Цөмийн энергийн газар цацрагийн бүх хяналтыг тавьдаг
Дэлхий нийтэд цөмийн технологийн энхийн хэрэглээ өдрөөс өдөрт нэмэгдэж, Монгол Улсад ч мөн адил сүүлийн жилүүдэд эрчимтэй нэвтэрч байгаа үед цөмийн болон цацрагийн хяналтыг тавьж ажиллах зайлшгүй шаардлагатай юм.
Иймээс Цөмийн энергийн газар нь Монгол Улсад цацрагийн үүсгүүр хэрэглэж буй бүх аж ахуйн нэгжид хяналтаа тавьж, олон улсын стандартыг хангуулан ажиллаж байна. Тухайлбал одоогийн байдлаар манай улсад 252 аж ахуйн нэгжид 935 цацрагийн үүсгүүр хэрэглэж байна. Үүнээс эрүүл мэндийн салбарт 164, аж үйлдвэрийн салбарт 7, төрөл бүрийн лабораториудад 243 үүсгүүр хэрэглэдэг. Уул уурхайн үйлдвэрлэл хөгжиж буйтай холбогдон Оюутолгой орд дээр гэхэд 58 цацрагийн үүсгүүрийг ашигладаг бол Эрдэнэт үйлдвэрт 165 үүсгүүрийг хэрэглэдэг байна.
Цөмийн энергийн газар тэдгээр бүх цацрагийн үүсгүүрийг импортоор орж ирээд ашиглалтаас гарах хүртэл нь хяналт тавьж, ОУАЭА-ийн 34 дүрэм журмыг мөрдүүлэн ажиллаж байна. Харин хэрэггүй болсон цацрагийн үүсгүүрийг изотоп конторт аюулгүй хадгалдаг.
Мөн хилээр орж ирэх цацрагийн үүсгүүрт хяналт тавих зорилгоор цацрагийн үүсгүүр илрүүлэгч 83 төхөөрөмжийг хилийн 15 боомтод суурилуулан аюулгүй байдлийн хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна. Тус газрын итгэмжлэгдсэн хоёр лаборатори нь хүнсний бүтээгдэхүүн, гадаад орчин, барилгын материал, уул уурхайн бүтээгдэхүүнд цацраг идэвхт изотопын хувийн идэвхийг тодорхойлох шинжилгээ, орон байрны агаар, ус, хөрсөнд радон тодорхойлох хэмжилт, рентген оношилгооны аппарат төхөөрөмжүүдэд чанарын баталгаажуулалтыг хангуулах хэмжилт, цацрагтай ажиллагчийн мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналтын хэмжилт, гадаад орчны цацрагийн байнгын хяналт, дозиметрийн багажинд шалгалт, баталгаажуулалтын хэмжилт зэргийг тус тус хийж байна.
Өөрөөр хэлбэл Монгол Улсад цацрагийн аюулгүй ажиллагааг хангах чиглэлээр Цөмийн энергийн газар тодорхой ажлуудыг хийж байгаа юм.