болсон. “Монголоо шинэчилье” уриатай баруун бүсийн чуулганд тус бүс нутгийн есөн аймгийн 400 гаруй төлөөлөгч оролцсон юм. Энэ үеэр “Баруун бүс ба хязгаар нутгийн асуудал”, “Баруун бүсийн нийгэм хамгаалал ба эрүүл мэндийн асуудал” сэдвээр хэлэлцүүлэг, сургалт, “Монголоо шинэчилье”, ‘Төрийн албаны шинэчлэл” сэдвээр хэлэлцүүлэг өрнөсөн юм.
- Говийн бүсийн чуулга уулзалт 2013 оны есдүгээр сарын 12-15-ны өдрүүдэд Өмнөговь аймагт болсон. Чуулганд есөн аймгийн 500 гаруй төлөөлөл оролцон Монгол Улсын эдийн засгийн гол салбар болсон уул, уурхайг үндсэн сэдвээ болгож “Уул уурхай ба говийн бүсийн хөгжил” сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлсэн юм.
- Төвийн бүсийн чуулган Орхон аймагт энэ оны зургадугаар сарын 20-22-нд болсон. Тус чуулганд Архангай, Булган, Сэлэнгэ, Төв, Орхон, Дархан-Уул аймаг болон нийслэлийн дөрвөн дүүргийн 800 орчим гишүүд дэмжигчид оролцсон билээ.
- Зүүн бүсийн чуулган энэ оны наймдугаар сарын 6-12-нд Дорнод аймгийн Буйр нуурын эрэг дээр болсон. "Баялаг бүтээж Монголоо шинэчлье” уриатайгаар явагдсан Зүүн бүсийн чуулганд 800 гаруй төлөөлөгч оролцон уул уурхай, эдийн засаг, төмөр замын асуудал болон зүүн бүсийн хөгжлийн талаар хэлэлцүүлэг өрнөсөн.
“Монголоо шинэлчилье” уриатай тус холбоонд УИХ-ын гишүүн Д.Батцогт өчигдөр нэгдэж, Нийслэлийн чуулганд оролцсон байна.
Тэрбээр “Ардчилсан Хүчний Холбооны үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд анхааралтай ажиглаж байсан. Тиймээс тус холбоонд нэгдэх шийдвэр гаргалаа” гэжээ. Ардчилсан Хүчний Холбоо нь сонирхлын клубуудын үйл ажиллагаанд тулгуурлан үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллага учраас намын харьяалал харгалзахгүй нэгдэх боломжтой байдаг аж.