Компьютерын тоглоом шиг Монголын замын хөдөлгөөн
Монгол улс нь Шумахер ирээд машин барьсан ч айж болгоомжилмоор тийм л замын хөдөлгөөнтэй улс.
2015.03.09

Компьютерын тоглоом шиг Монголын замын хөдөлгөөн

Компьютер тоглоомд хичнээн ч үхэж үрэгдсэн тоглоомыг дахин эхлүүлж, шинээр амьдрах боломжтой байдаг нь сайхан. Тиймдээ компьютерын тоглоом хүүхдүүдийн сонирхлыг татдаг. Гэвч бодит амьдрал дээр компьютерын тоглоомтой адилхан өгүүлэмжтэй, сонирхолтой гэхээсээ аймшигтай зүйл байна. Монгол улсын замын хөдөлгөөнийг харахад яг л компьютерын машины уралдаан шиг галзуу юм шиг хурдална, мөргөлдөнө, онхолдоно, шатна, үхнэ. Гэхдээ нэг том ялгаа бий. Машины ослоор үхсэн хүн тоглоомд гардаг шиг дахин амь авч, амьдралаа шинээр эхлүүлэх боломжгүй.

Замын хөдөлгөөнд оролцогчид хурдална, сүлжинэ, шахна, шахаад багтахгүй бол түншинэ. Даралт ихтэй хүн цус харвамаар сигналдана. Нэг үгээр хэлбэл Монгол улс нь Шумахер ирээд машин барьсан ч айж болгоомжилмоор тийм  л замын хөдөлгөөнтэй улс. 

Гадны хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичсэн Монголын замын хөдөлгөөний тухай материалуудыг уншихад “Үндсэндээ Монголд замын хөдөлгөөний дүрэм байдаггүй” гэсэн нийтлэг санаа явж байна. 2013 онд Оросын “Комсомольская правда” сонины тусгай сурвалжлагч Дарья Асламова “Яагаад Монголын Оросууд эзлэн түрэмгийлэгч болж хувирав” нэртэй нийтлэл бичсэн нь магтаал, шүүмжлэлийн аль алиныг дагуулж байсан. Энэ нийтлэлд Монголын замын хөдөлгөөний талаар гашуун үнэнийг бичсэн байдаг. Нийтлэлд: “Монголын жолоочдод зам хэрэггүй, зөвхөн чиглэл хэрэгтэй. Монголчуудын хувьд машин бол хаашаа явахаа мэддэг төмөр морь. Тиймээс ч таван минут тутамд осол гардаг” гэж бичжээ. 

Монголын машинуудыг хэн ч урьдчилж тааж мэдэхээргүй траекторын дагуу явдаг физик объект гэж болно. Үнэндээ замын хөдөлгөөний дүрэм баримтлах нь ашиггүй. Хэрэв жолооч яс дүрмээрээ явъя гэвэл бусад жолооч ойлгохгүй.

Улаанбаатар хотод ажилладаг гадаадын дипломат төлөөлөгчийн газрууд Улаанбаатар хотод ирвэл замаар явахдаа маш болгоомжтой яваарай гэж иргэддээ сануулдаг. Хатуухан хэлэхэд нийслэлийн зам бол жолооч, явган зорчигдын үхэх, амьдрахын зааг дээр явдаг талбар болж хувирчээ.

Нийслэлийн машины тоо. Эх сурвалж: ЗДГ

Замын цагдаагийн газрын тоо баримтаас харахад 2014 оны 11 сарын байдлаар 23425 осол гарчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 24,7 хувиар өссөн үзүүлэлт бөгөөд 4378 тохиолдолд хүн гэмтсэн, 19047-д нь эд материалын хохирол гарчээ. Үүнээс 147 осолд 156 хүн нас барсан байна. Гуравхан сая хүн амтай Монгол улсын хувьд зөвхөн авто машины ослоор тахир дутуу болж, нас барж буй хүний тоо дэндүү их. Жил болгон өссөн тоо гардаг.

Хамгийн эмгэнэлтэй нь зам тээврийн ослоор машин бариагүй мөртөө зүгээр замаар явж байсан хүүхдүүд энддэг. Замын цагдаагийн дээр дурьдсан тайланд 119 хүүхэд гэмтэж, 8 хүүхэд нас барсан байна. 

Ядуу гэгдэх Монголчуудын авто машины хэрэглээ жил ирэх тутам гэрлийн хурдаар өсч байна.  5 хан жилийн өмнө нийслэл хотод 168 814 машин бүртгэлтэй байсан бол өнөөдөр энэ тоо 441 836-д хүрчээ. Шинээр нэмэгдсэн тээврийн хэрэгслийн тоо 40 мянгаас буудаггүй. 2012 онд бүр 100 мянга давж байлаа. Харин улсын хэмжээнд яривал Монгол улс хүн амынхаа дөрөвний нэгтэй тэнцэх хэмжээний буюу 736 288 автомашинтай болжээ. Сүүлийн 4 жилийн тоо баримтыг үржүүлээд үзвэл машин унадаг хүмүүсийн тоо 2,6 дахин нэмэгджээ.

Зам тээврийн ослын хэлбэрүүд. ЗДГ

Авто машиныг үхлийн зэвсэг болгодог өөр нэг хүчин зүйл бий. Монголын машинуудын 20 орчим хувь нь 20 гаруй жил Монголын энхэл донхолтой замаар явсан, нэг үгээр хэлбэл хог дээр хаях болсон машинууд юм. Харин хуучирсан авто машины тоог аваад үзвэл 75 хувь нь энэ ангилалд багтаж байна.

Зам тээврийн осол хэлбэрүүд нь яг л компьютерийн тоглоомд гардаг дүр зурагтай дүйж байна. 2013 онд нийслэлд 10695 машин хоорондоо мөргөлджээ.  3889 машин явган зорчигч мөргөжээ. Харин орон нутагт 571 машин онхолдож, 361 жолооч хашаа байшин, гэр, хайс, хашлага, гэрлийн шон, хад зэрэг үл хөдлөх объект мөргөсөн байна. Компьютерийн тоглоом тоглосон хүн ч гэсэн ийм олон удаа бэртэж гэмтэж, үхэж сэхэхээс залхана биз.

Улаанбаатарын автобуснууд уралдаж байна.

Архивын судалгаагаар Халх голын дайнд 7984 цэрэг амь үрэгдсэн гэж үздэг. Гэтэл сүүлийн 15 жилд 24 орчим мянган хүн зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж, хүнд хөнгөн бэртэж гэмтэж, эрүүл мэндээрээ хохирсон тоон үзүүлэлт байна. Жил болгон зөвхөн авто замын ослоор 500 орчим хүнээ нөгөө ертөнцөд илгээж, өөр олон зуун хүнээ тахир дутуу болгоод байвал юу болох вэ? Сар болгон чадваргүй жолооч нарт үнэмлэх өгч, тэд нь нөгөө л хог дээр хаях дөхсөн, хуучирсан машинаараа уралдаж яваа юш шиг замын хөдөлгөөнд оролцоод байвал юунд хүрэх вэ?

Монголд осол гардаг нийтлэг шалтгааныг дурьдвал:

  1. Мөрдөхийн тулд бус зөвхөн уншихын тулд дүрэм зохиодог байдал
  2. Нас нь хэтэрсэн, хуучирсан авто машины тоо хэтэрсэн
  3. Согтуугаар авто машин жолоодох
  4. Чанаргүй, хуурамч сэлбэг
  5. Замын эвдрэл
  6. Жолоочийн чадваргүй байдал

Гэвч эцсийн эцэст цорын ганц шалтгаан нь замыг дайны талбар болгосон Монголчууд бид өөрсдөө юм.