Х.Мөнх-Эрдэнэ: Авто замын салбарт гадны компаниуд өрмийг нь хамж, дотоодын компаниудад хусам нь үлддэг
2015 он авто замын салбарт ажилладаг компаниудын хувьд хүндхэн жил болох төлөвтэй. Учир нь энэ онд авто замд шинээр ямар нэгэн хөрөнгө оруулалт хийгдэхгүй. Бодит байдал ямар байгааг мэдэхээр уг салбарт олон жил ажиллаж буй "Арж Капитал" компаний захирал Х.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
- Хувийн хэвшил авто замын салбарт байнга ашигтай ажиллах боломжтой юу?
2010 оноос Авто замчдын холбоо, Авто замын газар,салбарын компаниуд болон инженер мэргэжилтнүүд санаачлага гаргаад зам, замын байгууламжийн стандарт, үнэлгээгээ сайжруулах зорилгоор олон удаагийн хурал цуглаан хийсэн. 2012 онд шинэ Засгийн газар замын үнийг өөрчилнө, хийх ажил их байна, автозамын салбар хөгжих нь гэсэн найдлагыг авто замчдад өгсөн. Тэгээд авто замчид их найдвар тээж энд тэндээс зээл авч хөрөнгө босгоод тоног төхөөрөмжөө сайжруулж ажиллаж эхэлсэн.
Гэтэл замын хийцийн стандартаа өөрчилсөн ч үнэ хэвээрээ үлдсэн. Бага үнээр хэтэрхий нэг талыг барьсан гэрээ байгуулж шахаж шаарддаг байдал арилаагүй л байна. Үүнээс болж өнөөдөр замын компаниуд маш хүнд байдалд орчихоод байна.
Замын компаниуд дотор өөрийн гэсэн офистой, өргүй компани бараг алга. Бүгд түрээсийн байранд. 200 гаруй техниктэй манай компани л гэхэд өөртөө офисгүй байна. Ажилчдын ажиллах нөхцөл маш тааруу.
Олонх компаниуд техникийн шинэчлэл хийж чадахгүй байгаа учраас ажлаа дуусгахын тулд хуучин муудсан техник тоног төхөөрөмжөө өр зээл тавин сэлбэхээс аргагүй болдог. Гэтэл гүйцэтгэсэн ажлын санхүүжилт цагтаа орохгүй байх асуудал гарна. Зураг төсөл гэсээр байгаад хугацаа алдаж байж төрөөс нэг зам барих шийдвэр гардаг. Гэтэл энэ хооронд материалынх нь үнэ өмнөхөөсөө илүү болчихсон байдаг. Асфалтан хучилтай замын голлох материал замын битумын үнэ сүүлийн жилүүдэд жил тутам бараг 500 мянгаар тогтмол өссөн байх жишээтэй. Гадуур ажил олдохгүй байна гэх боловч замын ажил нөхцөл хүнд гээд янз бүрийн нэмэгдэл зэргээ тооцоод саяаас доош цалин авч хөдөө ажилладаг хүн олдохоо больсон. Хувийн компаниас техник түрээслэхэд өндөр үнэтэй. Гэтэл улстай байгуулсан гэрээнд зах зээлийн үнээс 10 дахин бага үнээр механизмийн үнэлгээг тусгасан байдаг.
Өнөөдөр нэг ч замын компани офистой болж чадаагүй байхад нэг баарны эзэн хэд хэдэн байшин барилга, машин тоног төхөөрөмжтэй болчихсон байх жишээтэй. Ашиггүй гэдгийг нь мэдсээр яах гэж гэрээ хийсэн юм бэ гэж хүмүүс асуудаг. Гэхдээ 10-аад жил зүтгээд бий болгосон компани, бүрдүүлсэн баг, тэр олон техникүүдээ ашиггүй ч гэсэн ажилтай байлгахгүй гээд яах юм бэ? Нэг л жил ажилгүй байхад компани дампуурахад хүрнэ шүү дээ .
Төрд бид өөрийн өртгийг санал болгох гэхээр хийвэл хий, үгүй бол бага үнэ санал болгосон өөр компанид өглөө гэсэн маягаар ханддаг. Ямар ч тооцоо судалгаагүй бага үнэ хэлсэнтэй нь гэрээ байгуулдаг. Тендерийн хууль нь хүртэл тийм. Гэтэл бага үнэ санал болгосон компаниуд нь туршлага муутай байдаг. Хямдхан зам чинь чанаргүй л байж таарна даа. Өөрсдөө хүнд байдалд ороод зогсохгүй олон жил ажилласан компаниудаа татаж унагадаг. Түүнээс биш хоёр жил, таван жилийн дараа тэр зам ямар байх вэ гэдгийг боддоггүй.
