Батлан хамгаалахын сайд ажил хэрэгч хандав
Өнгөрөгч 7 хоногт Зэвсэгт хүчний элитийн батальон гэгддэг 150 дугаар анги, холбооны хороо 013 дугаар ангид зочилсон Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр энэ 7 хоногт Налайх, Төв аймагт байрладаг 5 ангийн ажил байдалтай танилцлаа. Тэрээр цэргийн ангиудаар зүгээр нэг ороод гарах бус шаардлагатай асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэн, цэрэг эрстэй зэрэгцэн сууж нормт хоолноос нь амтлан ажил хэрэгч хандаж байлаа. Генералын гэр бүлд өсч, цэргийн сургуульд сурч цэргийн амьдралыг сайн мэддэгийн хувьд сайд Ж.Энхбаяр жирийн цэрэг эрстэй дотночлон ярилцаж гэрэл зургаа татуулж байсанд цэргүүд маш их баяртай байсан юм.Зэвсэгт хүчний 150 дугаар ангид очихдоо Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх Цэргийн багийн техник хэрэгсэлтэй танилцсан. Нисэхийн 337 дугаар ангид хэрэгжүүлж буй улсын нисэхийн аэродром “Налайх-1” төслийн ажилтай танилцав. Мөн тэнд шүхрийн буултаа хийж байсан ОБЕГ-ын шүхэрчин аврагчидтай уулзаж Өмнөд Суданд 30 хүн явуулахаар амласан нь бас нэг баяртай мэдээ боллоо. ОБЕГ-аас өмнө нь ЗХЖШ-т хандан 15 хүн Энхийг дэмжих ажиллагаанд мэргэжлийн дагуу явуулах хүсэлт тавьсныг ийнхүү тоог нь нэмж өгсөнд ОБЕГ-ын дэд дарга, комиссар Д.Намсрай талархан хүлээж авсан.
Зэвсэгт хүчний инженер сапёрын 014 дүгээр ангийн Тэсэрч дэлбэрэх зүйлсийн хайгуул устгалын бүлэг өмнө нь Оросын цэргийн ангиуд байрлаж байсан Хэнтий, Сүхбаатар, Дархан-Уул аймагт 2007-2009 онд 19 удаа дуудлагаар ажиллаж тэсрээгүй 12000 сум, галт хэрэгсэл, мина, онгоцны бөмбөг илрүүлэн устгажээ. Цаашид тэд зарим аймагт энэ чиглэлээр ажиллахаар төлөвлөж байна. Бас тус анги замын шороон далан, үерийн усны шуудуу татах, худаг гаргах, уул уурхайн ажилд оролцох боломжтой ажээ.Зэвсэгт хүчний 016 дугаар ангид өнгөрөгч жилээс танкийн дадлагын төхөөрөмж суурилуулан цахим хэлбэрээр удирддаг болсон нь цэрэг дайчдын сургалт дадлагад том дэвшил болсныг БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд үнэлсэн юм.
Батлан хамгаалахын сайдыг дээрх ангиудад ажиллахад Налайх дүүргийн Засаг дарга Б.Баяндэлгэр, Төв аймгийн ИТХ-ын дарга Д.Батжаргал нар хүрэлцэн очсон бөгөөд тэдэнтэй ярилцан офицер, ахлагч нарт орон сууц барих газрын асуудлыг шийдвэрлэхээр болсон нь бас нэг том ажил боллоо.Сайдыг эдгээр ангиудад ажиллахад БХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэслэгч генерал Ц.Тогоо, сайдын цэргийн бодлогын зөвлөх, хошууч генерал Д.Мягмар, ЗХЖШ-ын дэд дарга, хошууч генерал Б.Баярмагнай, ЗХЖШ-ын Цэргийн хангалт үйлчилгээний газрын дарга, бригадын генерал Д.Даваа нар дагалдан явсан юм.