А.Батзориг: Давтан осол гаргасан жолоочийн хураамжийг өндөр тогтоох хэрэгтэй
"Тэнгэр даатгал" компанийн гүйцэтгэх захирал А.Батзоригтой ярилцлаа.
- Таны бодлоор Жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын тухай хууль нийгэмд ямар өөрчлөлт авчирсан бэ?
Уг даатгалын ачаар хүмүүс даатгалын ач холбогдлыг ойлгодог болсон. Авто замын осол, аваартай холбоотой санхүүгийн эрсдэл багассан.
Гэхдээ зах зээл гэдэг утгаараа даатгал нь ашигтай байх ёстой. Хэрэв даатгалын компаниуд цаашид урт хугацааны туршид, одоогоор үйлчилж буй хуулийн дагуу ажиллавал алдагдалд орох өндөр магадлалтай. Анхнаас нь хатуу заагаад өгчихсөн хураамжийн хэмжээ инфляцийн нөлөөгөөр цаг үедээ нийцэхээ болилоо.
- Та бүхний тооцоолсноор хураамжийн хэмжээ ямар байвал зохистой вэ?
Албан журмын даатгагчдын холбоо, Санхүүгийн зохицуулах хороо, даатгалын компаниудын төлөөлөл нийлсэн ажлын хэсэг томилогдоод хураамжийн итгэлцүүрийг дахин тооцоолохоор ажиллаж байгаа. Компаниудаас зардлын талаархи шаардлагатай мэдээллийг цуглуулсны дараа түүндээ үндэслээд хураамжийг шинэчилнэ гэж ойлгож байна. Тиймээс одоогоор яг тэд эд гэж хэлэхэд хүндрэлтэй.
2013 онд 16 даатгалын компани 419357 даатгалын гэрээ байгуулжээ
Ер нь жолоочийн албан журмын даатгал бол маш эрсдэлтэй бүтээгдэхүүн бөгөөд зөвхөн хохирогчид чиглэсэн шинжтэй. Хэдийгээр тухайн даатгуулагчийн нөхөн төлбөрийн түүхийг харгалзаж, тодорхой итгэлцүүрээр тооцож байгаа боловч суурь хураамж бага учраас баригдмал байдалтай байна.
- Төрийн байр суурины хувьд алдагдалд орох эсэх нь зөвхөн компаниудын өөрсдийнх нь хэрэг гэсэн агуулгатай байгаа. Энэ талаар юу хэлэх вэ?
Гурван жилийн өмнө хууль батлахад биднээс хураамжийн талаар санал авч байсан. Гэтэл одоо зах зээлийн нөхцөл байдал шал өөр болчихсон, хураамжид өөрчлөлт оруулах зайлшгүй шаардлага тулгарсан. Нөхөн төлбөр ихэссэн ч хураамж нь хэвээрээ байна.
- Суурь хураамжийг өөрчлөх ямар нэгэн боломж хуулинд байгаа юу?
Итгэлцүүр хэрэглэх журмыг Санхүүгийн зохицуулах хороо тогтооно гэж хуулинд заасан. Тэгэхээр СЗХ хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төсөл боловсруулж УИХ-д хандах замаар хураамжийг өөрчлөх боломжтой.
- Замын хөдөлгөөний өндөр эрсдэлтэй, өрхийн орлого доогуур нөхцөлд хураамжийн хэмжээг хамаагүй өсгөж болохгүй биз дээ?
Зах зээлийн шаардлагыг дагаад хураамжийн хэмжээг өсгөчихвөл өрхийн санхүүд дарамт болох магадлалтай. Энд хоёр зүйлийг хэлье. Нэгдүгээрт хураамж авдаг арга хэлбэрээ өөрчилмөөр байна. Тодруулбал бөөн дүнгээр бус улирлаар ч юмуу цувуулж авбал дарамт бага ирнэ. Хоёрдугаарт харилцагчийн эрсдэлд нь тулгуурласан нөхцөлтэй нөхөн төлбөр олгодог болвол зохистой. Дүрэм зөрчдөг, осол аваар тогтмол гаргадаг харилцагчийн хураамжийг өндөр тавьж өгөх хэрэгтэй. Харин эрсдэл гаргадаггүй ухамсартай жолоочоос хураамж бага авах ёстой. Энэ нь хүмүүст аажмаар өөрсдийгөө эрсдлээс хамгаалдаг, хариуцлагатайгаар замын хөдөлгөөнд оролцдог соёл суух хөшүүрэг болно.
- Хууль санаачлагчид хууль гаргахдаа жолооч нарыг хариуцлагажуулна гэж ярьж байсан. Гэтэл байдал засарсангүй?
Гэрээнд жолоочийн хариуцах хэсэг гэдгийг чангатгах хэрэгтэй. Одоогоор даатгалын түүхийг нь харгалзсан ганцхан И2 гэсэн итгэлцүүрээр тооцож байгаа. Хэдэн ч удаа байсан хамаагүй 100 хувь олгоод байхаар нөгөө хариуцлага гэдэг үгний маань утга учир алдагдаад байна. Өөрөөр хэлбэл осол гаргасан хүн хариуцлагатай байхгүй бол болохгүй юм байна гэсэн сургамж авахгүй байна.