Г.Наранбаатар: Гэр бүлд тэнцүү хүндлэл байх ёстой
Хүүхэддээ зарцуулах мөнгөө хоёр дахин багасгаж, хүүхэддээ зарцуулах цагаа хоёр дахин ихэсгэ
Гэр бүл сэтгэл зүйн төвийн захирал, гэр бүл, сэтгэл судлалын ухааны доктор Г.Наранбаатартай ярилцлаа.
-Гэр бүлийн гишүүд дотор санхүүгийн эрх мэдэл өндөртэй ч юм уу, эсвэл мөнгө их олдог нь илүү их эрх мэдэлтэй байж, бусад нь түүнийг дагах хандлага ажиглагддаг. Энэ байдал ялангуяа эхнэр нөхрийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг юм бол?
Шууд өнөөгийн байдлаас ярья. Манай сэтгэл зүйн төв гурван жилийн хугацаанд 4800 хүнд үйлчилсэн. Бид өдөр бүр бодит хүмүүсийн амьдралын асуудлыг сонсдог. Гэр бүлийн гишүүдийн хэн нь хамгийн их санхүүг бүрэлдүүлж байгаагаас хамаарч тэр хүний удирдах байр суурь илүү байдаг.
Хүүхдүүдээс авч байгаа хүндлэл хүртэл арай өөр байдаг нь
анзаарагддаг. Магадгүй эмэгтэй нь илүү их мөнгө олдог тохиолдолд үүнийг эрэгтэй хүн хүлээж авахад маш хэцүү. Өөрөөр хэлбэл хорьдугаар зууны эрдэмтдийн гаргасан судалгаагаар эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн нийт 12 ялгаатай шинж байдлын долоо дахь нь буюу эмэгтэй хүн байгалиасаа бүх зүйлийг хүлээж авах чадамжтай байхад эрэгтэй хүн байгалиасаа өрсөлдөх шинж чанар нь илүү байдаг.
Хэрвээ эхнэр нь нийгэмд надаас илүү нэр хүндтэй, надаас илүү их мөнгө олдог тохиолдолд эрэгтэй хүн үүнийг хүлээж авахад сэтгэлзүйн хувьд маш хэцүү байдалд ордог. Өөрөөр хэлбэл эрэгтэй эмэгтэй хүмүүс гурван зүйлийг байгалиасаа хүсдэг. Нэгдүгээрт нь эмэгтэй хүний хувьд миний нөхөр намайг сонсох, намайг хайрлах, сайхан үг хэлдэг байгаасай гэж хүсдэг. Харин эрчүүдийн хувьд нэгдүгээрт хүндлэл чухал байдаг. Хүндлэл гэдэг бурхан шиг хүндлүүлэх явдал биш. Миний эхнэр хоёулахнаа байхдаа намайг аягаа угаа гэвэл би угаана. Харин миний найз нөхдийн хажууд хэлвэл хэцүү. Хүүхдүүдтэйгээ хоолонд ороод миний эхнэр тооцоо хийвэл надад эвгүй. Энэ нь эрэгтэй хүний хувьд сэтгэл зүйн хямралд оруулдаг.
Залуу гэр бүлүүд буюу эрчүүд 30 наснаас эхлээд сэтгэл зүйн хямралд ордог. Яг энэ үед эхнэр надаас илүү санхүүтэй, илүү нэр хүндтэй байвал улам илүү сэтгэл санааны хямралд ордог.
-Эмэгтэй хүнээс их хүч хөдөлмөр гаргах нь ээ?
Нөгөө талаас нөхрөөсөө доор бай гэж хэлэх нь буруу л даа. Харин эмэгтэй та нөхөртөө ямар мэдрэмжийг өгч байна вэ гэдгээ анхаарах ёстой. Эрэгтэй хүмүүс учиргүй бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийлэлд өртдөггүй. Харин сэтгэл зүй буюу санхүүгийн хүчирхийлэл, дарамтанд орох нь элбэг байдаг. Үүнийг хүчирхийлэл
дарамт хэлбэрээр бус өөр хэлбэрээр өгөх нь эмэгтэй хүний нарийн ухаанаас шалтгаална.
