Х.Мөнх-Эрдэнэ:
Авто замын салбарынхан бүгд нэг хавтгай дээр гарч, нэг түвшинд очих цаг болсон
Vip76.mn сайтаас шийдлээ хүлээсэн олон асуудлыг хөндөн олон нийтэд хүргэж, иргэдийн үзэл бодол, эрдэмтэн судлаач, иргэний нийгмийн байгууллага, хууль хэрэгжүүлэгчид, санаачлагчдын байр суурийг тухайн асуудалд хандуулан сайн засаглалыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Энэ удаад бид Зам тээврийн хөгжлийн яам, Монголын авто замчдын холбоотой хамтран “Авто замын тухай хуулийн хэрэгжилт, ач холбогдлын” талаар хэлэлцүүлэг өрнүүлж байна.
Авто замын тухай хуулийн хэрэгжилт энэ салбарт үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжүүдэд хэрхэн мэдрэгдэж байгаа болон хуулийн сайн ба саар нөлөөллийн талаар “Арж капитал” ХХК-ийн захирал Х.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.
“Арж групп” ХХК байгуулагдаад авто зам, барилгын салбарт өөрийн гэсэн байр суурь, чамлахааргүй туршлагыг хуримтлуулсан. Та энэ салбарт оюутан цагаасаа эхлээд өнөөдрийг хүртэл ажиллаж байгаа хүний хувьд салбарынхаа хөгжлийн талаар яриагаа эхэлье.
Монголын авто замын салбар хүнд үеийг давсан
Би 1997 онд Монгол Улсын Техникийн Их сургуулийг Авто замын инженер мэргэжлээр улсдаа анх бэлтгэгдэн төгссөн гуравдахь төгсөлтийн мэргэжилтэн юм. 1995-1997 онд тухайн үеийн авто замын салбарыг нуруундаа үүрч явсан улсын аж ахуй нэгжүүд бол Төв аймгийн зам барилгын анги, Хархорины зам барилгын трест гэх мэт социализмын үед баруун чиглэл, төв, зүүн чиглэл гээд дөрвөн чиглэлээ бүсчлээд аж ахуй нэгжүүд монголын авто зам, барилгын салбарыг засвар арчлалттай нь хамт авч явж байсан. Тэр үед би оюутан байхдаа эдгээр аж ахуй нэгжүүдэд дадлага хийж, замын салбарын томоохон төлөөлөл, ахмад үеийнхэнээсээ энэ салбарт гар бие оролцон удирдах чадварыг харж суралцаж байсан.
Тухайн үед монголын авто замын салбар маш хүнд байсан. 1990 онд ОХУ-аас шинэ техникүүд орж ирээд 4-5 жил ажиллаад, замын ангиуд ажилгүй болж, цалин мөнгөний санхүүжилтгүй, замчид ажилгүй болж, шинэ техникүүд нь элгээрээ хэвтсэн, цалиндаа дугуй, сэлбэгээ өгөх гэх мэт ийм хүнд үеийг оюутан байхаасаа харж, хамт туулж ирсэн.
Дараа нь 1995-1996 онд “Эрдэнэ зам” гэх компани Япон улсын засгийн газрын буцалтгүй тусламжаар зам барьсан. Одоо энэ зам 20 жилийн нүүрийг үзэж байна. Энд ажиллаж байхдаа Монголын замчдын тоног төхөөрөмж, гадаадын компанийн тоног төхөөрөмж газар тэнгэр шиг ялгаатай байгааг харсан. Мөн үйл ажиллагаа, менежмент нь ч өөр байлаа.
Намайг их сургуулиа төгсөх үед Дэлхийн банкны төсөл хэрэгжсэн. Тэр үед Монгол Улсад хучилттай зам барих боломжгүй байлаа. Өртөг өндөр, Улсын эдийн засаг ч хүнд байсан. Гэсэн хэдий ч замчид ажилтай байх хэрэгтэй, замын байгууламж баригдах ёстой байлаа. Учир нь энэ салбар уналттай байсан ч зам дээгүүр явж байгаа авто машин тасраагүй. Тиймээс тухайн үеийн Дэд бүтцийн яамны удирдлагууд гадаадын тусламж зээлээр замын чиглэлээр суралцаж шинэ менежмент, арга барилаар чамгүй шинэчлэл хийсэн.
1998 онд Авто замын тухай анхны хууль батлагдсан
Үүний үр дүнд Монголын авто замын салбар өнөөдрийн төрхөө олсон юм. Энэ үеэс Монголын авто замын салбар зах зээлийн нийгэмд бүгдийг төрөөс өгөөд байх юм уу? Бизнесийн чиглэлээр хөгжих үү гэх мэт олон асуудалтай тулгарч Авто замын салбар бие даасан хуультай болох хэрэгтэй гэж үзээд 1998 онд анх хуулиа баталж байсан.
