Х.Болорчулуун: Өтгөн манан татуулахаар нэгдсэн 73-т гурван хүний хяналт багадахгүй
УИХ-ын гишүүн Х.Болорчулуун
2014.12.08

Х.Болорчулуун: Өтгөн манан татуулахаар нэгдсэн 73-т гурван хүний хяналт багадахгүй

УИХ-ын гишүүн Х.Болорчулууныг “Ярилцах танхим”-даа урьж, цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Бие даагчдын зөвлөл “Сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ” гэж мэдэгдсэн цагаас эхлээд зарим улстөрч та бүхнийг үл ойшоосон байдал ажиглагдах боллоо. “ Гурван гишүүн сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэж юу байхав” гэх зэргээр.  Та энэ бүхэнд ямар хариулт өгөх вэ?

-Юуны түрүүнд монголчуудын 70 гаруй хувь нь нам бусчууд гэдгийг хэлэх нь зүйтэй байх. Тэр хүмүүс өөрсдийн үзэл бодлыг илэрхийлж, эрх ашгаа хамгаалуулахын тулд бие даагчдыг УИХ-д сонгосон. Энэ ч утгаар нь бид тэдний итгэлийг нь хөсөрдүүлэхгүйн төлөө өнөөдрийг хүртэл хэнд ч худалдагдаагүй өөрсдийн итгэл үнэмшил дээр тулгуурлан үйл ажиллагаагаа явуулж ирсэн.

Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагасны дараагаас эхлээд л УИХ-д суудалтай бүх нам, эвсэл, зөвлөлтэй хамтарч их эвслийн Засгийн газар байгуулна гэсэн утгатай зүйлийг эрх баригчид ярьж эхэлсэн. Энэ нь бие даагчдын зөвлөлд таалагдаагүй. Ямар ч сөрөг хүчингүйгээр үйл ажиллагаа явуулна гэдэг мэдээж ард түмэнд ч таалагдаагүй гэж бодож байгаа. “Хазааргүй морь, хяналтгүй төр осолтой” гэдэг үг байдаг. Эрх мэдэлд ташуурсан хүмүүс юу ч хийхээс буцахгүй болчихдог учир бид Монголын улс төрд өтгөн манан татуулахаар нэгдэж байгаа

УИХ-ын 73 гишүүнд хяналт тавьж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхээр шийдсэн юм. Зарим нэг хүн биднийг сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадахгүй гэж үл ойшоож байгаа нь харин ч айсандаа иймэрхүү яриа гаргаж байгаа юм болов уу. Бие даагчдын зөвлөл УИХ-д гурван хүнээр хязгаарлагдаж байгаа ч бидний ард Монголын ард түмний 70 гаруй хувь нь байгаа гэдгийг олон хүн мэдэж байгаа. Монголын улс төрд өтгөн манан татуулахаар нэгдсэн энэ хүмүүс улс орны эрх ашигт харшилсан зүйл хийх юм бол бид шаардлагатай гэж үзвэл иргэний хөдөлгөөнийхөн болон ард түмэнтэйгээ нэгдэнэ.

-Бие даагчдын зөвлөлд Засгийн газарт хамтрах санал тавиагүйгээс болоод ингээд байгаа юм биш юм биз дээ?

-Бид иймэрхүү улс төрийн явуулга гарна гэдгийг мэдээд Н.Алтанхуягийн Засгийн газар унасны дараачаас эхлээд бүх нам, эвсэл, зөвлөлд Засгийн газарт хамтрах хүсэлт тавина гэж ярьж байх үеэс л хэвлэлийн бага хурал хийж, сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэдгээ илэрхийлсэн. Өөрөөр хэлбэл, УИХ-д суудалтай нам, эвсэл, зөвлөлүүдэд Засгийн газарт хамтрах хүсэлт тавихаас нь өмнө бид сөрөг хүчний үүрэг гүйцэтгэнэ гэдгээ мэдэгдсэн юм. Тиймээс иймэрхүү асуудлаар хөөцөлдөх нь утгагүй гэдгийг улстөрчид мэдэхийн дээдээр мэдэж байгаа байх.

-Н.Алтанхуяг Ерөнхий сайдын үед бие даагчдын зөвлөлийнхнийг амаа үдүүлчихсэн гэж ярьдаг байсан. Тухайлбал, Иргэний нисэхийн ерөнхий газар болон “Монголросцветмет” нэгтгэлтэй холбоотой яриа байдаг шүү дээ?

