Мөнгөний бодлогын талаар гишүүд хэлж байна
Төрөөс ирэх онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч хойшуулав.
2014.11.05

Мөнгөний бодлогын талаар гишүүд хэлж байна

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Төрөөс ирэх онд баримтлах мөнгөний бодлогыг хэлэлцэхээр төлөвлөсөн ч хойшуулав. Ирэх оны мөнгөний бодлогод эдийн засагт үүсээд буй хүндрэл, шалтгааныг бодитой тооцоолсон төдийгүй цаашид төсөв мөнгөний бодлогыг уялдуулж нэг дор хэлэлцэх шаардлагатай талаар зарим гишүүн өмнө нь хэлж байсан юм. Мөнгөний бодлогын тагаар УИХ-ын зарим гишүүний байр суурийг хүргэж байна.

 Д.Зоригт: Төв банк хүндрэлтэй орчинд ажилласаар ирлээ

Монголбанк сүүлийн хоёр жил туйлын хүнд, сөрөг, амаргүй орчинд ажиллалаа. Нэгдүгээрт, гадаад худалдааны орчин эрс муудсан. Төмөр, нүүрс гээд олон нэр төрлийг хэлж болно. Хоёрдугаарт, дотоод орчин тун таагүй байлаа. 2010-2013 онд 'УИХ, Засгийн газрын гаргасан хэд хэдэн шийдвэр сөрөг нөлөөтэй байлаа.

УИХ-ын гишүүн Д.Зоригт

Хайгуулыг зогсоосон, Оюутолгой цаашаа явдаггүй, Тавантолгойн гацалт, өсөн нэмэгдэх роялтиг алтан дээр тавьсан, урт нэртэй хууль гаргасан, 106 лицензийн цуцлалт, нэг өдөр Засгийн газрын шийдвэрээр 1300 лиценз цуцалсан, төмөр замын ажил саатсан гээд энэ бүх ажлын нөлөөн дээр төлбөрийн тэнцэл, үүн дотор гадаад худалдааны тэнцэл, хөрөнгө оруулалт эрс буурсан.

Үзүүлэлт хасах тэмдэгтэй гарсан. Валютын орох урсгал саарсан. Ийм хүндрэлтэй нөхцөлд үйл ажиллагаа явуулж ирлээ гэж харж байна.

 Ц.Баярсайхан: Үнэ тогтворжуулах хөтөлбөрүүд үр дүнгээ өгсөн

-2013-2014 онд Монголбанкны явуулсан үйл ажиллагаа бүхэлдээ эдийн засгийг эрүүлжүүлэх, дотоодын үйлдвэрлэлийг дэмжих, төлбөрийн тэнцлийг сайжруулах, макро эдийн засгийн зорилтуудыг хангахад маш сайн ажиллалаа гэж би ойлгож байгаа.

УИХ-ын гишүүн Ц.Баярсайхан

Чадаагүй бол ингэж бид эдийн засгийн өсөлтийн тухай ярихад хүнд байсан. 2013 онд эдийн засаг 11.7 хувиар өслөө. Энэ өсөлтийн том жин буюу 8-9 хувийг Монголбанкнаас явуулсан мөнгөний бодлого хангасан гэж дүгнэлтэнд гарч байсан. Өнөөдөр ханш яриад л байдаг Гэтэл ханшийн өсөлт нь сайн муу хоёр талтай.

Бидний тансаг хэрэглээ, үргүй зардал буурч, төлбөрийн тэнцэл, гадаад худалдааны тэнцэл сайжирч, экспорт нэмэгдэж, импорт тодорхой хэмжээгээр багаслаа. Зөвхөн барилгын салбарт гэхэд бид 30, 40-өөд бүтээгдэхүүнийг гаднаас авах шаардлагагүй боллоо.