Д.Оюунхорол: Бүтэц ярихдаа "давхар дээл"-гүй байх байр сууриндаа хатуу зогсоно
МАН бүлэг хэвлэлийн бага хурал хийв.
2014.12.02

Д.Оюунхорол: Бүтэц ярихдаа "давхар дээл"-гүй байх байр сууриндаа хатуу зогсоно

МАН өчигдрийн бүлгийн хурлынхаа дараа Бага хурлаас гарсан шийдвэрийн талаар намын Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол, Н.Номтойбаяр нар мэдээлэл хийж сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Ажлын хэсэг дээр зөвшилцсөн гол зүйл нь юу байсан бэ?

Зөвшилцлийн ажлын хэсэг байгуулж, манай намын зургаан гишүүн АН-ын бүлэгтэй дөрвөн удаагийн хэлэлцээр хийж, гурван өдөр ажилласан. Аль аль нам өөрийн бодлого зарчмыг барьж хэлэлцээрт орсон. Хэлэлцээр тийм амар байгаагүй. МАН-ын бүлэг гэхэд дөрвөн удаа хуралдаж ажилласан.

Хэлэлцээрийн явцад намын гишүүд ч эсрэг тэсрэг байр суурь хэлж байсан. Жишээ нь Ц.Нямдорж гишүүн “Хамтарсан засгийг байгуулж болно. Байгуулахдаа зөвхөн МАН, АН-тай хамтран байгуулах хэрэгтэй. Ийм тохиолдолд Ерөнхий сайдаар жишээ нь Х.Баттулга гэдэг хүнийг томилно гэвэл МАН-ыг хамтарсан Засгийн газарт орохгүй байхыг шаардана. Эсвэл би намаасаа гарсан ч яахав" гэсэн агуулгатай мэдэгдэл хийж байсан.

Ийм зүйл болоогүй учраас намаас гарах орох, эсвэл гомдсон зүйл тээгээгүй. Бүтэц, бүрэлдэхүүний талаар өнөөдрөөс /өчигдөр/ зөвшилцлийн ажлын хэсэг дахин ярилцах ёстой гэж үзэж байгаа. Манай намын бүлгийн гол зарчим бол цомхон, чадварлаг, мэргэжлийн Засгийн газар байгуулах ёстой гэсэн шаардлагыг үргэлжлүүлэн тавих ёстой гэдгийг бүлгийн хурлаар ярьсан.

-МАН Засгийн газарт хамтарвал эдийн засаг сайжрах мэт ярих юм. Сөрөг хүчин чигээрээ эдийн засгийн хямралын эсрэг ажиллаж болохгүй байсан юм уу?

Өнгөрсөн хугацаанд бодлого гаргаж боловсруулах төвшиндөө зарим яриа хэлэлцээрт бид оролцож чадалгүй өнгөрөөсөн. Тиймээс МАН-ын төр барьж байсан туршлага, боловсон хүчний нөөцийг улс орон хямарсан энэ үед ашиглах нь зүйтэи гэж бодож байна. Улс төрийн соёл гаргаж байна.

-Шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнийг ярихад “Давхар дээл” дээр танай бүлэг ямар байр суурьтай байх вэ?

Сөрөг хүчин байхдаа бидний барьж байсан гол зарчмын нэг бол “давхар дээл”-ийн тухай асуудал. Ерөнхийлөгчөөс өргөн барьсан энэ хуулийн төслийг манай нам дэмжиж байсан. Энэ байр суурь хэвээрээ байгаа. Үндсэн чиг үүргийн яамны сайд нь УИХ-ын гишүүн байж болно. Энэ нь 30 хувь. Үлдсэн 70 хувь нь гаднаас мэргэжлийн сайд нарыг томилох нь зүйтэй гэсэн зарчим хэвээрээ байгаа.

Үндсэн чиг үүргийн яамны сайд нь УИХ-ын гишүүн байж болно. Энэ нь 30 хувь. Үлдсэн 70 хувь нь гаднаас мэргэжлийн сайд нарыг томилох нь зүйтэй гэсэн зарчим хэвээрээ байгаа.

Бүтцийн асуудлаархи ажлын хэсгийн хэлэлцээрт энэ зарчмаа хатуу барина гэж байгаа. Богино хугацаанд хамтарч засаг барих энэ хугацаанд асуудлаа мэддэг, чадвартай хүн байх нь чухал. Тиймээс боловсон хүчний шалгуур дээр анхаарна гэдэг байр суурьтай байгаа.

-Өмнөх Засгийн газарт АН хамтарч байгаад сонгууль дөхөхөд засгаас гарсан. Түүн шиг танайх гэнэт засгаас гарахгүй гэх баталгаа байна уу?

Хоёр зүйл тайлбарлая. 2012 оны сонгуулийн дараа Засгийн газар байгуулахад МАН засагт ороогүй байж, одоо орлоо гэх яриад байх шиг байна. Тухайн үед Ерөнхий сайд байсан Н.Алтанхуяг санал тавиагүй учраас МАН ороогүй. Хоёрдугаарт, Засгийн газраас гарах эсэх баталгаа байна уу гэж байна. Бид ачааны хүндийг үүрч ирсэн улс төрийн хүчин учраас өнөөдөр нэг зүйл яриад маргааш өөр зүйл хийдэг нам биш. АН баримтална гэсэн зарчмууд дээрээ хэр сайн зогсохоос шалтгаална.