-Бид үнэхээр амаа үдүүлчихсэн байсан бол өнгөрсөн хугацаанд Засгийн газрын үйл ажиллагааны доголдол хийгээд улс төрд болж бүтэхгүй байгаа асуудлуудыг шүүмжлээд байх шаардлагагүй байсан биз дээ. Гэтэл бид бүх асуудлыг ил болгож, цэвэрлэхийн төлөө ажиллаж ирсэн. Иргэний нисэхийн ерөнхий газрыг Ц.Даваасүрэн гишүүнтэй, "Монголросцветмет”-ийг надтай холбож ярьдаг байсан л даа,

Угтаа бол Ц.Даваасүрэн гишүүн Төсвийн байнгын хорооны даргын хувиар Иргэний нисэхийн ерөнхий газарт шалгалт хийж, маш их мөнгө иддэг байсныг нь илрүүлсэн юм билээ. Үүнээс болоод л дотор нь ажиллаж байсан хүмүүс тиймэрхүү яриа гаргасан гэдэг. Миний хувьд манай дүү “Монголросцветмет”-ийн захирлын үүргийг гүйцэтгэдэг учир иймэрхүү ярианд өртсөн.

Миний дүү  бол надаас тусдаа хувь хүн шүү дээ. Ардчилсан намын боловсролтой хүний нөөцийн нэг гэдэг утгаараа тэр албан тушаалд томилогдсон юм билээ. Н.Алтанхуяг Ерөнхий сайдыг унагахын тулд гэр бүлийнхнээр нь яаж оролдсоныг нь бодохоор харамсалтай санагддаг учир би хувьдаа дүүгээ тэр албан тушаалаа өгөөсэй гэж хүсдэг, Гэхдээ энэ бол надаас шалтгаалах асуудал биш бид тус тусын замаар явж байгаа хүмүүс шүү дээ.

-Бие даагчдын зөвлөлийнхнийг “Тус тусдаа ярьдаг Тогтсон нэг сэдэвтэй болчихсон. Тухайлбал, Оюутолгой, Монгол- банкийг шүүмжлэхээс өөр юу ч хийдэггүй “популистууд” гэх болж?

-Хэрэв бид найраан дундаа ороод болохгүй байгаа юм бүхэн бидэнд ямар хамаа байх вэ гээд инээж наргиад дал мөрөө алгадалцаад явсан бол иймэрхүү ярианд өртөхгүй л байсан байх. Болж бүтэхгүй байгаа бүхний эсрэг

үг дуугарсан болгоныг өнөөдөр улстөрчид популистууд хэмээн нэрийдэж байна. Гэсэн ч бид намын хайрцагт баригдахгүйгээр ямар ч нэр хоч өгсөн хэлэх гэсэн бүхнээ хэнээр ч заалгахгүй ярина. Оюутолгойн Хөрөнгө оруулалтын гэрээний алдаанаас болоод монголчууд хохирч байна.

Монголбанкны алдаатай бодлогоос болж өнөөдөр эдийн засаг элгээрээ мөлхөж байна, Ийм байхад бид энэ асуудлыг ярихгүй яах юм бэ. Муу хууль батлаад байгалийн баялгаа хуулийн хүрээнд дээрэмдүүлэх шиг эмгэнэл байхгүй шүү дээ. Тиймээс бид зарим нэг хүн шиг албан тушаалаар амаа үдүүлэхгүй.

-Ерөнхий сайд Ч.Сайханбилэг кабинетээ бүрдүүлж дуусч байх шиг байна. Та Засгийн газрын бүтэц болон сайд нарын талаар ямар бодолтой байна вэ?

-Өнгөрсөн баасан гарагт сайд нарын нэрийг өргөн барих сүүлчин хугацаа байсан учир хуулийг хүндэтгэх үүднээс намууд сайдад нэр дэвшигчдийнхээ нэрийг УИХ-д өргөн барьсан ч дотооддоо нэлээд асуудалтай байснаас болоод Засгийн газрын кабинетийг батлах асуудлыг өнөөдөр хүртэл хойшлуулсан гэж би хувьдаа бодож байгаа. Энэ хугацаанд дахиад ямар ч тохироо явагдахыг үгүйсгэх аргагүй юм.