Эр хүний гэр бүлийнхээ өмнө хүлээх үүрэг хариуцлага нь удирдах, дасгалжуулах, чиглүүлэх. Яагаад гэвэл эмэгтэй хүн Х, Х гэсэн хромсомтой байхад эрэгтэй хүн Х, У хромсомтой. Энэ нь байгалиасаа эрэгтэй хүн хүүхдийнхээ хүйсийг тодорхойлдог гэсэн үг. Эмэгтэй хүн бол гэр бүлээ халамжлагч, хайрлагч, багшлагч байх ёстой.
Миний хувьд үйлчлүүлэгчдээс нэг зүйлийг анзаардаг. Ямар үед гэр бүл тогтвортой болдог вэ гэхээр нөхөр хүн гэртээ хүндлэгдэж байгаагаа мэдрэх үед нөхөр нь эхнэрээ хайрлаж, эхнэр нь хайрлуулж байгаагаа мэдэрч байх үедээ нөхрөө хүндэлдэг. Энэ бол амьдралын тойрог.
-Эрэгтэй тал нь хүчирхэг байгаад эхнэр нь ард талыг нь авч явдаг гэр бүлүүд бас бий. Гэр орны хөлсгүй хөдөлмөр, үнэлэгдэхгүйгээс үүсэх сэтгэл зүйн хямрал эхнэр хүнд хэрхэн тусдаг вэ?
Хэрвээ нөхөр хүн эрх мэдлийг бүгдийг нь аваад үнэхээр сайхан амьдарч байгаа ч тэр гэр бүлд тэнцүү хэмжээний хүндлэл байхгүй бол эрүүл гэр бүл биш гэсэн үг. Гэр бүлд тэнцүү хүндлэл заавал байх ёстой.
Хэн нэг нь илүү диктатур байгаад байвал тэнд гэр бүлийн халуун уур амьсгал үүсэхгүй. Чи ийм байх ёстой, тийм байх ёстой гээд байвал эрүүл харилцааг бодоод ч хэрэггүй. Ер нь аз жаргалтай гэр бүлтэй болохын тулд эхнэр нөхөр хоёр харилцан бие биенийхээ зүрх сэтгэлд хөрөнгө оруулалт хийж байж, бие биендээ цаг гаргаж байж эрүүл болдог.
Өөрийн гэр дээр жишээ авья л даа. Миний хувьд ажил хийж орлого олдог. Эхнэр маань жирэмсэн болохоор том хүүгээ хараад гэртээ байдаг. Тийм учраас сар болгоны санхүүгээс эхнэртээ мөнгө хуваарилж, гоо сайхан хувцсандаа зарцуулаарай гэдэг. Бид хоёр бүх зүйлээ ярилцдаг. Би эхнэрээ гэртээ ганцаараа суугаад хүүхдээ хараад уйдаад байгаасай гэж хүсдэггүй. Дуртай зүйлээ хийгээд, найз нөхөдтэйгөө уулзаасай гэж хүсдэг.
Намайг завгүй ажилтай байх үед эхнэрийг минь сонсох хүн хэрэгтэй учир найз нөхөдтэйгөө уулзаарай гэдэг. Тэрнээс биш заавал эрэгтэй нь мөнгө оллоо гээд өөртөө байлгаад байх нь утгагүй. Гэр бүл нэг бие болж байгаа учраас бүх зүйл дундын өмч байх ёстой.
-Гэртээ суухаасаа гадна сурч боловсрох, өөрийгөө хөгжүүлэх, нийгэмд өөрийгөө таниулах сонирхол эмэгтэй хүмүүст бий. Өөрийгөө хөгжүүлэх орон зайг бүрдүүлж, нөхөр нь боломж олгох ёстой байх?
Энэ талаар ярих үед хандлага яригдана. Хүний далд ухамсарт уншиж харж байгаа тэр зүйл нь их нөлөөлдөг. Өнөөдөр бүсгүйчүүд залуучууд өөрийгөө хогийн сав мэт ашигладаг. Өөрөөр хэлбэл та эрүүл хоол хүнс хэрэглэж байж эрүүл байдаг шиг үзэж байгаа уншиж буй зүйл тань эрүүл биш бол таны сэтгэл зүй эрүүл байх
боломжгүй. Тийм учраас таны өнөөдөр үзэж сонсч байгаа зүйл зүй зохистой байх ёстой. Орой болгон стресстэй хар мэдээ үзээд л байвал хэцүү.
Та харин үзэж байгаа сонсч байгаа зүйлээ сонгох ёстой. Тийм учраас өсч хөгжих тал дээр ч гэсэн өнөөдөр бүх зүйл нээлттэй байгаа учир интернэтийг ч зөв ашиглах ёстой.
Энэ тухай ч гэсэн гэр бүл хоорондоо ярилцаж, бие биенийхээ цаашдын амьдралд анхаарах хэрэгтэй. Гэхдээ өнөөдөр хүмүүс өөрийгөө хөгжүүлнэ гэхээр зөвхөн гадаад тал дээрээ анхаараад байдаг нь харамсалтай.
Сэтгэл зүйч дээр хоёрхон төрлийн хүмүүс ирдэг.
Нэгдүгээрт нь өөрөө өөртэйгөө харилцах харилцаан дээр асуудалтай буюу өөртөө итгэлгүй, өөрийнхөөрөө байдаггүй, өнгөрсөн амьдралаа бодоод харамсаад, хэн нэгнийг үзэн яддаг.
Хоёрт нь бусадтай харилцах харилцаанд дээр асуудалтай. Ээж аав, хамаатан садан, эхнэр нөхөртэйгөө харилцахдаа асуудалтай гэсэн үг. Гэтэл хүмүүс ярилцах хэрэгцээгээ буруу газар гаргадаг. Сардаа нэг удаа үсчинд гаргачихаг.
Сардаа нэг удаа үсчинд ордог хэрнээ нэг удаа сэтгэл зүйдээ анхаардаггүй. Гадна гоо сайхандаа хэт анхаараад дотоод гоо сайхан буюу таны амьдралыг авч яваа хамгийн үнэтэй зүйлдээ цаг мөнгө гаргах дургүй.
Тэгэхээр өнөөдөр та бид хоёрыг уншин суугаа хүмүүс өөрийгөө хөгжүүлэхдээ сэтгэл зүйгээ мартваа гэж хэлмээр байна. Өнөөдөр нөхөр, эхнэр та хоёрын харилцаа ямар ч сөрөг байлаа гэсэн эндээс гарах гаргалгаа заавал байдаг. Мэргэжлийн хүнд хандах ёстой. Таны гэрт ойрхон байгаа сайн сэтгэл зүйн төвүүдэд хандаж болно. Гэр бүлийн асуудал, санхүүгийн асуудлыг шийдэж болно. Сэтгэл зүйдээ анхаарах ёстой.
Сэтгэл зүйн шинжлэх ухаан бол тухайн хүний гэр бүлийн байдал, зан аашаас шалтгаалж зөвлөгөө өгч чадна. Хүмүүс үүнийг ойлгоосой.
Эхлээд зүрх сэтгэл дотроо эрүүл болж байж, тэр аз жаргалтай амьдралыг ярьж болно
Гэр бүлийн хамгийн их санхүүг эмэгтэй хүн бүрдүүлдэг байлаа гэхэд нөхөртэйгөө яаж харьцах ёстой вэ, нөхөртөө яаж хүндлэгдэж буй мэдрэмжийг нөхрийнхөө зан характерт хэрхэн тохируулах ёстой вэ гэдэг зөвлөгөөг сэтгэлзүйчээс авах ёстой.
Хүн болгон манлайлагч, дарга, инженер, багш болох ёстой юу гэвэл үгүй. Харин хүн болгон аз жаргалтай амьдрах ёстой.
Эхлээд зүрх сэтгэл дотроо эрүүл болж байж, тэр аз жаргалтай амьдралыг ярьж болно, Одоо тэр эдийн засгийн хүрээн дэх жендерийн тэгш байдлыг ярьж болно гэсэн үг.
-Гэр бүл зохиох гэж буй, эсвэл эргэлзэж буй залууст гэр бүлийн амьдралын талаар олон сайн муу мэдээлэл байдаг. Хадамтайгаа хэрхэн харьцах эсвэл санхүүгээ хэн нь барих уу, нөхрүүдийг даврааж болохгүй гэдэг ч юм уу?
Би үйлчлүүлэгчдээс та гэр бүлтэй болохоос өмнө ямар алхам хийсэн бэ гэж асуудаг. Ерөнхийдөө олон улсын хоёр стандарт байдаг. Нэг нь мэргэжлийн сэтгэл зүйч дээр очих, нөгөөх нь гэр бүлийн сэтгэл зүйн сургалт семинар дээр очих. Хүмүүс ихэвчлэн гэр бүл зохиохдоо өөрийн сэтгэл зүйд алхам хийгээгүй байдаг.
Тийм учраас сүүлийн гурван жилийн хугацаанд манай төв “Гоолингоо” эмэгтэйчүүдийн уулзалт, сургалт, “Сайн аав сайхан гэр бүл” эрчүүдэд зориулсан сургалтыг явуулж байна. Сэтгэл зүй гэдэг хүнээс хөл хөндий зүйл биш. Эйнштейны тодорхойлсоноор өнгөрсөн зуунуудад амьдарч байсан сая сая хүмүүсийн бодит амьдрал дээрээс гарч ирсэн туршлагыг зөвхөн танд зориулан зөвлөгөө өгч байгаа шинжлэх ухааныг сэтгэл зүйн зөвлөгөө өгөх шинжлэх ухаан гэсэн.
Гэр бүл болох гэж байгаа хосуудад наад захын хэдэн зүйл хэлэхийг хүсдэг. Эхнээсээ л аль ч талаас дэмжлэг авалгүй өөрсдөө асуудлаа шийдээд явах хэрэгтэй. Санхүүгийн хувьд ч гэсэн. Хоёр талаас санхүүгийн дэмжлэг авах үед өөрсдөө манай гэр бүлийн харилцаанд оролцоорой гэсэн урилга өгдөг. Өнөөдөр эхнэр бид хоёр амьдраад таван жил болоход эхний гурван жил түрээсийн байранд байсан. Хоёр тал дэмжихйиг хүссэн ч бид зөвшөөрөөгүй. Бид хоёр ямар ч асуудалтай байсан хоёулаа л шийдсэн. Гэр бүл маань хамгийн үнэ цэнэтэй.
Би нөгөө ертөнц рүү явах гээд хэвтэж байхдаа нэг их мөнгөтэй хадгаламжийн дэвтэрийнхээ мөнгөний тоог байн байн харахыг хүсэх болов уу.
Би нөгөө ертөнц рүү явах гээд хэвтэж байхдаа нэг их мөнгөтэй хадгаламжийн дэвтэрийнхээ мөнгөний тоог байн байн харахыг хүсэх болов уу. Эсвэл граж доторхи хоёр lexus 570-даа суухыг хүсэх болов уу. Ямар ч гэсэн үгүй л гэж хэлнэ. Миний хайртай дотны хүмүүс хажууд байж, миний өнгөрсөн амьдрал тэдгээр хүмүүсийн зүрх сэтгэлд сайхан мөрийг үлдээсэн байгаасай л гэж хүснэ. Тийм учраас өнөөдөр магадгүй санхүү, жендерийн талаар ярьж байж болно. Уншиж байгаа хүмүүс маань эсвэл ээж нөхөр, эхнэр, хүүхэд байгаа. Өнөөдөр хамгийн үнэ цэнэтэй зүйлээ гэр бүлээ гэдгийг ойлгоосой гэж хүсч байна.
Гэр бүл гэдэг монголын нийгмийг цогцлоож байгаа хамгийн үнэтэй зүйл. Өнөөдөр хэн ч сайхан ярьж, харагдаж чадна.
-Танай сэтгэл зүйн төв 4800 гэр бүлтэй уулзсан гэсэн. Тэдгээр гэр бүлээс харахад ихэвчлэн ямар асуудалтай байна вэ. Таны эмзэглэж байгаа зүйл юу байна?
1990 оноос хойш монголын гэр бүлүүдийн уур амьсгалд их өөрчлөлт орж байсан. 1994 онд би найзуудтайгаа аавуудаа унтуулах ажил хийдэг байсан. Аавууд архи уудаг. Аавыг нь хүлж байгаад унтуулдаг.
Тэр үед хүн бүхэн бизнес хийх гээд наймаанд явчихсан. Гэр бүлийн сайхан харилцаа гэдэг зүйл байгаагүй. Тэр үед сайхан байдал алдагдсан нь өнөөдрийн үйлчлүүлэгчдээс харагддаг. Өнөөдөр 30 настай, 40 настай залуусыг харахад ихэвчлэн ээж ааваасаа хайрыг аваагүй гэдэг. Ялангуяа эрчүүд хүүхэд байхдаа авсан муухай дурсамжаа ярьж уйлдаг.
-Нийгэмд янз бүрийн зөрчилдөөн, олон нийтийн газар бухимдал, биен биентэйгээ муухай хандах байдал их ажиглагдах боллоо. Нийгэм асар хурдацтай өөрчлөгдөж байна. Сэтгэл зүйд хэрхэн нөлөөлдөг вэ?
Iphone гэдэг утас 3-6 хүртэл хөгжсөн. Утас хүртэл хөгжиж байхад хүн өөрөө хөгжихөөс аргагүй. Гэхдээ цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхана гэдэг тухайн цаг үеийн зөв сайхан мэдээлэлтэй хөл нийлүүлэн алхахыг хэлдэг. Сэтгэл зүйн хувьд өнөөдөр монголчууд зөв сайхан зүйлийг хурдан мэдэрч, мэдэж хүлээж авдаг нь давуу тал. Мэдээж бас мууг нь ч гэсэн.
Манай нүүдлийн соёл эргээд аливаа зүйлстэй хурдан дасан зохицуулдаг. Үүгээр нь бахархдаг. Хүн болгон баярлана, гунина, хайрлана, хайрлагдана. Бид зүрх сэтгэлтэй хүмүүс. Барууны улсууд мөнгөтэйдөө сэтгэл зүйч дээр очдоггүй. Юу нь чухал вэ гэдгийг ойлгосон учраас сэтгэл зүйч дээр очдог. Монголчууд ч гэсэн сэтгэл зүйдээ анхаарч эхэлсэн.
Та гэр бүлээсээ илүү ухаалаг утсанд цаг зав гаргаж байвал буруу зүйлсэд буруу хүмүүст хамгийн үнэ цэнэтэй цагаа үрэн таран хийж байна гэж хэлдэг. Өнөөдөр таны хүүхэд миний аав надад iphone 6 авч өгсөн гэж хэзээ ч санахгүй, харин миний аав надтай тийм цагийг өнгөрөөж, ийм дурсамжийг үлдээсэн гэдгийг санана.
Тэгэхээр хүүхэддээ зарцуулах мөнгөө хоёр дахин багасгаж, хүүхэддээ зарцулах цагаа хоёр дахин ихэсгэ гэж хэлдэг. Манай гэр бүлд нэг ийм зарчим байдаг. Хүүгээ унтах хүртэл бид хоёр wifi-аа унтраадаг. Миний гэр бүл ажлын талбар биш. Өнөөдөр хүмүүс ийм л хандлагатай байх ёстой. Үүний тулд ийм мэдээлэл масст цацах ёстой.Та өнөөдөр мөнгөтэй боллоо гэтэл таны гэр бүл таниас явчихсан байвал яах вэ. Та тэр мөнгийг хэнд зарцуулах гэж байсан юм бэ. Үнэ цэнэтэй зүйлээ сайн бод.
Мэдээж ажил хийх буруу гэж хэлэхгүй. Гэхдээ гэртээ ороод ажилдаа байсан стрессээ гаднаа үлдээх хэрэгтэй. Миний эхнэр миний хүүхэд миний стрессийг авч болохгүй. Гэртээ ороод би аав, нөхөр байх ёстой.
-Хүмүүст сэтгэл зүйн хамгаалалт гэж байдаг уу. Хүний амьдралд олон зүйл тохиолдох учир сэтгэл зүйн дархлаатай байх хэрэгтэй юм шиг санагддаг?
Тэр хамгаалалт таны уншиж байгаа, сонсч байгаа зйүлээс шалтгаална. Сэтгэл зүйн дархлаа байхгүй учраас хүмүүсийн муу хэлснийг, эсвэл магтсаныг бодож шаналдаг. Ихэнхидээ мууг нь боддог. Хандлагаа эерэг болгох хэрэгтэй. Зөв сайхан зүйлийг уншиж байж эерэг болно. Тухайн өдөр сайн муу байх нь хамаагүй. Хэрвээ өөрөө л эерэг байвал сайн зүйлсийг олж харна. Таны сайн өдөр, муу өдрийг та өөрөө тодорхойлно.