Конвенцоор хүнийг “хүчээр алга болгох”-оос хамгаална, таслан зогсооно
2014.10.09

Конвенцоор хүнийг “хүчээр алга болгох”-оос хамгаална, таслан зогсооно

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн үдээс өмнөх хуралдаанаар “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2014.07.08-ны өдөр өргөн мэдүүлсэн/-ийг хэлэлцлээ.

Конвенцийн гол зорилго нь хүнийг “хүчээр алга болгох”-оос хамгаалах, ийм төрлийн үйлдлийг таслан зогсоох, гишүүн улс бүр уг үйлдлийг гэмт хэрэг гэж үзэн эрүүгийн хууль тогтоомждоо тусгах, хохирсон этгээдийн эрх ашгийг хамгаалах талаар тодорхой арга хэмжээ авахад оршиж байгаа аж.

Энэхүү конвенц нь Монгол Улсын хууль тогтоомжид зааснаас өөр журам тогтоож байгаа, хүний салшгүй эрхтэй холбогдсон олон улсын гэрээ тул Олон улсын гэрээний тухай хуулийн 10 дугаар зүйлд зааснаар Улсын Их Хурлаар заавал соёрхон батлах олон улсын гэрээ юм.

Конвенцийг хэлэлцэх үеэр зарим гишүүд нэрийн орчуулгын анхаарах хэрэгтэйг хэлж байсан юм. Тухайлбал “Алга болгох” гэдэг нь ямар санааг илэрхийлж байгаа. Орчуулгыг хэрхэн хийсэн талаар лавлаж байлаа.

Ө.Энхтүвшин “Олон улсын гэрээ конвенцийг хэрхэн орчуулдаг юм бэ? Хүчээр алга болох гэхээр эрх хасах асуудлыг л хэлээд байх шиг байна” гэв.

Б.Гарамгайбаатар “Олон улсын конвенцид нэгдэж орж байгааг үгүйсгэхгүй байна. Манайх улс маш олон конвенцид нэгдэн ордог. Гол нь тухайн конвенцийг хэрэгжүүлэх тал дээр учир дутагдалтай байдаг. Монгол улсын хууль, олон улсын хууль дүрмийг дагаж мөрдөнө гэдэг ч тухайн нэгдэж орж байгаа конвенцийнхоо хуулийнхаа утга санааг ерөөсөө ойлгодоггүй. Үүнээс болоод олон Монгол иргэд, ААН-үүд хохирдог. Үүнд бэлтгэгдсэн боловсон хүчин байхгүй.”

Гишүүд асуулт асууж, үг хэлж дууссаны дараа “Хүчээр алга болгохоос бүх хүнийг хамгаалах тухай олон улсын конвенц”-ийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналын томьёоллоор санал хураалт явуулсныг хуралдаанд оролцсон гишүүдийн 61,4 хувь дэмжлээ.