Мөнгөгүй хүн ч сонгуульд өрсөлдөж, сонгогдох эрхтэй
“Эмэгтэй удирдагч сан”-гийн УЗ-ийн дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон хууль зүйн дэд сайд асан В.Удвал
2014.12.17

Мөнгөгүй хүн ч сонгуульд өрсөлдөж, сонгогдох эрхтэй

“Эмэгтэй удирдагч сан”-гийн УЗ-ийн дарга, Үндсэн хуулийн цэцийн гишүүн болон хууль зүйн дэд сайд асан В.Удвалтай сонгуулийн хуулийн шинэчлэлийн асуудлаар ярилцлаа.

-Сонгуулийн хуулийн шинэчлэлийг юунаас эхлэх хэрэгтэй гэж та боддог вэ?

Сонгуулийн хуулинд шинэчлэл хийх зайлшгүй шаардлагатай. Үүнд нэгдүгээрт сонгуулийн төсөв, түүнчлэн намуудын төсөв ил тод байх нь зарчмын асуудал учраас хамгийн ойрын хугацаанд эдгээр асуудлыг шинэчлэх ёстой.

Одоо нийгэмд гарааны тэгш бус байдлаас болоод сонгуульд мөнгөний уралдаан их явж байна. Нэг хэсэг нь мөнгөтэй хүмүүс, нөгөө хэсэгийн мөнгө нь бага ч бусдыг төлөөлж ажиллах чадвартай хэсэг бий.

Угтаа бол хуулийн үндсэн зарчим нь тухайн нэр дэвшигч бусдыг төлөөлөн ажиллах чадвартай байгаа бол заавал их мөнгөтэй байх шаардлагагүй. Гэтэл сонгуулийн үеэр мөнгөтэй байх нь нэг том шалгуур болчихоод байгаа нь үнэхээр өрөөсгөл.

-Мөнгөний нөлөөлөл улс төрөөс ангид байх нь маш ярвигтай. Тиймээс сонгуулийн үеэр ядаж санхүүжилт, мөнгөний нөлөөг тодорхой болгож, бууруулах ёстой гэдгийг мэргэжилтнүүд хэлж байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

Энэ хүрээнд дараагийн хийх зүйл нь улс төрийн намуудын санхүүжилтийг тодорхой болгох. Тэгж байж нийгэмд шударга байдлыг бий болгоно. Өнөөдөр шударга биш учраас ерөөсөө л мөнгөтэй хүн л сонгуульд оролцдог, мөнгөтэй хүн л шийдвэр гаргах түвшинд хүрдэг гэсэн буруу ойлголт жишиг хүмүүсийн дунд хүчтэй оршиж байна.

Үүнийг өөрчлөхийн тулд эхлээд сонгуулийн хуулинд шинэчлэл хийе. Дараа нь төлөөллийн зарчмыг маш сайн барих ёстой. Өөрөөр хэлбэл манай үндсэн хууль бусад хуулиудын зарчимд төлөөллийн зарчим ард иргэдээс эхтэй байдаг. Төлөөлөх чадварыг нь өндөр болгох шаардлагатай.

Төлөөллийг хоёр янзаар авч үздэг. Нэг нь намаас нэрсийн жагсаалтаар гарах, нөгөө нь тойрогт өрсөлдөөд сонгогдож тойргийнхоо иргэдийг төлөөлөх явдал. Тэгэхээр төлөөллийг зөв болгох шаардлагатай. Миний хувьд тухайн нэр дэвшигч тойрогтоо очиж өрсөлдөөд гарч ирэх нь хамгийн чухал гэсэн зарчмыг баримталдаг.

Би үүгээрээ намын жагсаалтаар төлөөлөл байж болох ч гэлээ 76 гишүүнд харьцах хувь нь бага байх ёстой гэдгийг хэлэхийг хүслээ. Тойрогт өрсөлдөх нэр дэвшигчдийн тооолон байх шаардлагатай.

-Сонгуулийн ерөнхий зарчмын хувьд та ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

Сонгуулийн үр дүнг тоолж  гаргахдаа пропорционал, мажоритор зарчмыг зөв тогтоох шаардлагатай. Ер нь одоохондоо УИХ-ын сонгуулийн үндсэн зарчмууд Үндсэн хуулийн зохицуулалтад хамааралтай учраас ҮХ-ийн зарчим хэвээрээ нөхцөлд хууль ямар байх вэ гэдгийг харах ёстой.

Ирээдүйд хэрхэн өөрчлөгдөх вэ гэхээр магадгүй зарим нэгэн хүмүүс нь хоёр танхимтай, парламенттай байна гэж ярьдаг өөрчлөлт хийгдвэл сонгуулийн зарчим арай өөр болж, төлөөллийн зарчим ч өөрөөр шийдэгдэх боломжтой.

-Одоо намын жагсаалтад эмэгтэйчүүдийн байр суурийг нэмэгдүүлэх нь зөв үү. Хэрхэн нэмэгдүүлэх ёстой вэ?

Ер нь өнөөдөр хүчин төгөлдөр мөрдөгдөж буй сонгуулийн хуулинд нэр дэвшигчдийн 20 хувь нь эмэгтэйчүүд байх квотыг оруулж чадсан. Гэхдээ намын жагсаалтанд эмэгтэйчүүдийг хэрхэн оруулах вэ гэдгээс шалтгаалж, өнгөрсөн сонгуулиар АН хэд хэдэн эмэгтэйчүүдийг  жагсаалтад урагш нь оруулсан учир эмэгтэйчүүд их хуралд гарч чадсан.

МАХН бас тэгсэн. Монгол Ардын нам  жагсаалтыг нөхөж нэг л эмэгтэйг оруулж ирсэн. Гэхдээ л цаашид намууд үүн дээр бодлого барих  ёстой.

Яагаад гэхээр 20 хувьд нь эмэгтэйчүүдийг нэр дэвшүүлээгүй бол бүртгэдэггүй, 20 хувьд нь хүргээд эмэгтэйчүүдийг нэр дэвшүүллээ гэхэд тэднийг жагсаалтын хэдэд жагсаах вэ гэдэг хамгийн чухал. Энэ бол намын бодлогын асуудал.

 Жагсаалтыг гаргахдаа тодорхой хувийг эмэгтэйчүүдэд өгч, нэрийг нь зоохдоо хоёрт нэг байх уу гуравт нэгүү аль эсвэл нэг нэгээр гэх байдлаар зохицуулж болох талтай. Зарчмыг сайн тохирч сонгуульд оролцох шаардлагатай.

-Сонгуулийн санхүүжилт, орлого зарлага, хандивын мэдээллийг хэрхэн ил тод болгох ёстой вэ?

Сонгуулийн санхүүжилтийг ил тод болгох нь хуулинд өөрчлөлт оруулах бас нэг гол зарчим.  Хэн мөнгөтэй нь илүү сурталчилгаа хийлгүйгээр ерөөсөө боломжийг тэгш олгоод сонгогчид сонголтоо хийх ёстой. Хуулийн одоогийн энэ талаарх заалтыг боловсронгуй болгох ёстой гэсэн үг л дээ.

Манайхны хувьд сэтгэлгээний буруу жишиг тогтсон. Мөнгөгүй хүн сонгуульд оролцож болохгүй гэдэг. Мөнгө гэдэг бол сонгуульд чухал ч гэсэн, хэрхэн яаж босгож, хэн гаргах вэ гэдгийг шийдэх учиртай. Миний хувьд хоёр ч удаа намдаа, сонгуульд нэр дэвших босго мөнгийг төлж л байсан. Гэхдээ л үүнд намууд цаашид бодлогоороо анхаарах ёстой. Зарцуулалтыг ил тод болгох ёстой гэдгийг хэлээд байгаа юм.

Сонгуулийн санхүүжилт ил тод байхаас гадна улс төрийн намуудын санхүүжилт ил тод байх ёстой. Үүнийг би нам дотроо ч байр суурь илэрхийлсээр ирсэн. Бид нөлөөлөх ёстой. Учир нь сонгууль гэдэг төлөөлөх чадвар нь ямар байна вэ гэдэгтэй холбоотой асуудал. Хэрвээ мөнгөний нөлөөллийг багасгахгүй бол цаашдаа улс орон маань маш хүнд байдалд орно.

Өнөөдөр амьдрал дажгүй болж байгаа юм шиг боловч цаашдаа хэцүүднэ. Тиймээс урьдчилан сэргийлэхийн тулд сонгуулийн хуулиа өөрчлөх ёстой.

-Бусад улс орны хувьд сонгуулийн сурталчилгаанд мөнгөний нөлөөг хэрхэн бууруулдаг юм бол?

2004 онд Германд сонгуулийн хуулийн асуудлыг судлаад явж байхад нэр дэвшигчдийнхээ зургийг А4 цаасан дээр ижил байдлаар зургийг нь тавиад сурталчилгаа хийдэг юм билээ. Манайх шиг том том, өнгө өнгийн зураг тараадаггүй.

Харин тухайн нэр дэвшиж байгаа хүмүүс олон нийтэд өөрийнхөө болон намынхаа мөрийн хөтөлбөр, үзэл бодол, асуудлыг шийдвэрлэх саналаа таниулах зорилгоор сонгогчидтой тулж уулзан, асуудлыг тайлбарлаж, өөрийгөө болон намаа таниулж сонгогчдын итгэл, үнэмшлийг бий болгох ажлыг маш идэвхтэй хийж байхыг манай хэд хэдэн намын эмэгтэйчүүдтэй Фридрих Эвертийн сангийн шугамаар ХБНГУ-д ажиллахдаа харсан юм.

Дараа нь намынхаа эмэгтэйчүүдтэй хамт Английн хөдөлмөрийн намын эмэгтэйчүүдийн туршлага судлахдаа ч,  дээрх сурталчилгааг харж билээ.

-Ярилцсанд баярлалаа.