“Хууль сахиулахуйн инноваци“ сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлж байна
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо, Хууль зүйн яам, Хууль Сахиулахын Их сургууль, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сан, Нээлттэй нийгэм форум хамтран “Хууль сахиулахуйн инноваци“ олон улсын эрдэм шинжилгээний хурлыг Төрийн ордны Их танхимд өнөөдөр зохион байгуулж, эрдэмтэд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин, Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат нар оролцож үг хэллээ.
Х.Тэмүүжин: Энэ хурал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах үйл ажиллагаанд инноваци буюу шинэ мэдлэг, технологийн ололт, бусад улс орнуудын тэргүүн туршлагыг шинжлэх ухааны үндэстэй, нэгдсэн бодлогоор нэвтрүүлэх асуудлыг хөндөх юм
Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хууль зүйн сайд Х.Тэмүүжин эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ хууль сахиулах салбарт инновацийн бодлогыг хэрэгжүүлэх нь хууль сахиулах үйл ажиллагааг дэлхий нийтийн жишигт ойртуулахын зэрэгцээ хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангах хүчин зүйл болж байгааг онцлов.
Мөн тэрээр “Эрх зүйн шинэчлэл, хууль зүйн салбарын шинэтгэлийн үйл явц эрчимтэй өрнөж, хууль сахиулах байгууллагууд хөгжлийн бодлогоо тодорхойлж буй энэ цаг үед хууль сахиулахын инновацийн тулгамдсан асуудалд судлаачдын анхаарлыг хандуулж байгаагаараа энэхүү хурлын ач холбогдол оршино.
Нийгмийг түгшээсэн онц аюултай, зохион байгуулалттай, үндэстэн дамнасан, шинэ төрлийн гэмт үйлдлүүдийг хоцрогдсон техник хэрэгслээр илрүүлэх нотлох боломжгүйг нийтээрээ хүлээн зөвшөөрч байна. Иймээс энэ хурал нь Монгол Улсын үндэсний аюулгүй байдлыг хангах, хууль сахиулах үйл ажиллагаанд инноваци буюу шинэ мэдлэг, технологийн ололт, бусад улс орнуудын тэргүүн туршлагыг шинжлэх ухааны үндэстэй, нэгдсэн бодлогоор нэвтрүүлэх асуудлыг хөндөх юм” гэв.
Д.Ганбат: Хууль Сахиулахын Их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай нягт хамтран ажиллах болно
Харин Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат хэлэхдээ “Шинэ мэдлэгийг үйлдвэрлэл, үйлчилгээнд нэвтрүүлэх, улмаар эдийн засгийн өсөлтийг хангах боломжийг олгож буй “Инновацийн тухай хууль” батлагдан хэрэгжиж байна.
Үүнтэй зэрэгцээд шинжлэх ухаан, технологийг хөгжүүлэх цогц бодлого биелэлээ олж буй энэ үед хууль сахиулах үйл ажиллагааны инновацийн асуудлыг энэ хурлаар хөндөх гэж байгаад баяртай байна.
Цаашид Хууль зүйн байнгын хороо хууль, эрх зүйн тулгамдсан асуудлаар суурь болон хавсарга судалгаа явуулах, хууль боловсруулах, сурталчлах үйл ажиллагааны хүрээнд Хууль Сахиулахын Их сургуулийн эрдэмтэн, судлаачидтай нягт хамтран ажиллах болно” гэлээ.
Хууль зүйн салбарын хувьд инновацийн бүтээгдэхүүн нь шинээр батлагдаж буй хуулиуд хэмээн хуралд оролцож буй эрдэмтэн, судлаачид хэлэв.
Хууль зүйн салбарын хувьд инновацийн бүтээгдэхүүн нь шинээр батлагдаж буй хуулиуд хэмээн хуралд оролцож буй эрдэмтэн, судлаачид хэлэв.
“Инновацийн тухай хууль” батлагдсанаас хойш “Тахарын албаны тухай”, “Төлбөрийн чадваргүй яллагдагчид үзүүлэх хууль зүйн туслалцааны тухай”, “Цагдаагийн албаны тухай”, “Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай” зэрэг олон чухал хууль батлагдсан талаар судлаачид хэлж, цаашид хууль зүйн салбарынхан хамтын ажиллагааны уялдаа холбоог сайжруулах шаардлагатай хэмээн санал нэгдлээ.
Энэхүү эрдэм шинжилгээний хуралд Хууль Сахиулахын Их сургуулийн захирал, профессор Р.Чингис, ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн Монгол дахь төлөөлөгчийн газрын тэргүүн, Хууль зүйн шинжлэх ухааны доктор, профессор Ц.Сарантуяа, ХБНГУ-ын Людвиг Максимилианы нэрэмжит Мюнхений Их сургуулийн Өмгөөллийн эрх зүйн хүрээлэнгийн захирал, профессор, доктор Бернд Шюнеманн нар болон төрийн бус байгууллагын төлөөллүүд, хууль зүйн салбарын эрдэмтэн, судлаачид нийт 800 гаруй хүн оролцож Монгол Улсын хууль зүйн салбарын шинэтгэл, тулгамдсан асуудал, хууль сахиулах үйл ажиллагаан дахь сэтгэлгээний шинэтгэл, хууль зүйн салбарын инноваци, хандлага зэрэг олон чухал сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна