Я.Содбаатар: Ардчилсан намын боловсон хүчнүүд тэтгэврийн насанд ойртсон
УИХ-ын гишүүн Я.Содбаатартай ярилцлаа.
-Та Засгийн газрын бүтцийг хэр болсон гэж харж байгаа вэ. 16 яам 13 болж цаашид үйл ажиллагаа нь үргэлжлэхээр боллоо?
-Өнгөрсөн 2012 оны сонгуулийн дараа байгуулагдсан Засгийн газрыг бүтцийг эргэн харахад Н.Алтанхуяг өмнө нь Монголын түүхэнд байхгүй данхар бүтцийг оруулж ирэн ажиллаж байна. Том бүтэц нь эдийн засаг талаасаа нэлээд үрэлгэн, нөгөө талаасаа салбарын уялдаа холбоо, төрийн ажлын залгамж чанар нэлээд алдагдсан.
Тиймээс бүтцийг эргэн харж цомхон, чадварлаг болгох тал дээр МАН-ын бүлэг, Ерөнхийлөгчийн институци гэх мэт олон талын шахалт орсон гэж харж байгаа. Улс төрийн шахалтын хүрээнд аргагүйн эрхэнд ийм шахалт хийж, өнгөрсөн хоёр жилийнхээ алдаа оноонд дүгнэлт хийж оруулж ирлээ гэж бид харж байсан.
Орж ирсэн бүтцийг харахад шахаанд орсон тул дургүйд хүчгүй гэх байдлаар хийсэн нь харагдаж байна. Нэг үгээр хэлбэл энэ нь Ерөнхий сайдын өөрийнх нь хүссэн зүйл биш юм байна. Монголын төрийг ухаалаг, зөв замд нь гаргаж ирэх бүтэц болж чадсангүй. Учир нь бүтцийг хийж оруулж ирэх байсан бол илүү тооцоо судалгаатай, яамдыг нэгтгэснээр хэр хэмжээний төсөв хэмнэгдэх юм. Бодлогын ямар өөрчлөлт шинэчлэлт гарах вэ гэдгийг харах байсан.
Монголчууд ардчиллын замаар 25 жил явах хугацаанд Засгийн газар янз бүрийн л бүтэцтэй байсан. Ерөнхий сайд чуулганы индэр дээрээс “Би ямар нэгэн тооцоо судалгаа хийгээгүй. Төсөв хэр хэмжээнд хэмнэгдэхийг бид тооцож чадаагүй байна.
Бараг л та нар хий гээд байсан учраас ингээд оруулаад ирлээ” гэх зүйл ярьсан. Сөрөг хүчнийхнийхээ дуу хоолойг сонсдоггүй юмаа гэхэд төрийн байгуулагууд болох Үндэсний АУДИТ-ын газар ч байдаг юм уу байгууллагуудынхаа дүгнэлтийг сонссонгүй. Бүтцийн өөрчлөлтөөр хоёр зүйлээсээ салж чадсангүй.
-Тэр хоёр зүйлийг нь та хэлэхгүй юу?
-Улс төр бизнесийн бүлэглэл, фракцуудынхаа шахалт, аалзны тор шиг хэрэгдсэн сүлжээнээс гарч чадсангүй. Ес, 11 яамтай болно гэж яригдаж байсан ч фракцуудынхаа амыг хаахын тулд шахаанд орж явсаар 13 яамтай байхаар орж ирлээ.
Нөгөөх нь нийгэм, эдийн засаг хямралтай байх үед төр өөрөө чадварлаг болох, бүсээ илүү чангалж төр өөрөө хэмнэлтийн горимд шилжих зайлшгүй шаардлага байна. Энэ Засгийн газрын нэг алдаа нь төр өөрийнхөө илүү зардлыг танахаас илүү ард түмнийхээ халаас руу орох бодлогыг бариад байгаа. Ирэх оны төсөвт маш олон татваруудыг сэргээхээр оруулж ирсэн.
Бизнес эрхлэгчдийн бүсийг чангалаад тэдний дарамтыг нэмэгдүүлээд байгаа болохоос төр үр дүнгүй зардлаа багасгаж хэмнэлтийн горимд шилжих алхам хийгдэхгүй байна. Энэ хийгдсэн бол нийгэм талархан хүлээж авах байлаа. Харамсалтай нь тэгж чадсангүй.
