Их Британий “Камден болон Ислингтон Эн Эйч эс” сангийн төлөөлөгчдийг үлээн авч уулзлаа
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, С.Ганбаатар нар Их Британий “Камден болон Ислингтон Эн Эйч эс” сангийн захирал Клейр Жонстон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр /2014.10.09/ хүлээн авч уулзлаа.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт, “Камден болон Ислингтон Эн Эйч эс” сангийн төлөөлөгчдийг манай улсад зочилж буйд талархаж байгаагаа илэрхийлэв.
Тэрээр цааш нь хэлэхдээ, 2000 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр анх Улсын Их Хурлаар батлагдсан Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулиар сэтгэцийн эрүүл мэндийн талаар баримтлах бодлого, зарчмыг тодорхойлж нийт хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, сэтгэцийн эмгэгтэй хүний эрхийг хамгаалах, энэ ажилд төрийн болон төрийн бус бусад байгууллага, аж ахуй нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, сэтгэцийн эмгэгтэй хүнийг оношлох, эмчлэх явцад тохиолддог бусад хууль, эрх зүйн актад тусгагдаагүй онцлог харилцаа, сэтгэцийн эрүүл мэндийн мэргэжилтний эрх зүйн хэм хэмжээ харилцааг зохицуулахаар тусгасан болно хэмээн онцлон тэмдэглэв.
Түүнчлэн сүүлийн жилүүдэд хүн амын дунд сэтгэц, зан үйлийн эмгэгийн тархалт болон амиа егүүтгэх тохиолдол буурахгүй байна. Тухайлбал 10000 хүнд ногдох сэтгэц зан үйлийн эмгэгийн тохиолдол 2000 онд 77.43 байсан бол энэ нь 2010 онд 112.9 болж нэмэгджээ.
Өнөөдрийн байдлаар манай улсад сэтгэц, зан үйлийн эмгэгтэй 22 мянга гаруй хүн эмнэлгийн идэвхтэй хяналтад эмчлэгдэж байгаа бөгөөд, хөдөлмөрийн чадвараа алдсан нийт иргэдийн дотор сэтгэцийн эмгэгтэй хүмүүс 15 хувийг эзэлж байна. 2013 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хуулийг /шинэчилсэн найруулга/ 6 бүлэг 15 зүйлтэйгээр баталсан тухай танилцуулав.
Улсын Их Хурлын гишүүн Г.Уянга, Монгол Улсад нийгмийн хамгааллын орчин өргөн хүрээтэй байдаг. 1990 оноос хойш шинэчлэл хамгийн бага хийгдсэн салбар бол эрүүл мэндийн салбар. Тэр ч утгаараа шүүмжлэл их дагуулдаг. Манай улс эрүүл мэндийн шинэчлэлийг хийхэд олон бэрхшээлтэй тулгарч байна. Тиймээс танай улсын энэ салбарын системийн онцлог давуу талыг сонирхож байна. Шинэчлэлийн өмнө тулгамдаж байгаа олон асуудлыг бид хамтарч ажилласнаар шийдвэрлэх өргөн боломж байгаа гэж харж буй тухайгаа хэлэв.
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар эрүүл мэндийн салбарын талаар бидэнтэй уулзаж байгаад талархаж байна. Манай улсын эрүүл мэндийн салбар хүнд байдалд байгаа. Танай улстай энэ салбарт хамтран ажиллах шаардлагатай байгаа тухай хэлээд агаарын бохирдол, дархлалын олдмол хомсдол буюу ДОХ, сүрьеэ, хүүхдийн амны хөндийн өвчлөл /шүд/ зэрэг зарим төрлийн өвчлөл анхаарал татах болсон тухай танилцуулсан юм хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.