Аюулгүй Монголын төлөө
2014.10.22

Аюулгүй Монголын төлөө

Монгол бол “Цөмийн зэвсэггүй бүс”гэдгээ дангаараа зарласан улс. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын гишүүн таван орон манай Улсын цөмийн зэвсэггүй статусыг хүлээн зөвшөөрч, “Хамтарсан тунхаглал” гаргаж түүнийг зөрчих алхам хийхгүй гэдгээ зарлан тунхагласан

Энэ нь дэлхий дахинаа өргөн хүрээнд итгэлцэл, тогтвортой байдлыг бэхжүүлэхэд Монгол Улсын оруулж буй хувь нэмэр төдийгүй олон улсын тавцан дахь манай нэр хүнд, байр суурийг тодорхойлж өгсөн юм.

Тэгвэл улс орныхоо хүн ам, байгаль орчны цөмийн болон цацрагийн аюулгүй байдлыг хангах, хяналт тавих үүргийг ЦЭГ гүйцэтгэж, Улсын нийт газар нутагт цөмийн болон цацрагийн бүхий л хяналтыг хийж байна. Тухайлбал хилийн боомтуудад цацрагийн монитор байрлуулж, гаднаас ямар нэг цацрагийн үүсгүүр нэвтрүүлэх эрсдлээс сэргийлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2007 онд АНУ-д хийсэн айлчлалын үеэр “Цөмийн болон бусад цацраг идэвхт материалыг хилээр хууль бусаар зөөвөрлөхөөс сэргийлэх асуудлаар хамтран ажиллах тухай” харилцан ойлголцлын санамж бичигт хоёр тал  гарын үсэг зурсан.

Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсын хилийн боомтуудад цацрагийн үүсгүүр, цөмийн материалыг илрүүлэх тоног төхөөрөмжийг суурилуулах, боловсон хүчин бэлтгэх, холбогдох засвар үйлчилгээ үзүүлэх төслийг 2008 оноос хэрэгжүүлж байна. Үүний үр дүнд  хилээр орж ирэх цацрагийн үүсгүүрт хяналт тавих зорилгоор цацрагийн үүсгүүр илрүүлэгч 83 төхөөрөмжийг 15 боомтод суурилуулан хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.

Энэ нь Монгол улсын аюулгүй байдлыг бэхжүүлэх, улмаар манай улс терроризмын эсрэг дэлхийн хамтын нийгэмлэгийн тэмцэлд хувь нэмрээ оруулах, олон улсын терроризмтой тэмцэх нэгдсэн стратегийг үндэсний хэмжээнд үр дүнтэй хэрэгжүүлэх, хүн амын эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх цацрагийн сөрөг нөлөөлөл, цацрагийн аюулаас урьдчилан сэргийлэх, олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө манай орны хүлээсэн үүргийг биелүүлэхэд онцгой ач холбогдолтой  арга хэмжээ юм.