-Чуулган дээр дөрвөн төрлийн татвар нэмэгдэнэ гэдгийг гишүүд хэлж байсан. Сангийн сайд Ч.Улаан мэдээлэл хийхдээ ямар ч татвар нэмэгдэхгүй гэдгийг хэлсэн шүү дээ?
-2015 оны төсвийн төсөл гишүүдийн гарт ирээд байна. Төсөв дотор Малын хөлийн татвараас эхлээд Хотын татвар гээд татварууд ороод ирчихсэн байгаа. Төсөв хэлэлцэх үеэр бүгд тал талаас нь ярилцах байх. Ардын энэ татваруудыг эсэргүүцэж байгаа.
Ардчилсан нам тэргүүтэй улс төрийн хүчнүүд батлаад явчихбал иргэд нэг юм хэлэх байлгүй дээ. Нийслэлийн удирдлагууд төсөв батлахад Нийслэл дээр ямар дарамт ирэх вэ гэдэгталаар мэдээлэл хийсэн.
-Монгол Улсын орлого ирэх онд 900 тэрбумаар нэмэгдэнэ гэж байна. Тийм боломж байгаа юм уу?
-Сүүлийн хоёр, гурван жил төсөв баталж байгааг нь харахад бидний хэлдгээр жонхуу болж байна. Төсөв дээр дандаа худлаа тоо тавьдаг. Төсвийг хугацаанд нь батлах, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг батлах хязгааруудад тааруулж батлахын тулд хүчээр нохойн ам нийлүүлж баталж байгаа.
2014 оны төсвийг баталсныг харахад бодит байдал дээр ам.долларын ханш 1800 төгрөгөөс доош орохооргүй байхад 1384 төгрөг гээд хүчээр батлуулсан. Орлого тал дээр гэхэд уул уурхайн салбараас орж ирэх орлого бүгд худлаа байсан. 31 сая тонн нүүрс экспортолно гэж байлаа. Монгол Улс хамгийн оргил үедээ буюу 2011 онд 22.5 сая тонн нүүрс гаргаж байсан улс шүү дээ.
Энэ жил нүүрс яаж ч сайн олборлоод 15 сая тоннд хүрэхгүй. Нэг ёсондоо тавьж байсан зорилтынхоо 40 хувьд л хүрч байна. Ирэх онд орлого нэмэгдэхгүй. Хаанаас яаж орлого нэмэгдүүлэх эх үүсвэрийг гаргаж ирснийг судлах хэрэгтэй.
Яахав Оюутолгойн үйл ажиллагаа жигдэрч орлого нэмэгдэж байгаа нь үнэн. Гэсэн ч татвар нэмэх байдлаар бизнес эрхлэгчдийнхээ бүсийг чангалах байдлаар орлого нэмэх гэж оролдоод байгаа юм. Бодит байдал дээрээ тэр аж ахуй нэгжүүд цаашид үйл ажиллагаа явуулах гэхээр тартагтаа тулчихлаа. Эдийн засгийн нөхцөл нь шавхагдаж дууслаа. Өнгөрөгч онд бид 7.4 их наяд төгрөгийн төсөв баталсан. Энэ оны төгсгөлд төсвийн орлого нэг их наядаар тасарна.
-Засгийн газрын бүтэц батлагдсан. Харин бүрэлдэхүүн нь хэрхэн орж ирэх бол?
-Засгийн газрын бүрэлдэхүүний тал дээр УИХ дахь МАН-ын бүлгээс хэд хэдэн шаардлагыг хүргүүлээд байгаа. Засгийн газрын бүрэлдэхүүн талдаа албан бус хэллэгээр давхар дээлээ тайлсан, УИХ гишүүн бус хүн Засгийн газрын гишүүнээр томилогдоосой, бид ухаалаг төр рүү алхах алхмаа хийнэ гээд Ерөнхийлөгчөөс эхлээд ярьж байна. Энэ удаа томилогдох сайд нар УИХ-аас битгий томилогдоосой гэж хүсч байгаа юм.
Ерөнхийлөгчийн зүгээс ч гэсэн үүнийг шахаж байгааг анзаарсан байх. Томилогдох сайд нар нь салбараа мэддэг мэргэшсэн хүн байгаасай. 2016 он хүрэхэд цаг хугацаа бага үлдсэн. Тиймээс салбараа мэдэхгүй хүн оччихоор салбартайгаа танилцах гэсээр байтал ихэнх хугацаагаа танин мэдэхүйн шинжтэй алдчих гээд байгаа юм. Өнгөрөгч хавар томилогдсон сайд гэхэд салбараа мэдэхгүй чуулган дээр үг хэлж чадахгүй газрын дарга, мэргэжилтнээсээ асууя гэж байна.
