Т.Гончигдорж: Ард түмний сонголтыг хүндэтгэх ёстой
Монголын нутгийн удирдлагын холбооны гишүүн Т.Гончигдоржтой ярилцлаа.
-Сонгуулийн маргааныг шийдвэрлэх процесс ойлгомжгүй, хугацаа хэт их удаан үргэлжилдэг гэдгийг экспертүүд хэлж байна. Харин орон нутгийн маргааныг хэрхэн шийдвэрлэж байна вэ?
Миний хувьд УИХ-ын сонгуулийн байгууллагыг орон нутагт удирдаж байлаа. Харин орон нутгийн сонгуулийн байгууллагыг удирдаж байгаагүй. УИХ-ын сонгуулийн хууль шинэчлэгдэж гарсан учраас сонгуулийн байгууллага нь ч, улс төрийн намууд ч, нэр дэвшигчид, шат шатны сонгуулийн штабуудын хувьд ч хүндрэлтэй зүйлүүд их байсан гэж боддог.
Учир нь шинэ хуулинд их олон асуудлыг нарийвчилж заасан нь санаандгүй хууль зөрчигдөх асуудал байхыг үгүйсгэхгүй. УИХ-ын сонгуулийн хуулийн хариуцлагыг шийдэх субъект нь тодорхой бус байсан гэж боддог. Сонгуулийн Ерөнхй хорооноос бидэнд семинар өгөхдөө эрх бүхий байгууллагаар шийдвэр гаргуулсаны дараа шийднэ шүү гэж зөвлөдөг.
Эрх бүхий байгууллага гэдэг нь шүүх, прокурор, цагдаа, тагнуулын байгууллага гэсэн үг шүү дээ. Хуулийг шүүмжилж байгаа юм биш ер нь цаашдаа хариуцлага тооцох байгууллагууд болон хугацааг тодорхой болгон зааж өгөх хэрэгтэй. Орон нутгийн сонгуулийн тухай хуулинд санал хураалт дууссанаас хойш 14 хоног өнгөрвөл өргөдөл, гомдол хүлээн авахгүй гэдэг шиг тодорхой зааж өгөх нь зүйтэй.
Хүсэлт гаргасан тохиолдолд эрх бүхий байгууллагууд эрх тэгш хандаж бодитой шийдвэрлэж байхад анхаарах нь зүйтэй. Шударга бус үйлдэл гаргахгүй байх нь чухал. Ер нь ард түмний сонголтыг хүндэтгэхгүй, шүүхээр сонголтыг өөрчлөх нь зохимжгүй.
- Ихэвчлэн ямар зөрчлүүд байдаг вэ?
Сонгуулийн хуулиар хориглосон олон зүйл бий. Улс төрийн намуудаас олон төрлийн гомдлууд ирдэг. Үүний цаана өрсөлдөгч талууд шударгаар өрсөлдөхөөс илүүтэй нөгөөдүүлийнхээ алдааг харж, алдаан дээр нь дөрөөлөх гэсэн хандлагач ажиглагддаг.
Тэр болгоныг сонгуулийн байгууллага шалгаж тогтооход эрх бүхий байгууллагын оролцоо чухал. Тойргийн хороо шалгаж, байцаах эрх байхгүй тул эрх бүхий байгууллагаа түшихээс өөр арга байхгүй. Хамгийн гол нь эрх бүхий байгууллага үнэн мөнийг бодитой тогтоон сонгогч олныхоо эрх ашигт нийцсэн шийдвэр гаргахад хамаг учир нь байгаа юм.
Тийм шийдвэр гарч чадахгүй байгаа учираас сонгогчдын гомдол барагддаггүй улмаар хугацаа алдах асуудалч байна. Сонгуулийн байгууллагыг бүх шатанд улс төрийн намаас ангид байлгахын тулд яах вэ, эсвэл улс төрийн намуудын оролцоог жигд хангасан бүрэлдэхүүнтэй байгуулах шаардлагатай юу, өөр ямар гарц байж болохыг бодох хэрэгтэй юм. Төрийн албан хаагчид улс төрийн намын харъяалалгүй байх тухай хуулийн заалтыг хэрэгжүүлж, үнэхээр шударга ажиллах сонгуулийн байгууллага амьдрал дээр ус, агаар мэт хэрэгтэй болж, үгүйлэгдэж байна.
- УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамтад нь явуулах асуудал их яригдах болжээ. Таны бодол.
Улсын Их Хурал бол хууль тогтоох эрх бүхий төрийн дээд байгууллага. Аймаг, сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал бол нутгийн өөрөө удирдах ёсыг төрийн удирдлагатай хослуулан хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий иргэдийн төлөөллийн байгууллага юм.
Нутгийн удирдлагын холбоо үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойг тэмдэглэх үеэр УИХ-ын зарим гишүүд “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хууль”, “ Сонгуулийн хууль”-ийн өөрчлөлтийн талаар хэлэлцүүлэг зохион байгуулж, бүх аймгийн төлөөлөл оролцсон.
Хэлэлцүүлгийн явцаас харахад УИХ-ын болон орон нутгийн сонгуулийг хамт явуулж болохгүй, Үндсэн хууль зөрчсөн үйлдэл болно. Нөгөө талаас УИХ, ИТХ хоёр чинь эрх, үүргийн хувьд ялгаатай, нэр дэвшүүлэх субъектийн хувьд ч өөр байх хэрэгтэй гэсэн санал давамгайлж байсантай иргэн хүнийхээ хувьд санал нэгтэй байдаг. Сум, багийн түвшинд улс төрийн намын оролцоог багасгахгүй бол орон нутагт иргэдийг намаар талцуулах асуудал газар авч байна.
Багийг бол иргэдээс нь нэр дэвшүүлээд л сонгож ажиллуулах нь зүйтэй. Зарим суманд БИНХ нь хуралдаад олонхийн саналаар багийн засаг даргад нэр дэвшүүлж, сумын Засаг даргадаа уламжилаад одоог хүртэл шийдвэрлүүлж чадахгүй байна. Энэ нь бүх зүйлийг улс төрийн өнцөгөөс хараад томилохгүй байна. Аливаа зүйлд ард түмний сонголтыг хүндэтгэх хэрэгтэй.
-Улс төрийн намуудын хуулинд өөрчлөлт оруулах асуудал яригдаж байна үүнд таны бодол ямар байна вэ?
Би энэ хуулийг сайн судлаагүй. Улс төрийн намуудын санхүүжилтыг төсвөөс хариуцахаар яригдаж байгаа юмуудаа гэж ойлгосон. Энэ нь зөв байж ч мэдэх юм. Одоогийн нөхцөлд гаднаас хандив авдаг түүнийхээ барьцаанд ордог асуудлаас салах нь зөв. Ингэвэл улс төрийн намуудын нэр хүндэд ч сайнаар нөлөөлнө гэж бодож байна.