Өндөрхаан-Мөнххаан- Баруун-Урт чиглэлийн 177.9 км авто замын хөдөлгөөнийг нээлээ
Замын нийт урт 177.9 км юм.
2014.11.03

Өндөрхаан-Мөнххаан- Баруун-Урт чиглэлийн 177.9 км авто замын хөдөлгөөнийг нээлээ

Өнгөрөгч бямба гаригт Өндөрхаан-Мөнххаан- Баруун-Урт чиглэлийн 177.9 км авто замын хөдөлгөөний нээлт Сүхбаатар аймгийн төвд боллоо.

Замын хөдөлгөөний нээлтэд УИХ-ын дарга З.Энхболд, Шадар сайд Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн М.Зоригт, Ж.Батзандан, Монгол Улсын Их Хурлын даргын ахлах зөвлөх, Ажлын албаны дарга С.Ламбаа, Зам тээврийн дэд сайд Х.Ержан, Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь болон албаны бусад хүмүүс оролцсон юм.

Өмнө нь 10 гаруй цаг авто машинаар явж Улаанбаатарт ирдэг болсон бол одоо зургаан цаг орчим яваад ирдэг болжээ. Замыг стандартын дагуу “Арж капитал”, “Түм арвижих”, “Эм Ай Эл”, “Ар Си Эс Си" компаниуд барьж гүйцэтгэсэн байна.

Замын хөдөлгөөний нээлтэд оролцсон УИХ-ын дарга З.Энхболд “Шинэчлэлийн Засгийн газар 2016 он гэхэд бүх аймгийн төвийг нийслэл хоттой хатуу хучилттай авто замаар холбох томоохон зорилтыг дэвшүүлж, нийтдээ 5400 гаруй км авто замын ажил хийхээр төлөвлөсөн. Сүүлийн хоёр жилийн хугацаанд 2500 км авто замыг барьж, их бүтээн байгуулалтын ажлыг эрчимтэй өрнүүлж байна. 85 жилийн түүхтэй Авто замын салбар 2012 он хүртэлх хугацаанд зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай авто замаар холбож байсан бол шинэчлэлийн Засгийн газрын үед хоёрхон жилийн дотор зургаан аймгийн төвийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбож байна.

Удахгүй Хөвсгөл аймгийн төвийг нийслэл хоттой холбох 263 км авто замын хөдөлгөөнийг нээх гэж байгаа бол өнөөдөр миний бие Сүхбаатар аймгийн төвийг улсынхаа нийслэлтэй холбох 177.9 км хатуу хучилттай авто замын хөдөлгөөнийг нээх ёслолд оролцож байна" гэлээ. Түүнчлэн Их хурлын дарга “Энэ замыг тавихад М.Зоригт гишүүн их үүрэг гүйцэтгэсэн шүү” гэхэд нээлтэд оролцогчид шинэхэн замаа “Зоригтын зам” хэмээн нэрлээдхэв.

Харин Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь “Энэ зам Ази Европыг холбосон зам болно. Далайд гарцгүй манай орон Бичигтийн боомтоор дамжуулан далайд гарах гарц нээгдлээ” гэдгийг онцолсон юм. УИХ-ын гишүүн М.Зоригт “Шинэчлэлийн Засгийн газар байгуулагдсан хоёр жилийн хугацаанд УИХ, Засгийн газар аль аль нь . манай аймгийг анхаарч байна. Бид ганцхан авто зам ч биш маш олон ажлыг хийж ард нь гарлаа.

Энэ зам ганцхан Сүхбаатарчуудынх биш. Бүх монголчуудын зам, хөгжлийн зам шүү. Сүхбаатарын урд хэсэг Эрдэнэцагаан сум Хятадаас эрчим хүч авдаг байсан бол эрчим хүчний шугамтай боллоо” гэсэн юм.

Замын хөдөлгөөний нээлтийн дараа “Таван эрдэнэ” малтай хорооллын үйл ажиллагаатай УИХ, Засгийн газрын гишүүд танилцав. Аймгийн төвд мал олноор байх нь хүн амын эрүүл мэнд, ялангуяа малаас хүнд халдах халдварт өвчин гарах, хотын тохижилт соёлжилтонд сөрөг нөлөө үзүүлэх өндөр магадлал байсан тул аймгийн төвөөс мал гаргах үйл ажиллагааг авч хэрэгжүүлсэн байна. Малтай хороолол аймгийн төвөөсөө долоон км-ийн зайтай байдаг аж.

Тус аймагт 200 хүүхдийн хүчин чадалтай дотуур байрны барилгыг улсын төсвийн 2.3 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр богино хугацааны дотор чанарын өндөр түвшинд гүйцэтгэн ашиглалтад оруулсан нь үдээс хойш тууз хайчилснаар нээлтээ хийлээ.Түүнчлэн “Боловсрол” хотхон болон ахмадын сувиллын нээлт энэ үеэр болсон юм.