Монголын авто замын салбар маш эрт дэлхийрүү хөл тавьсан гэж би боддог. Хуулиа батлуулсаны дараа олон улсын хамтын ажиллагааны банк санхүүгийн байгууллагын тусламжаар хэд хэдэн төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Эдгээр төслүүдийг хэрэгжүүлэх үеэс зам барилгын ажлын явцад газар дээр нь хяналт тавих үйл ажиллагаа нэвтэрсэн. Гэтэл барилгын салбарт энэ төрлийн хяналт сүүлийн 5 жилд нэвтэрсэн байх жишээтэй.
2000 он гарсаар зам, барилгын чиглэлийн хувийн хэвшлийн аж ахуй нэгжүүд үүсч эхэлсэн. Мянганы замын их ажилд үндэсний хувийн хэвшлийн компаниуд их ажил гүйцэтгэсэн. Өнөөдрийг хүртэл хувийн хэвшлийнхэн л энэ салбарын бүтээн байгуулалтыг хийж байгаа. Харин төрөөс бодлогоо гаргах ёстой гэсэн зарчим дээр тулгуурлан энэ салбарын ажил явж байна.
Үүний дараа Улаанбаатар хотын Нарны зам гэх Японы хөрөнгө оруулалттай төсөл хэрэгжиж унасан байсан авто замын салбарт дэлхий дахинд ямар технологи хэрэглэж байгаа, ямар менежментээр удирдлага хийж байгаа гэдгийг харуулсан ажил болсон. Жишээлбэл замын цагаан зураасыг бид цагаан будгаар зурдаг байсан бол энэ төсөл хэрэгжсэнээр халуунд тэсвэртэй шинэ технологи, бүтээгдэхүүнийг хэрэглэж дэлхийн жишгийг таниулсан юм.
Өнөөдөр 100-аас дээш километр зам барих чадалтай үндэсний аж ахуй нэгжүүд бий
Ингээд үндэсний томоохон компаниуд бий болж үүнийг дагаад жижиг гүйцэтгэгч компаниуд ч байгуулагдсан. Харин өнөөдөр 100-аас дээш километр зам барих чадалтай үндэсний аж ахуй нэгжүүд байгуулагдаад явж байна.
Энэ хугацаанд зайлшгүй компаниуд, цаашлаад салбар, салбарын ажилчид, ажлын бүтээмж, ур чадвар, аюулгүй байдал гээд энэ бүхэн Авто замын хуулиар зохицуулагдах шаардлага урган гарсан юм. Тиймээс 2016 онд Авто замын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан.
Авто замын салбарын хууль эрх зүйн орчин зөвхөн төр, аж ахуй нэгжийн үйл ажиллагааг зохицуулаад зогсохгүй тэдгээрт ажиллаж байгаа замчдын ажил, амьдралтай салшгүй холбоотой гэдгийг таны ярианаас ойлгож болохоор байна. Жишээлбэл “Арж капитал” компани хэдэн ажилтантай вэ? Тэдний амьдралд шинэчилсэн авто замын тухай хууль хэрхэн нөлөөлж байна вэ?
Зам барилгын ажил эрхэлж байгаа компанийн нэг ажилчны ард 2-3 ам бүл тэжээж байна. Манай компани их ажлын оргил үедээ 1000 хүн ажиллуулж байна. Тэдний ард 2-3 хүн гэж тооцохоор 2000-3000 хүний эрх ашиг надад хамааралтай гэсэн үг. Тэдний цалин цагтаа буух ёстой. Ихэнх нь банкны зээлтэй байгаа. Компаниуд хийсэн ажлын гүйцэтгэлээ бичүүлээд мөнгөө авах гэхээр төрөөс хамааралтай болчихдог. Гэтэл төр хуулиа мөрдөөд явна. Мөнгө нь удаан хугацаанд орж ирнэ. Компаниуд тэгвэл энэ хугацаанд яах вэ? Ажилчдынхаа цалинг хойшлуулах уу? эсвэл зээл авах уу? гэх мэт асуудалтай тулгарна. Энэ бүхний цаана замын салбарт ажиллаж байгаа хүмүүс салбартаа итгэлгүй болж ажилдаа дургүй болох гэх мэт бэрхшээлтэй тулгардаг.
Зам чанаргүйдээ биш чанартай хийсэн ч механик эвдрэлд их ордог
Нөгөө талд замчид, компаниуд замаа бариад дуусна. Хүлээлгэж өгсөн даруй шууд ашиглаад эхэлдэг. Гэтэл жолооч нар маш хариуцлагагүй зам ашигладаг дугуй нь хагарлаа гэхэд ардаа том чулуу тавьж байгаад дугуйгаа сольчихоод тэрийгээ зам дээрээс холдуулалгүй хаячихаад явна. Дараагийн машин нь ирээд тэр чулууг нь мөргөнө, дайрна. Замын хажуугийн тэмдгийг мал ирж шөргөөгөөд унагаачихна.