- Замын салбар нь бусад салбарын адил хүссэнээрээ ашиг олох боломжгүй, төрийн мөнгөөс санхүүждэг. Гэхдээ төр маань ямар нэг байдлаар компаниудаа бодох хэрэгтэй. Авто замын салбарыг нээлттэй зах зээлийн зарчмаар хөгжүүлэх ямар арга зам байна вэ?
Төр бодлогоороо авто замын бүтээн байгуулалтаар дамжин гадагшаа урсаж буй мөнгийг дотооддоо авч үлдэх хэрэгтэй. Иргэн баян бол улс баян гэдэг. Үндэсний компаниуд баян бол улс баяжиж, компаниуд нь ч гэсэн хөгжинө. Гадны компаниуд Монголын замыг барихдаа өгсөн мөнгө нь хүрэхгүй бол хаяад гараад явчихдаг. Дахиж Монголд ажиллахгүй учраас эргээд хариуцлага хүлээлгэж, хар дансанд оруулж чаддаггүй. Тухайлбал Чойрын замыг 7 жил барьсан. Хятад, Солонгосын компаниуд барьж байснаа үнэ өслөө, үнээ нэмэхгүй бол болилоо гэж хэлээд хаяад явсан. Хаягдсан төслийг сэргээх гэсээр байтал бүх юмных нь үнэ өсчихдөг. 1000 төгрөгөөр бүтэх байсан ажил нь 10000 төгрөг болдог. Харин дотоодын компаниуд хаачих юм бэ? Болсон болоогүй дуусгах шаардлагатай болдог. Бид хийхгүй бол хэн хийх вэ,бас жоохон ч гэсэн эх оронч сэтгэл байна шүү дээ.
- Манай компаниудын өрсөлдөх чадварын тухай та юу хэлэх вэ?
Гадны зээлийн хөрөнгөөр гүйцэтгэх тендерт үндэсний компаниуд ялах магадлал муу байдаг энэ нь манайд замын үнэ бага учраас 100 км зам барьсан монгол компаний борлуулалт,тэндээ 10 км зам барьсан Солонгос Хятадын компаний борлуулалтыг гүйцдэггүй. Тэгэхээр олон улсын жишгээр манай компаниуд өрсөлдөх чадваргүй болчихдог. Өрсөлдөх чадваргүй байх нөхцлийг нь төр өөрөө бий болгоод байна.
Гадны компаниуд Монголын замыг барихдаа өгсөн мөнгө нь хүрэхгүй бол хаяад гараад явчихдаг.
Тиймээс урт зам бариагүй ч өрсөлдөх чадвар өндөртэй гадны компаниуд орж ирээд гадны төслүүдийг авчихдаг. Ийм маягаар гадны компаниуд ихэнх ашгийг нь аваад гараад явчихдаг. Хэрэв авто замын төслийг тогоотой сүүтэй зүйрлэвэл гадны компаниуд шаргалтсан өрмийг нь хамж аваад дотоодын компаниуд ёроолд нь үлдсэн хусман дээр байлддаг. Ингэхээр чинь хусам идэж буй компаниуд яаж хөгжих юм бэ? Хөгжихгүй болохоор хүмүүсээ сургаж, техникээ шинэчилж чадахгүй. Өдий олон жил замын салбарт ажиллахдаа замаас ашиг олоод группын хэмжээнд оччихсон компанийг хараагүй. Ер нь тэгээд зээл тусламжийн хөрөнгө чинь эргээд хэдэн жилийн дараа бид л төлөх мөнгө учир үндэсний компаниудаа дэмжмээр л байгаа юм.
- 2015 онд танай компани ямар нэг ажил хийх үү?
Нөгөө их амлалт өгч байсан засгийн газар нь одоо хаана байна? Баахан концессийн нөхцөл тавиад байна. Манай компаний хувьд одоогоор тодорхой ажил байхгүй. Хамгийн сүүлд Сүхбаатарын замыг барьсан. Одоо тэнд нэг сумын төвөөс ч баггүй хэмжээний кэмп байна. Тэр их техникийг нүүлгэж авчрахад хэдэн зуун сая төгрөг орно. Нүүх гээд хаачих ч юм билээ. Амьд хүн аргатай гээд ажил хайж байна.