Нөгөөтэйгүүр, Ч.Сайханбилэг Засгийн газрын сайд нарыг бүрдүүлээгүй шүү дээ. Тэр хүн ердөө л нам, фракциуд наймааны үндсэн дээр нэр дэвшүүлсэн хүмүүсийг нэгтгэх ажлыг гүйцэтгэж байгаа. Түүнээс биш өөрийн хүсэл зоригийн үндсэн дээр сайд нарыг сонгоод байсан зүйл байхгүй шүү дээ. Тийм болохоор энэ шийдлийн гэгдээд байгаа Засгийн газрыг Ч.Сайханбилэгийн гэхээсээ илүүтэй тохиролцооных гэвэл онох байх. Би хувьдаа үндсэн чиглэлийн сайд нарыг дан дээлтэй байгаасай гэж хүсч байсан.

Харамсалтай нь ганц нэг намыг эс тооцвол энэ асуудлыг авч хэлэлцсэнгүй гэж харагдаж байна. Гүйцэтгэх засаглал, хууль тогтоох байгууллага тус тусын үүрэгтэй байдаг ч манайд энэ бүхнийг холилдуулсан байгаа нь харамсалтай. Энэ алдааг эрх баригчид засахыг хүсэхгүй байгаа нь компаниар бол ТУЗ-ийн дарга нь гүйцэтгэх захирлынхаа удирдлага дор орчихсон байдалтайгаар ажиллаж байна гэсэн үг шүү дээ. Ингэснээр төрийн хямрал үүсч байна. Давхар дээлтнүүд нь яам, УИХ- руу тэлээ хурга шиг гүйсэн нэрийн дор ачааллаа даахгүй байгаагаа гайхаж, аль ч ажлаа хийж чадахгүй байна.

-Та сая ‘Ганц нэг нам дан дээлтэй сайд нартай байхыг илүүд үзэж байна" гэсэн. Ардын нам энэ зарчмыг баримталж байгаа мэт харагдаж байгаа ч хачир дээрээ гомдогсдоо сайдын суудлаар урамшуулж байгаа юм шиг харагдах юм. Тухайлбал, Өвөрхангайд УИХ-ын 2012 оны сонгуулиар нэр дэвшээд ялагдал хүлээсэн С.Чинзориг болон Н.Төмөрхүү нар сайд болох гэж байгаагаас болоод ийм дүгнэлт хийж байна л даа. Иймэрхүү байдлаар сайдын суудал хуваарилах нь хэр шударга юм бэ?

-Яг ч тэгж үзэж болохгүй байх. УИХ- ын сонгуульд нэр дэвшинэ гэдэг асар их цаг хугацаа, хөдөлмөр шаардсан асуудал, Тэгээд ч С.Чинзориг болон Н.Төмөрхүү нар нэг, хоёроор ялсан ч шүүхээр тэдний ялалтыг хүчингүй болгосон шүү дээ. Тиймээс гомдогсдыг урамшуулж байна гэдэг үүднээс асуудалд хандаж болохгүй. Ардын намынхан боловсролтой хүний нөөцтэй гэдгийг хаана ч хүлээн зөвшөөрөх ёстой, Тиймээс чадалтай, чансаатай хүмүүсээ л сайдад нэр дэвшүүлсэн байх. Ялангуяа миний хувьд С.Чинзоригийг өмнө нь Хөдөлмөрийн яамны дэд сайдаар ажиллаж байсан хүний хувьд энэ ажлыг хийх чадвартай хүн гэж харж байгаа.

-Таны хувьд Ардын намаас УИХ-ын 2012 оны сонгуульд нэр дэвших гэж байгаад больчихсон байх аа?

-Би Ардын намд гишүүнээр элсээд хэдхэн сар болсон. Найз нөхдийн маань хүрээлэл голдуу Ардын намынх л даа. Тэр ч утгаараа би Ардын намд элсэж байлаа. Ардын намынхан ч намайг орон нутагт нэр дэвших эрхээр хангана гэж хэлсэн юм. Гэтэл дээрээс нь шууд л "Ийм, ийм хүмүүсийг нэр дэвшүүлнэ” гээд босоо удирдлагынхаа хүрээнд асуудлыг шийдчихсэн. Ардын намыг нэрээ сольж, мөрийн хөтөлбөрөө шинэчилэхэд нь маш олон хүн итгэж, элссэн.

