Н.Тэгшбаяр: Дээгүүрээ шийдэж байгаа юм байлгүй
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2014.12.09

Н.Тэгшбаяр: Дээгүүрээ шийдэж байгаа юм байлгүй

Цөмийн энергийн газрыг татан буулгана” гэсэн мэдээлэл гарч байгаа. Энэ тухай тус газрын дарга Н.Тэгшбаяраас цөөн асуултад хариулт авлаа.

 -Цөмийн энергийн газрыг татан буулгах тухай яагаад яриад эхлэв ээ?

 -Цөмийн энергийн газар байх ёстой юу, үгүй юү гэдгийг хэлэлцэнэ гэдэг утгагүй асуудал. Олон улсын жишгийг харсан ч угаасаа байх ёстой. Манайхыг татан буулгах гэж байгаа талаар бидэнтэй мэдээлэл солилцсон зүйл байхгүй. Дээгүүрээ шийдэж байгаа юм байлгүй.

 -Танай байгууллага хэдэн албан хаагчтай вэ?

 -Одоогийн байдлаар манайд 96 хүн ажиллаж байна. Ер нь цөмийн технологи гэдэг бүх шинжлэх ухааны хаан шүү дээ. Өндөр хөгжилтэй орнууд цөмийн технологиор хөгжиж байна. Эрдэнэт хүний эрүүл мэнд, хөдөө аж ахуй, уул уурхайн бүх дэвшилтэт зүйлс цөмийн технологитой холбоотой.

Тиймээс энэ салбарыг илүү хөгжүүлэх нь зөв. Дээр нь төрөөс баримтлах бодлоготой салбараа унагаж болмооргүй баймаар юм. Олон улсын байгууллагаас манай салбарын ажлыг маш сайн гэж үнэлж байгаа. Өнгөрсөн жил гэхэд технологи нэвтрүүлэх, олон улсын хамтын ажиллагааны тухайд ажлын үзүүлэлт 92 хувьтай гарсан. Тэгэхээр муу ажилласан учраас татан буулгах тухай ярьсан гэж бодохгүй байна.

 -Цөмийн энергийн газар хэдэн төгрөгийн төсөвтэй ажилладаг вэ?

 -Манай төсөв гурван тэрбум төгрөг байдаг. Төсөвт төвлөрүүлэх орлого нь дунджаар 3.2 тэрбум төгрөг.

-Танай байгууллага орон тоо харьцангуй бага, зарлагаасаа илүү орлого олдог байхад татан буулгах гээд байгаа цаад шалтгаан нь юу вэ?

 -Манайхаас “Татан буулгаад өгөөч” гэсэн хүсэлт гаргаагүй. Ийм санал, санаачилга гаргасан хүнээс тодруулсан нь дээр байх.

-ЦЭГ-ын үйл ажиллагаа одоо ямар байдалтай байна вэ?

 -Одоохондоо хэвийн үргэлжилж байна. Гэхдээ УИХ-аар эцсийн шийдвэр гарсны дараа хэрхэх нь шийдэгдэх байх даа.