БНСУ-д ажиллаж байгаа иргэдэд эх орондоо орон сууц худалдан авах нөхцөлийг бүрдүүлнэ
НИТХ-ын төлөөлөгчид энэ сарын 3-6-ны өдрүүдэд БНСУ-д албан айлчлал хийж байна
2014.11.06

БНСУ-д ажиллаж байгаа иргэдэд эх орондоо орон сууц худалдан авах нөхцөлийг бүрдүүлнэ

НИТХ-ын төлөөлөгчид энэ сарын 3-6-ны өдрүүдэд БНСУ-д албан айлчлал хийж байна.

Тэд Сөүл хотын иргэдийн хурлын төлөөлөгчидтэй өчигдөр уулзаж, хэд хэдэн томоохон асуудлыг хэлэлцлээ. Мөн энэ үеэр нийслэл хотын шинэ төвийг БНСУ-даа тэргүүлэгч компаниар гүйцэтгүүлэх талаар санал солилцож, ирэх онд тохиох Улаанбаатар Сөүл хотуудын ах дүүсийн найрамдалт хамтын ажиллагааны 20 жилийн ойг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлэх тухай хэлэлцсэн юм.

Энэ удаагийн айлчлал 2 хотын хурлын байгууллагын харилцааг шинэ шатанд гаргаж, хөгжүүлнэ гэдэгт талууд итгэлтэй байгаагаа илэрхийлсэн юм. Манай улсын хувьд хамгийн олон иргэд нь ажиллаж амьдардаг БНСУ-д байгаа иргэдийн 70 гаруй хувь нь Улаанбаатар хотын иргэд байдаг.

Эдгээр иргэдэд эх орондоо ирэхэд нэн түрүүнд тулгамддаг асуудал бол орон сууцны байрны үнэ хэт өндөр, ажлын байр хомс зэрэг юм.

НИТХ-ын тэргүүлэгч А.Гантулга “Энэ удаагийн айлчлалын бас нэг гол зорилго бол БНСУ-д ажиллаж, амьдарч байгаа манай улсын иргэд эх орондоо орон сууцны байр худалдан авах нөхцөл бололцоог судлах, улмаар хангах юм.

Ингэснээр баялагаа өөрсдөө бүтээж, эх орондоо хөрөнгө оруулалт хийх зэрэг олон талын ач холбогдолтой юм” гэлээ. Албан айлчлал 11-р сарын 6-ыг хүртэл үргэлжилнэ.