Тэдний нэг нь л би байсан юм. Тэгэхэд нь би энэ нам нэрээ сольсон ч өөрчлөгдөөгүй байгаа юм байна. Яг социализмын үеийнх хэвээрээ байгаа юм байна гэдгийг мэдэрсэн. Энэ бүхнээс болоод би намын батлахаа өгөөд Ардын намыг орхисон. Т эгээд өөрийгөө тухайн үед бие дааж нэр дэвшвэл намтай ч намгүй ч иргэдийнхээ итгэлийг хүлээнэ гэдгээ мэдэж байсан. Тэгээд л УИХ-ын 2012 оны сонгуульд бие дааж нэр дэвшээд ялалт байгуулсан юм. Би Дорнод аймагтаа насаараа төрөө түшиж амьдарсан хүн шүү дээ.

-С.Ганбаатар гишүүн нам байгуулах гэж байгаа тухай мэдээлэл гарч эхэлсэн. Та түүнтэй нэгдэх үү?

-С.Ганбаатар гишүүний тухайд иймэрхүү явган мэдээлэл л гарч байгаа болохоос өөрөө албан ёсоор энэ бүхнээ зарласан зүйл байхгүй шүү дээ. Ер нь бол манай залуус ч тэр улстөрчид ч тэр намгүй л бол болохгүй гэсэн сэтгэлгээнээсээ салж, ‘намын хатуу гишүүнчлэлээс татгалзах цаг нь болсон гэж би хувьдаа боддог. Дэлхий дээр хөгжингүй орнууд энэ асуудлаас аль хэдийнэ татгалзчихсан шүү дээ. Ардчилсан намынхны тахин шүтээд байдаг

АНУ намын хатуу гишүүнчлэлийг авч хэлэлцдэггүй байх аа, Коммуннист байсан орнууд л өнөөдөр намын хатуу гишүүнчлэл дор улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байгааг дэлхийн томоохон орнуудаар туршлага солилцож явахдаа мэдэрсэн. Үүний нэгд манай улс зүй ёсоор багтаж байна. Намаасаа хөөнө гэж сүрдүүлж байгаа нь л үүний том баталгаа шүү дээ. Монголын хамгийн том гэгдэж байгаа хоёр нам хоёулаа 100 гаруй мянган гишүүнтэйгээрээ түрээ барьж, намын гишүүдээ сонгуулийн үеэр утсан хүүхэлдэй мэт ашиглаж байгаа нь эмгэнэл болоод байна.

-Таны шүүмжлээд байгаагаа үзэл баримтлалаа ч ялгахаа больчихсон намууд хамтарч Засгийн газар байгуулахаар боллоо. Энэ Засгийн газрын ирээдүйг хэрхэн харж байгаа вэ?

-Хэлж, ярьж байгаа бүхэн нь үйлдлээсээ зөрж байгааг харж байгаа байх. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг кабинетээ ч бүрдүүлээгүй байхдаа Хятад, Оросоос хөнгөлөлттэй зээл авна гэж мэдэгдсэн нь тусгаар тогтносон улсын Ерөнхий сайдын амнаас гарч болохгүй үг байсан. Гэтэл Ардын намынхан Засгийн газарт орохдоо өрийн таацыг нэмэгдүүлэхгүй гэдэг тохироо хийсэн гэж байгаа. Ингээд л ам, ажил хоёр нь анхнаасаа зөрөөд эхэллээ шүү дээ.

Бид үндэсний үйлдвэрлэлээ дэмжээд явбал улс шиг хөгжинө, Түүнээс биш аль нэгэн улсаас хараат юм шиг байвал хэзээ ч хөгжихгүй. Тухайлбал, би нэг том алдааг энд дурьдмаар байна. М.Энхсайханыг мундаг эдийн засагч гэлцдэг. Гэтэл тэр хүн Ерөнхий сайд байхдаа Азийн хөгжлийн банкнаас 30 сая ам.долларын зээлийг авахын тулд гаалийн татвараа байхгүй болгох тэдний саналыг хүлээж авсан.

Тэр үед С.Зориг агсан "Үндэсний үйлдвэрлэлээ элгээр нь хэвтүүлэх ажил хийчихлээ" гэж хэлж байсныг би маш сайн санадаг юм. Үнэхээр ч түүнээс болоод л үндэсний үйлдвэрлэл дампуурч, ажилгүйдэл, ядуурлын үүд хаалга нээгдсэн юм. Одоо хүртэл үндэсний үйлдвэрлэл сэргэж чадахгүй байна. Төрийн бодлогын ганцхан алдаа улс орны ирээдүйд яаж нөлөөлж байна вэ гэдгийн бодит жишээ нь энэ, Энэ алдааг дахин битгий давтаасай.