Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхийн төлөөх үйлсэд хүчин чармайлтаа нэгтгэхийг уриаллаа
Чуулганд Монгол Улсын төлөөлөгчдийг тэргүүлж Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.
2014.09.25

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхийн төлөөх үйлсэд хүчин чармайлтаа нэгтгэхийг уриаллаа

Олон Улсын Атомын Энергийн Агентлаг (ОУАЭА)-ийн Ерөнхий бага хурлын ээлжит 58 дугаар чуулган Австри Улсын Вена хотноо 2014 оны 09 дүгээр сарын 22-26 өдрүүдэд болж байна. Чуулганд Монгол Улсын төлөөлөгчдийг тэргүүлж Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна.

ОУАЭА-ийн Ерөнхий захирал Ю.Амано чуулганыг нээж хэлсэн үгэндээ өнөөдөр дэлхийн улс орнууд 2015 оноос хойших хөгжлийн зорилтуудаа тодорхойлон хэлэлцэж байна. Хөгжлийн зорилтуудыг шийдвэрлэхэд, ялангуяа эрүүл мэнд, хөдөө аж ахуй, усны менежмент, аж үйлдвэр, эрчим хүч зэрэг салбаруудад цөмийн шинжлэх ухаан, цөмийн технологи чухал үүрэгтэй юм. Гэтэл хүмүүс тэр болгон сайн мэддэггүй.

Тиймээс дэлхий нийтэд таниулан ойлгуулах нь чухал үүрэгтэйг онцолжээ. Мөн цөмийн аюулгүй байдлыг хангах асуудал чухлаар тавигдаж байгааг ч тэрээр мөн онцлон тэмдэглэв. Энэ чиглэлд Агентлагийн зүгээс гишүүн орнуудтай нягт хамтран ажилласаар иржээ. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд гэхэд 3000 гаруй мэргэжилтнүүдийг цөмийн аюулгүй байдлын сургалтад хамруулсан байна.

Энэ удаагийн чуулганаар Ерөнхийлөгч, Дэд ерөнхийлөгч, Ерөнхий хорооны гишүүдийг сонгох, Агентлагт гишүүн орноор элсэх өргөдөл шийдэх, цөмийн болон цацрагийн аюулгүй байдал, тээвэрлэлт, хаягдлын аюулгүй байдлын асуудлаар олон улсын хамтын ажиллагаа, цөмийн хамгаалалт, Агентлагийн техникийн хамтын ажиллагаа, цөмийн хэрэглээтэй холбогдсон үйл ажиллагааг бэхжүүлэх, ойрхи дорнодод ОУАЭА-ийн баталгааг хэрэглэх, “Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээтэй холбогдуулан баталгаа хэрэглэх тухай Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улс, ОУАЭА хооронд байгуулсан хэлэлцээр”-ийн хэрэгжилт зэрэг 20 гаруй асуудлуудыг хэлэлцэж байна.

Чуулганы эхэнд Вануату, Гаяна, Джибути, Коморос улсуудыг тус байгууллагад гишүүнээр элсүүлэхээр шийдвэрлэсэн юм. Ингэснээр Агентлагийн гишүүн орны тоо 166-д хүрч байна. Өчигдөр болсон хуралдаанд АНУ, Европын холбоо, БНХАУ, ОХУ, Австри, Египет, Казакстан, ӨАБНУ, Япон, Франц, БНСУ зэрэг 20 гаруй орны төлөөлөгчид үг хэлж оролцсон бөгөөд цөмийн эрчим хүчийг энхийн зорилгод ашиглахын ач холбогдлыг нийтээр онцолж, энэ чиглэлд хамтран ажиллахад бэлэн байгаагаа нотлон илэрхийллээ. Мөн цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэхийн төлөөх үйлсэд хүчин чармайлтаа нэгтгэхийг уриалсан байна.

Харин манай улсын зүгээс энэ чуулганаар ОУАЭА-ийн дэмжлэгтэйгээр амжилттай хэрэгжүүлсэн төсөл хөтөлбөрийг танилцуулах, 2012-2013 оны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлж байгаа төслүүдийн хэрэгжилтийн явц, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээ, тулгамдаж буй асуудал, 2014-2015 онд хэрэгжих 3 төсөл, 2016-2017 онд хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаа 6 төсөл зэрэг ажлуудын талаар санал солилцох, Монгол Улс болон ОУАЭА хоорондын 2015-2020 оны хамтын ажиллагааны талаар санал солилцох, Цөмийн аюулгүй байдал болон хамгаалалтын газрын удирдлагуудтай уулзаж “Цөмийн аюулгүй байдлыг дэмжих нэгдсэн төлөвлөгөө”-г хэрэгжүүлэх, ОУАЭА-ийн Хууль бус хөдөлгөөнийг хязгаарлах нэгдсэн системд элсэн орох зэрэг асуудлуудыг хэлэлцэн ажиллаж байна.

Дашрамд дурдахад 2016 онд Цөмийн аюулгүй байдлын асуудлаар өндөр түвшний олон улсын бага хурлыг зохион байгуулахаар болжээ. Уг хурлаар цөмийн аюулгүй байдлыг хангах салбарт олсон ололт амжилтаа нэгтгэн дүгнэж, цаашид хийх ажлынхаа чиглэлийг тодорхойлох юм.