2016 он хүрэхэд цаг хугацаа бага үлдсэн
Үүнээс болоод төрийн үйл ажиллагаа алдагддаг. Түүнчлэн Ардчилсан нам боловсон хүчнийхээ бодлогод өөрчлөлт хийгээсэй гэж хүсч байна. Ардчилсан намын боловсон хүчинд 25 жил салхи орсонгүй. 25 жилийн өмнө Н.Алтанхуяг, Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл, С.Баярцогт байсан уу байсан. Гэтэл 25 жилийн хугацаа өнгөрчихөөд байхад Ардчилсан намын бодлого энэ хэдэн хүний хүрээнд л явж байна. Энэ хүмүүс бүгд өвгөрсөн, тэтгэврийн нас нь ойртсон.
25 жил энэ намын толгой дээр сандаалж байгаа төдийгүй, энэ намаар дамжуулан төрийн хүний нөөцийн бодлогод нөлөөлж байна. Ардчилсан нам яагаад шинэ эрч хүчтэй хүмүүсээ гаргаж ирдэггүй ийм сонин тогтолцоогоор яваад байгаа юм. АН-ыг гаднаас нь харахад фракц дагасан бүлэглэлийн шинж чанартай зүйл харагдаад байна шүү дээ. Шинэ чадварлаг хүн орж ирээсэй.
Түүнээс биш хэдэн хүнийхээ дотор битгий эргэлдээсэй гэж хүсч байна. Нэмж хэлэхэд хариуцлагын асуудлыг хамтад нь оруулж ирэх хэрэгтэй. Хариуцлага гэдэг зүйлийг бүтцийн өөрчлөлтөөр битгий далдлаасай. Өнөөдөр манайд хариуцлагагүйн зуд нүүрлэчихсэн.
Нэг жилийн хугацаанд л ажил хийх болов уу. Сонгуулийн шуугиан ч эхэллээ дээ?
-Ажил хийнэ гээд ард түмэн сонгочихоод байхад эрх биш юм хийх байлгүй дээ. Бид сөрөг хүчний байр сууринаас шахаж ажиллана.
-Ардчилсан нам 25 жил намдаа салхи оруулаагүй л бол Ардын нам ер нь салхи оруулдаг улс төрийн хүчин юм уу?
-Өнөөдөр хамгийн их салхи оруулж байгаа улс төрийн хүчин бол Ардын нам байна. Гэтэл 25 жил даргаа өөрчилдөггүй улс төрийн нам байна шүү дээ, цаана чинь. Ардчилсан нам үүний араас явж байгаа. Сүүлийн хэдэн жил Их хурлаа хийгээгүй, ЗХ-гоо хуралдуулаагүй. Үүнийг бид яриад байгаа юм биш.
Нам дотроосоо яриад байна. Ардын намыг аваад үзэхээр 1990 оны ардчилсан шинэ нийгэм цогцлоход намын бодлого тодорхойлж авсан хүмүүс өнөөдөр тэтгэврийн насандаа хүрсэн.
П.Жасрай агсан, Д.Содном, Ш.Гунгаадорж, буурал Очирбат дарга гээд намын гол удирдлагууд байна. 1990- ээд оны дундуур улс төрд орж ирсэн 1950-иад оныхон гэдэг С.Баяр, Н.Багабанди, Д.Лүндээжанцан, Д.Дэмбэрэл, Ө.Энхтүвшин, Ч.Улаан, Н.Энхбаяр гээд манай намд байсан гэх мэт хүмүүс арагш сууж байна. Намын удирдах түвшинд энэ хүмүүсээс хэн нь ч сонгогдоогүй.
Харин намын дэргэдэх бодлогын зөвлөлд орж ажиллаж байгаа. 1960.1970-аад оныхон намын бодлогыг авч явж байна даа. Би гэхэд 1990 онд долдугаар ангийн сурагч байсан. Үүнээс харахад 1990 оноос хойш гурав, дөрвөн удаагийн үеийн шинэчлэл хийгдсэн. Миний хамгийн үнэт зүйл гэж харж, ярьдаг хоёр зүйл бий.
АН-д бол ахмадуудынх нь л бодлого явж байна
Эхнийх нь манай нам Монгол Улсад тусгаар тогтнолыг авч ирсэн. Түүнийхээ төлөө явдаг. Аль болох асуудлын хамгийн эхэнд улс орноо тавихыг хичээдэг улс төрийн хүчин. Нөгөөх нь МАН ахмад, дунд, залуу үеийн хэлхээн дээр оршдог. Манай намд энэ гурван үеийн аль алиных нь бодлого явдаг. Харамсалтай нь АН-д бол ахмадуудынх нь л бодлого явж байна.
Эдийн засаг аюулын харанга дэлдэж байгаа энэ үед намын эрх ашгийг хааяа ч гэсэн умартах шаардлага тулгардаг. Засгийн газрын институциэр дамжуулж сонгуульд хандсан алхам хийх, хэтэрхий сонгуульд чиглэсэн үйлдэл хийх нь эргээд ард түмэн амьдралаараа төлдөг гашуун түүх бий. Тиймээс Н.Алтанхуяг дарга эрх ашгийнхаа эрэмбийг эх орны эрх ашгийг эхэнд тавиасай гэж бодож байна.
-Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдааны үеэр улаанбуудай оруулж ирсэн асуудал боссон...
-Монголын эдийн засгийг салбар салбараар нь цохин унагаж байна. Бидний хэлж байсан зүйлс хэдхэн сарын дараа биеллээ олоод байгаа. Тухайн үед болохгүй бүтэхгүйг нь хэлэхээр хүлээж авдаггүй байсан. Бид зөнч үзмэрчдээ тэгж хэлээд байдаг юм биш.
Ардын намын бүлгийн 26 гишүүн ард түмний дунд жаргал зовлон туучин гарч ирсэн, салбар салбартаа хатуу хөтүүг нь үзсэн, гадны байгууллагуудын судалгаан дээр үндэслэн манайхан хэлээд байгаа ухаантай.
2013 онд эдийн засаг огцом хүндрэх нь, Засгийн газрын бодлого намынхан албан тушаал, суудлаа алдсан болохоор түүнийгээ санагалзан Засгийн газрыг унагах гээд байна, МАНАН үүсгэх гэж байна" гээд Алтанхуягийгаа аваад үлдсэн. Галзуу хөгжүүлнэ гэж байсан ч хэдхэн сарын дараа ам.долларын ханш эрс өсч монгол төгрөгийн ханш навс унасан.
Манай улс өөрсдийн хөрсөнд ургасан улаанбуудайгаар хүнсний хэрэгцээгээ хангах боломжтой болоод иртэл гаднаас импортын улаанбуудай оруулаад ирлээ.
Газар тариалан эрхэлж буй хүмүүсийн хүч хөдөлмөр, байгаль дэлхий хураа хайрласны хүчинд жаахан ургац авсан. Гэтэл Монгол Улсын
ОХУ-аас агуулахын үлдэгдэл улаанбуудайг ачаад оруулаад ирсэн
Ерөнхий сайд Н.Аптанхуяг өөрөө зөвлөмж гарган чиглэл өгөөд ургацаа хурааж буй тариаланчид улаанбуудайгаа хурааж ажлынхаа үр шимийг үздэг энэ цагт нь ОХУ-аас агуулахын үлдэгдэл улаанбуудайг ачаад оруулаад ирсэн.
Үүнээс болж газар тариалангийн салбарт орсон олон аж ахуй нэгжийн хөрөнгө үнэгүйдэх, тэнд ажилласан хүмүүсийн хөдөлмөр талаар болох гэж байна. Газар тариалангийн бизнес эрхлэгчид, трактор комбайнч нараасаа эхлээд маш хүчтэй эсэргүүцэл илэрхийлж эхэллээ.
Одоо бол газрын дарга, Төрийн нарийн бичигтэй ярихаасаа өмнө салбарын сайдтай нь хариуцлага тооцох ёстой. Зургадугаар сарын нэгнээс хойш үр тариа импортлож болохгүй гээд Их хурлаас зөвлөмж гаргаад байхад зургадугаар сарын 24-нд үр тариа, гурил оруул гэсэн шийдвэр гаргасан Ерөнхий сайдтай хариуцлага тооцох цаг болсон.