Зам чанаргүйдээ биш чанартай хийсэн ч мал амьтны хөлөөр механик эвдрэлд их ордог. Үүнээс гадна бороо, цас гэх мэт байгалийн хүчин зүйлс ч замын эвдрэлд ихээхэн нөлөөлж байна. Замын компаниуд чанаргүй хийгээд байгаадаа биш чанартай хийсэн ч тодорхой эвдрэл үүснэ. Үүнийгээ ч компаниуд баталагаат хугацаандаа засварлаж байгаа. Гэтэл шинэчилсэн хуулиар баталгаат хугацааг 3 жил болгосон нь аж ахуй нэгжүүдэд эрсдэл үүрүүлж байгаа юм.
Баталгаат хугацаа уртассан нь аж ахуй нэгжүүдэд ямар эрсдэл үүсгэж байна вэ?
Өнөөдөр замын үнэлгээ маш бүдүүлэг, болхи байдлаар хийгдэж байна. Жишээ нь нэг километр замын өртөг ойролцоогоор 600-800 сая төгрөгийн хооронд байна. Угтаа бол нэгж үнээр илэрхийлэгдэх ёстой ч энгийн хүмүүст ойлгомжтой байдлаар дээрх үнээр илэрхийлж байна. Тэгэхээр 10 километр гэхээр 600-800 саяар үржүүлээд өртөг гаргадаг. Ингээд гарсан дүнгийн таван хувийг нь гүйцэтгэлийн чанарын баталгаанд барьж үлддэг. Үүний дээрээс аж ахуй нэгжүүд тендэрт орохын тулд банкны баталгаа гаргуулдаг.
Сүүлийн 5 жилд Монгол Улс 2250 км зам барьсан
Сүүлийн 5 жилд Монгол Улс 2250 км зам барьсан. Үүнийг чингис бондоос санхүүжүүлсэн. Энд ажилласан аж ахуй нэгжүүд хийсэн ажлынхаа авах ёстой нийт төлбөрийн 20-25 хувийг өөрсөддөө ч биш улс эх орондоо ч биш зөвхөн банкны салбарт өгчихөж байгаа юм. Тендэрт ороход банкны баталгаа гаргаж чадах томоохон дөрвөн банк байгаа. Замын компаниуд тэдгээрээс хугацаатай, хүүтэйгээр баталгаа, зээл гаргуулж авна. Эргээд ажил гүйцэтгэлээ гэхэд хүүний төлбөрт маш их мөнгө зарцуулж байгаа юм. Энэ хүү, шимтгэлийг замын баталгаат хугацааны гурван жилдээ төлөөд явахаар маш их хөрөнгийг алдаж байна.
Гурван жилд 50 цэцэрлэг сургууль барих мөнгийг бид алдаж байна
Энэ банкны салбарлуу сул орж байгаа мөнгөтэй холбоотойгоор би 2012-2015 онд судалгаа хийж үзэхэд 50 хүүхэдтэй нэг цэцэрлэг барихад 1,5 тэрбум, сургууль 3 тэрбум төгрөгөөр барина гэж бодоход өнгөрсөн гурван жилийн хугацаанд 50 цэцэрлэг сургууль барих хэмжээний мөнгийг бид алдсан байгаа юм.
Үүний цаана салбарын яам гүйцэтгэгч компаниудаас мөнгөөр баталгаа гаргуулж байгаа нь төр, аж ахуй нэгжийн аль аль нь дээрх сургууль цэцэрлэг барих мөнгийг өөр салбарт алдаж байгаа юм. Нэгэнд зам барилгын ажил гүйцэтгэж байгаа компаниуд чанартай ажил хийж байж л салбартаа оршин тогтнодог болсон энэ цагт заавал ингэж дэмий мөнгө урсгахгүйгээр итгэлцэл, бүр болохгүй бол шүүх цагдаагийн байгууллага байсаар байхад асуудлыг шийдэх боломжтой байсан.
Нэгэнт хуулинд ийм заалт орсон учраас мөрдөгдөх нь тодорхой. Аж ахуй нэгжүүд мөнгөө бүрэн авахын тулд гурван жилийн хугацаанд засвараа хийх болов уу?
