Залуу эрдэмтэд мэдлэгээ баялаг болгоно
Монголын Залуу Эрдэмтдийн холбоо
2014.12.04

Залуу эрдэмтэд мэдлэгээ баялаг болгоно

Монгол Улс уул уурхайд түшиглэсэн эдийн засгаас мэдлэгт суурилсан эдийн засагтай орон болох хэтийн зорилго тавьсан.

Ийм эдийн засагтай орон болоход шинжлэх ухаан – төр – бизнесийн хамтийн ажиллагаа маш чухал.

Монгол Улс мэдлэгийг баялаг болгох үйл явцын эрх зүйн зохицуулалтын хүрээнд Инновацийн тухай хууль, Гарааны компани байгуулах журам зэргийг батлан хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Тэгвэл Монголын Залуу Эрдэмтдийн холбооноос Залуу эрдэмтэд судлаачдын оюуны бүтээлийг эдийн засгийн эргэлтэнд оруулах, гарааны компани байгуулан хөгжүүлэх үйл ажиллагааг эхлүүлжээ.

Дээрх арга хэмжээний хүрээнд Монголын залуу эрдэмтдийн холбоо(МЗЭХ) болон Стартап Монгол ТББ хооронд хамтран ажиллах санамж бичгийг өнөөдөр байгууллаа.

Тус хоёр байгууллагын хамтын ажиллагааны хүрээнд шинжлэх ухааны үр дүнг эдийн засгийн эргэлтэнд оруулах, гарааны бизнесийг хөгжүүлэх, технологи дамжуулалт зэрэг олон чиглэлээр хамтран ажиллах юм байна.

Монгол залуусын хамтын ажиллагааны хүрээнд хийгдэх эхний ажил нь БШУЯ, МЗЭХ, ШУА, ШУТС-аасөнгөрсөн 10 дугаар сард хамтран зохион байгуулсан “Хүрэл тогоот-2014” эрдэм шинжилгээний хурлын шилдэг бүтээлийг олон нийтэд таниулах, судалгаа шинжилгээний үр дүнг үйлдвэрлэл, бизнесын үйл ажиллагаанд нэвтрүүлэх боломжийг бий болгох зорилгоор “Startup Weekend” арга хэмжээг хамтран зохион байгуулахаар тогтжээ. Тус арга хэмжээнд бизнес, хөрөнгө оруулагчдын төлөөлөл мөн оролцох  юм байна.