Г.Баярсайхан: Тусгай хамгаалалттай газар бодлогын цөмд нь байх ёстой
/УИХ-ын гишүүн, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга Г.Баярсайханы Тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдол чуулганд хэлсэн үг/
Та бүхний амар амгаланг эрж мэндчилье.
Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдолыг бид хэрхэн ойлгож байна вэ. УИХ-аар 1998 онд батлагдсан Тусгай хамгаалалттай газар нутгийн Үндэсний хөтөлбөрт тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөж Монгол улсын нийт газар нутгийн 30-аас доошгүй хувьд хүргэнэ гэж заасан байдаг. Одоогийн байдлаар улсын тусгай хамгаалалтад авсан газар нутгийн хэмжээ 17.4 хувьтай байна.
Бас нилээд газар нутгийг орон нутгийн тусгай хамгаалалтад авсан байдаг боловч бүртгэл мэдээлэл бүрэн бус, хамгааалалтын менежмент нь хангалтгүй байгаа юм. Улсын тусгай хамгаалалтад авч байгаа гол зорилго, үндэслэл нь тухайн газрын байгалийн унаган төрхийг хадгалах, экологийн тэнцлийг хангах, байгалийн баялгийг арвижуулах, хадгалахын зэрэгцээ доройтсон орчныг нөхөн сэргээх, түүх, соёлын өвийг хамгаалахад оршиж байдаг.
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай асуудал нь байгаль хамгаалах бодлогын цөмд нь байх ёстой. Газар нутгаа улсын тусгай хамгаалалтад хамруулах нь нутгийн ард иргэд, нутгийн захиргааны байгууллагуудын хүсэл сонирхолд нийцэж байдаг юм. Энэ нь үндсэндээ газар нутгаа байгалийн баялгийн зүй бус олборлолтод өртүүлэхгүй байх, төрсөн нутгаа унаган төрхөөр нь хадгалан үлдээх гэсэн чин хүсэл юм.
Нөгөө талаар газар нутгийг эзэмшиж, ашиглах замаар баялагийг нь, ялангуяа ашигт малтмалын баялагийг ашиглах гэсэн сонирхолууд зөрчилдөх байдал сүүлийн үед нилээд ажиглагдаж байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг төрийн ивээл, дэмжлэг, зрхицуулалтаар хөгжүүлэхдээ байгаль орчин, эдийн засаг, нийгмийн хөгжлийн уялдаа холбоог хангах чиглэлийг баримтлах ёстой.
Тусгай хамгаалалттай газар нутгийг хамгаалах эрх зүйн таатай орчинг сайжруулах, хамгаалалттай газар нутгийн сүлжээг өргөтгөж тэдгээрийн хамгаалалтын менежментийг орчин үеийн шаардлага, олон улсын түвшинд хүргэх, удирдлагын оновчтой бүтцийг бий болгох, мэргэжилтэй боловсон хүчний хангамжийг сайжруулах, тэдгээрийн хариуцлагыг өндөржүүлэх , материаллаг баазыг бэхжүүлэх талаар сүүлийн жилүүдэд ихээхэн анхаарал тавьж шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Хамгаалалтын менежментийг хэрэгжүүлэх төсөв зардлыг жилээс жилд нэмэгдүүлж байгаа.
Зарим нэг улсын тусгай хамгаалалттай газарт хамгаалалтын горим алдагдаж, хууль зөрчигдснөөс улсын тусгай хамгаалалттай газрын статусаа алдахад хүрсэн нь бий. Засан залруулж, ийм байдалд давтан хүргэхгүй байхыг байнга анхаарах шаардлагатай байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдлыг нийтэд сурталчлан ойлгуулахад багагүй ажил хийх хэрэгтэй байгаа юм.
Тусгай хамгаалалттай газар нутгийн үнэ цэнэ, ач холбогдлыг нийтэд сурталчлан ойлгуулахад багагүй ажил хийх хэрэгтэй байгаа юм
Энэхүү чуулганыг хийж байгаа нь зөв зүйтэй гэж үзэж байна. Талархал илэрхийлье. Цаашид тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын менежментийг сайжруулах, эрх зүйн таатай орчныг бий болгоход ч анхаарч байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг Шинэчилсэн найруулгаар боловсруулж, олон нийтээр хэлэлцүүлэн, Засгийн газарт оруулан дэмжлэг авсан, УИХ-д өргөн барихад бэлэн болсон гэж ойлгож байна.
Хуулийн төсөлд орчин үеийн байгаль орчин- нийгэм-эдийн засгийн шаардлагад нийцүүлсэн олон чухал заалтууд орсон гэж бодож байна. Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалатын менежментийг бүтнээр нь болон хэсэгчлэн ТББ, аж ахуйн нэгж, ЭШ байгууллагад хариуцуулах ажил эхлэж байна. Ийм түншлэлийг цаашид зүй зохистой хэлбэрээр өргөжүүлэхийг дэмжиж байна.