А.Ганболд: Манай ахмадууд ерөөсөө мөнгө нэхдэггүй. Хамгийн гол нь...
Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболд
2014.11.14

А.Ганболд: Манай ахмадууд ерөөсөө мөнгө нэхдэггүй. Хамгийн гол нь...

Налайх дүүргийн ИТХ-ын дарга А.Ганболдоос тус дүүрэгт ахмадын амьдрал хэр байгаа талаар ярилцлаа.

-Нийслэлээс алслагдсан Налайх дүүрэгт амьдардаг ахмадуудын амьдрал хэр байна вэ?

Монголын ахмадууд тэтгэвэрт гарлаа гээд гараа хумхиж суухыг хүсдэггүй болохоор манай ахмадууд эрвийх дэрвийхээрээ өөрийн боломжоороо ажил хөдөлмөр хийдэг. Тэдэнд оюуны болон ажил хөдөлмөрийн асар их капитал байдаг учраас хийж бүтээх асар их хүсэлтэй байдаг.

Ногоо тарих, чацаргана тарих, тахиа гахай үржүүлэх, мод тарих гээд олон төслийг дүүрэгт бичиж ирүүлдэг. Гэхдээ манай Налайх дүүргийн ахмадууд нөгөө талдаа бусдаас арай онцлог байдаг. Уурхайд насаараа ажилласан, ажилчин ангийн гаралтай хүмүүс байдаг. Налайхын уурхайд хүн 55 нас хүрчихээд гүн рүү нь орж ажиллах боломжгүй болдог.

-Уурхайгаас тэтгэвэрт гарсан хүмүүс хичнээн байдаг вэ?

Налайхын ахмадууд дандаа ажилчин ангийнхан байсан учраас

мэргэжлээс шалтгаалах өвчний групптэй 448 хүн, дээрээс нь налайхын уурхайгаас тэтгэвэрт гарсан 320-иод хүн нийтдээ 700 гаруй хүн групп, тэтгэвэртэй байдаг.

Эдгээр хүмүүсийн нийгмийн асуудлыг анхаарахгүй бол тэд зөвхөн групп, тэтгэврээр амьдарна гэдэг хэцүү шүү дээ. Тиймээс зарим талаар гишүүдийн зүгээс санаачилж байгаа Хамтын тэтгэврийн хуулийг яаравчлан батлуулах шаардлагатай гэж боддог. Орь залуу наснаасаа олон жил хамт амьдарч байтал нэг нь өнхрөөд өгчихөөр хэцүү байдалд орох нь гарцаагүй.

Тиймээс төрөөс анхаарч энэ асуудалд тусгайлан анхаарах хэрэгтэй.  Түүнчлэн Хүүхэд харах үйлчилгээний хуулийн бас батлаад өгөх хэрэгтэй. Гэртээ суудаг олон сайхан ахмадууд, эмээ нар байна. Тэд үр хүүхэддээ сургах сургаалиа хэлэх зүйл ихтэй гэдэг талаас нь харвал соёл хүмүүжлийн асар их мэдлэг тэдэнд бий. Тэдний хүчийг ашиглаж, нийгэмдээ тустай ажил хийх хэрэгтэй.

-Ахмадуудын талаар хэрхэн анхаарах ёстой вэ, төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод хэрхэн тусгах ёстой вэ?

Налайх бол ажил хөдөлмөр ид оргилж, амьдрал буцалж байдаг, итгэл үнэмшилтэй хүмүүсийн цөм дүүрэг юм. Тиймээс манай хүмүүс их ажилсаг.  Зарим талдаа ахмадууд хэд хэдээрээ нийлээд өргөсгүй чацаргана таримаар байна газрын асуудлыг шийдээд өгөөч гэж хүсдэг. Жижиг дунд үйлдвэрлэлтэй холбоотойгоор их олон төсөл бичдэг. Хүлэмжийн аж ахуйг хөгжүүлье, эсгий оёдол хийе гэсэн улсууд их байдаг.

Тиймээс Ахмадын хуулийн шинэчлэлдээ ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжсэн зохицуулалтыг оруулж өгөөсэй гэж хүсч байна. Манай ахмадууд ерөөсөө мөнгө нэхдэггүй. Хамгийн гол нь ажил хөдөлмөр, бизнес хийх боломж олгооч гэж хүсдэг.

-Ярилцсанд баярлалаа.