С.Эрдэнэ: Надаас болж тамирчдыг явуулаагүй гэдэг худал
УИХ-ын гишүүн С.Эрдэнэ
2014.11.11

С.Эрдэнэ: Надаас болж тамирчдыг явуулаагүй гэдэг худал

Монголын үндэсний сагсан бөмбөгийн холбоо (МСБХ)- ны тэргүүн хэмээх сонгуульт ажилтай нь холбоотой мэдээлэлд УИХ-ын гишүүн С.Эрдэнэ өчигдөр тайлбар хийлээ. Түүний буруугаас болоод элсний наадамд манай тамирчид явж чадаагүй, үүнтэй холбогдуулан С.Эрдэнэ Монголын олимпийн хороо (МҮОХ)-ны ерөнхийлөгчийг энэ асуудалтай холбогдуулан шүүхэд өгсөн гэсэн мэдээлэл гарсан юм. Тэгвэл тэрбээр энэ бүхнийг няцаав.

Манай улсад сагсан бөмбөгийн хоёр ч холбоо бий. Монголын сагсан бөмбөгийн холбоо ууган нь, харин эрхэм гишүүн МСБҮХ-г нь удирддаг юм. Тэд хоорондоо маргаан- тай байгаа аж. С.Эрдэнэ гишүүний аав ууган холбоог байгуулалцаж, ерөнхий нарийн бичгийн даргаар нь ажиллаж байжээ.

Мөн 1992 оноос Ахмадын сагсан бөмбөгийн тэмцээнийг санаачилсан аж. Тэрбээр "Тиймээс энэ тэмцээнийг аавын минь нэрэмжит болгож өгөөч, бид үйл ажиллагааг нь санхүүжүүлье гэж хүссэн. Тэд ч зөвшөөрсөн. Гэвч гур- ван жилийн турш тэмцээнээ халтуурдсан, манай гэр бүлийг хуурсан. Гэгээд ч уг холбоо 10 орчим жил хурлаа хийгээгүй, татварын өртэй нь тодорхой болсон. Тиймээс залуустайгаа ярилцаад МҮСБХ-г байгуулсан” гэв.

Эндээс л зөрчил эхэлсэн бололтой. МСБҮХ-ноос сүүлийн хоёр жилийн турш гаднын легионер тамирчид, өндөр зэрэглэлийн дасгалжуулагч нар авчирсан нь манай тамирчдын ур чадвар өсөхөд нөлөөлсөн. Улмаар Инчоны Азийн наадамд манай баг тун амжилттай оролцож, Монголд сагсан бөмбөг хөгжиж байгааг харуулсныг тэр онцолсон.

Мөн МСБХ-ны багш, дасгалжуулагч нар нь өөрсдөө холбоогоо шүүхэд өгч, улмаар шүүхээс “Сүүлийн хурал, сонгосон удирддага нь хууль бус юм байна. Дахин хурлаа хийж удирддагаа сонготол үйл ажиллагааг нь түр зогсоо” гэсэн шийдвэр гаргасан гэнэ.

Гэтэл МҮОХ-ноос хуучин холбооны нэрээр элсний наадамд тамирчид явуулах гэсэн юм байна. Энэ талаар С.Эрдэнэ “Шүүхээс үйл ажиллагааг нь зогсоосон холбооны нэр дээр тамирчид явуулж болохгүй гэдгийг би МҮОХ-ныхонд сануулсан.

Түүнээс би тамирчдыг явуулаагүй юм биш. Тамирчдыг МҮОХ өөрийн нэрээр тэмцээнд оролцуулах боломж нь одоо ч бий. Бас Загдсүрэнг шүүхэд өгөөгүй" гэлээ. Мөн “Тэд миний нэр хүндэд халдах гэж зориуд ийм мэдээлэл цацлаа” гэсэн юм.