Баталгаат хугацаа нэмэгдсэн гээд аж ахуй нэгжүүд хариуцлагагүй хандаж болохгүй. Зөвхөн төлбөрөө бүрэн авах нь гол биш аливаа замын эвдрэл удах тусмаа засварлах зардал болон эвдрэлийн хэмжээ улам нэмэгддэг. Тиймээс манай компанийн хувьд замаа барьсан болоо гэж хэзээ ч орхидоггүй. Эвдрэлээ бага дээр нь засч, мал амьтан шөргөөгөөд замын тэмдэг унагасан байсан ч өөрөөсөө хөрөнгө гаргаад засч янзлах ёстой гэж боддог.
Нэг тэмдэг шинээр хийхээд 100 гаруй мянган төгрөг болдог. Хэдийгээр өндөр өртөгтэй ч компани барьсан замаа улсын комисст гурван жилийн дараа бүрэн бүтэн хүлээлгэж өгөхийн тулд цаг алдахгүй засварлах чиглэлд ажиллаж байна.
Энэ бүхний цаана компанийн нэр хүнд, замын ажилд оролцсон ажилтан нүүр бардам, улс эх орны эдийн засгийн том ажил, хүний амь нас замаас шалтгаалж байдаг. Тиймээс би компанийнхаа ажилчидад өөрийн барьсан замаа бүрэн бүтэн байлгаж, чи өөрөө чиний гэр бүл энэ замаар явна гэж бодож хайрлан хамгаалж байхыг захидаг.
Хуулинд орсон заалтаас болж эрсдэл үүсч байгаа ч үзэл санааны хувьд өнөөгийн авто замын салбарт хэрэгтэй сайн зохицуулалт орсон гэж салбарын ахмадууд хэлж байна. Таны хувьд...?
Шинэчилсэн хууль үзэл санааны хувьд сайн болсон. Зайлшгүй хэрэгтэй хууль болсон. Гэсэн хэдий ч хуулиа даган гарах журмууд өнөөдрийг хүртэл батлагдахгүй байна. Өнөөдөр бүтээн байгуулалтын ажил эхэлцэн байна. Журам батлагдаж байж бид хийх ажлынхаа норм, стандарт, үнэлгээг шинэчилж ажиллах хэрэгтэй байна.
Журам батлагдаагүйгээс болоод ажил эхлэхэд саад учирч л байна. Салбарт үгүйлэгдэж байсан хууль батлагдаж, түүнийг нь дагаад салбарын үнэлгээ, ажлын бүтээмж, технологи дээшилнэ гэсэн хүлээлттэй л байсан. Гэтэл үүнийг хангаж үйлчлэх хууль нь батлагдсан ч хөрсөндөө буулгаж хэрэгжүүлэх журмууд нь батлагдахгүй байна.
Эрх зүйн орчин сайжирсан гэдгийг авто замын салбарынхан бүгд хүлээн зөвшөөрч байна. Тэгвэл замчид, замын компаниудын хөгжил хэр байна вэ? Замын эзэн болон Монголын төр зэрэгцэн алхаж чадаж байна уу?
Замын салбарт ажиллаж байгаа хувийн хэвшлүүд олон улсын жишигт хүрсэн гэж үзэж байна. Жишээлбэл манай компанийн хувьд БНСУ, Японы мэргэжилтэнүүд ирээд Монголын замчид менежментийн хувьд ийм түвшинд хүрсэн гэж бодоогүй. Хятадууд дөнгөж жил гаруйн өмнөөс хэрэглэж байгаа төлөвлөлтийн программыг гурван жилийн өмнөөс хэрэгжүүлсэн.
GPRS-ийн систем гээд хүний хүчин зүйлийг багасгадаг, хүлцэх алдааг багасгадаг ийм өндөр үнэтэй технологиудыг монголчууд хэрэглээд эхэлсэн байх жишээтэй. Гэхдээ эдгээр өндөр өртөгтэй технологиудыг журам, стандартад заагаагүй юм чинь гээд аж ахуй нэгжүүд суугаад байж болох ч үүний нэвтрүүлсэнээр бизнесийн зардлаа багасгаж, үр ашгаа нэмэгдүүлж байгаа учраас замчид бол дэлхийн хөгжлийг дагаад явж чадаж байна. Өөрөөр хэлбэл гүйцэтгэгч байгууллагууд нь хөгжчихөөд байхад хянаж, тооцоолж өгөх гээд байгаа төрийн байгууллагууд нь хоцорчихсон, энэ талаар ойлголтгүй суугаад байна.
Тиймээс бүгд нэг хавтгай дээр гарая, нэг түвшинд очицгооё. Заавал төрийн хяналт шалгалтаа хэн нэг дарга нь газар дээр нь жийп унаж очиж байж шалгаж баталдаг. Үрэлгэн ийм тогтолцоогоо өөрчлөх хэрэгтэй. Төрийн байгууллагууд нь ч хувийн хэвшлээ дагаад хөгжих хэрэгтэй байна.
Ярилцсанд баярлалаа.
Баярлалаа.