Н.Тэгшбаяр: Аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагаанд бусад улс орнуудыг нэгдэхийг уриаллаа
Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр
2014.09.29

Н.Тэгшбаяр: Аюулгүй байдлыг хангахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагаанд бусад улс орнуудыг нэгдэхийг уриаллаа

Олон улсын атомын энергийн агентлагийн Ерөнхий бага хурлын 58 дугаар чуулган Австрийн нийслэл Вена хотноо 9 дүгээр сарын 22-26-ны өдрүүдэд болж өнгөрлөө.

Энэ удаагийн чуулганаар шинээр гишүүн орон элсүүлэх, 2015 оны техникийн хамтын ажиллагааны фондын хандив, захирагчдын зөвлөлийн гишүүдийг шинэчлэн сонгох, 2013 оны санхүүгийн тайлан, 2015 оны төсөв зэрэг асуудлуудыг хэлэлцжээ.

Ерөнхий бага хурлын 58 дугаар чуулганы ерөнхий санал шүүмжлэлийн үеэр Монгол улсын төлөөлөгчдийг тэргүүлэн оролцож буй Цөмийн энергийн газрын дарга Н.Тэгшбаяр үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ дэлхий дахинаа цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглахад, цөмийн аюулгүй байдал, хамгаалалтыг хангах, үүнд олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлэхэд ОУАЭА-ийн авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, гүйцэтгэж буй үүргийг өндрөөр үнэлэн, талархал илэрхийллээ. Мөн ОУАЭА-ийн Техникийн хамтын ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүлсэн, хэрэгжүүлж байгаа төслүүд нь Монгол Улсын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулж байгааг онцоллоо.

Мөн тэрээр цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх болон цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах гэсэн манай улсын байр суурийг баталгаажуулан, цөмийн аюулгүй байдал, хамгаалалтын тухай олон улсын конвенциудад Монгол Улс нэгдэн орохоор ажиллаж байгааг цохон тэмдэглэж цөмийн материал, байгууламжийн аюулгүй байдлыг хангах, хамгаалахад чиглэсэн олон улсын хамтын ажиллагааны механизм, тогтолцоонд бусад улс орнуудыг нэгдэхийг уриаллаа.

Онцлоход Канад Улсын цөмийн аюулгүй байдлын комиссын Ерөнхийлөгч Майкл Биндэртэй хоёр талт уулзалт хийж, “Цөмийн хяналтын асуудлаар хамтран ажиллах, мэдээлэл солилцох тухай Монгол Улсын Засгийн газрын тохируулагч агентлаг Цөмийн энергийн газар, Канад Улсын цөмийн аюулгүй байдлын комисс хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурлаа.