Өргөдлийн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулав
Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Дорноговь аймагт ажилласан тухайгаа танилцуулав.
2014.12.01

Өргөдлийн байнгын хорооноос хэлэлцүүлэг зохион байгуулав

Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хорооноос “Дорноговь аймгийн Цагаан дэлийн агуй, Хутаг уул, Чандмань хар уулын бүс нутаг дахь  байгаль орчны хууль тогтоомжийн хэрэгжилт” сэдэвт хэлэлцүүлгийг /2014.11.28/ төрийн ордонд зохион байгуулав.

Хэлэлцүүлгийн үеэр Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар Дорноговь аймагт ажилласан тухайгаа танилцуулав. Тэрээр, Монгол орон даяар уул уурхай нь ард иргэдийн амьдралд нийцэхгүй байна. "Дэлэнт дээшээ уутат уруугаа" гэдэг монгол үг бий.

Монголчууд мал аж ахуйгаа хөгжүүлвэл мянга мянган жил үр хүүхдүүддээ өвлүүлэх хөрөнгө байна. Гэхдээ уул уурхайг ашиглахаа боль гэж байгаа юм биш. Маргааш дэлхий сөнөх гэж байгаа юм шиг улангасан дайрдагаа болих хэрэгтэй. Дорноговь аймгийн хувьд үнэхээр байдал хүндэрсэн. Үр хойч нь залбирч явах газар нутаггүй болж байгаа тухай онцлон хэлэв.

Дорноговь аймгийн Хөвсгөл сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мөнхцэцэг Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороо бидний саналыг сонсч энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байгаад талархаж буйгаа илэрхийлэв.

Анх 2004 онд Хөвсгөл сумын Хутаг ууланд хайгуулын тусгай зөвшөөрөл олгосон. Нутаг усны иргэдийн шүтээн болсон энэхүү уул нь “Элстэй” багт байрладаг. Тус багийн иргэдийн зүгээс Хутаг уул усгүй боллоо, ан амьтан үгүй боллоо гэсэн гомдол олон ирж байсан. Энэхүү шүтээн хайрхан бол ган зуд болоход нутгийн иргэд бараадаж буудаг жилийн дөрвөн улиралд хүн малын хөл тасардаггүй.

Гэтэл сүүлийн үед 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрөөс ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох нь гэсэн мэдээлэл гарах болсон. Тиймээс бид Ашигт малтмалын газар болон Байгаль орчин, ногоон хөгжлийн яам, Аймгийн засаг даргад албан бичиг явуулсан. Хариу нь тодорхойгүй зүйл ирсэн. Ингээд Улсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороонд хандсан тухайгаа танилцуулав.

Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон Уул уурхайн яам, Соёл, спорт аялал жуулчлалын яам, Хууль зүйн яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар зэрэг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага,  нутгийн иргэдийн төлөөллүүд оролцов.

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатараар ахлуулсан ажлын хэсгийн гишүүд өнгөрсөн сарын эхээр Дорноговь аймгийн Айраг сумын Цагаан дэлийн агуй, Хөвсгөл сумын Хутаг уулын нөхцөл байдалтай газар дээр нь танилцсан юм.

Дорноговь аймгийн Айраг сумын нутаг дахь Цагаан дэлийн агуй нь 1,2 км-ийн урттай Монголын хамгийн урт агуйн нэг. Тус агуй нь Дорноговь аймгийн Айраг сумын нутагт Их нартын хадны зүүн талын төгсгөлийн цав толгодын дунд Айраг сумын төвөөс баруун тийш 30 гаруй км зайд оршдог. Уг агуй нь 1968 онд хайлуур жонш олборлож байсан 27 дугаар сувагт дэлбэрэлт хийх үед доргилтоор нурж нээгдсэн байна хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.