Өдрийн эмчилгээний төлбөрийг төр даана
Эрүүл мэндийн даатгалын тухай хууль
2015.03.11

Өдрийн эмчилгээний төлбөрийг төр даана

Монгол улс гурван сая иргэнтэй болсон. Хүн ам өсөх тусам тухайн улсын иргэд рүүгээ чиглэсэн бодлого улам сайжрах ёстой. Үүнтэй уялдсан хууль бол эрүүл  мэндийн даатгалын тухай хууль.

Монголд эрүүл мэндийн даатгал төлөгч 1.3 сая иргэний шимтгэлийг хуулийн дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувьтай тэнцэхээр суутгадаг. Энэ нь төрөөс нэг даатгуулагчийн сард төлөх шимтгэлийг 670, жилд 8040 төгрөгөөр тооцож байгаа.

Ийм хэмжээний мөнгө нь , эрүүл мэндийн даатгалаараа эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ авахад хэтэрхий бага байгаа юм. Харин шинэ хуулиар сард 3840 буюу жилд 46 мянган төгрөгийн шимтгэлийг улсаас төлөхөөр болсон. Хууль ирэх долоон сарын нэгнээс хэрэгжих бол зарим заалт дараа оны нэг сарын нэгнээс хэрэгжинэ.

Хуулийн хамгийн шинэлэг тал нь өрхийн даатгалын харилцааг шинээр бий болгосон явдал. Даатгуулагч бүр жилд 1.8 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах эрхтэй байдаг. Гэтэл гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь ийм хэмжээний мөнгөө тухайн жилдээ үрэх шаардлага гарахгүй бол өрхийн өөр нэг гишүүн рүү шилжүүлэх боломжийг бүрдүүлж 3.6 сая төгрөгийн үйлчилгээ авах боломжийг бүрдүүлж байгаа юм.

Ингэснээр дундаж орлоготой өрх гэрүүдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг авахад таатай орчин бүрдүүлэх юм. Гэхдээ энэ заалт төрөөс даатгалын мөнгийг нь төлдөг хүмүүст хамаарахгүй, зөвхөн цалингаас нь шимтгэдэг болон хувиараа төлдөг хүмүүст ноогдох юм. Түүнчлэн даатгуулагчдийг цахим карттай болсноор  зарлагадаа хяналт тавих боломжийг даатгуулагч бүрт бүрдүүлж өгч байгаа юм.

Шинэ хуулиар эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүждэггүй байсан багцуудыг нэмж оруулсан. Жишээлбэл гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ болон өрх сумын эмнэлэгт оношилгоо хийлгэсэн хүмүүс даатгалаас мөнгөө авна. Түүнчлэн аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгүүдээс бичсэн жорыг хөнгөлөлттэй эмийн жагсаалт руу оруулахаар болсон гэдгийг ажлыг хэсэгт ажилласан УИХ-ын гишүүн С.Одонтуяа хэлсэн.

Нэмэгдсэн багцуудын хамгийн чухал нэг нь өдрийн эмчилгээний төлбөрийг төр даахаар болсон. Өмнө нь энэ төрлийн эмчилгээнд даатгалын сан мөнгө олгодоггүй, зөвхөн хэвтэн эмчлүүлсэн тохиолдолд нөхөн төлүүлдэг байсныг илүү уян хатан болгосон энэ юм. Ингэснээр ажил ихтэй хүмүүсийн хувьд эрүүл мэнддээ анхаарал тавихад таатай нөхцөл бүрдсэн гэхэд болно.

Бас хавдрын хөнгөвчлөх тусламж үйлчилгээг даатгалд хамрагддаггүй байсныг хуулийн шинэчлэлээр тооцохоор болсноор иргэд зөвхөн ХӨСҮТ-д ачаалал үүсгэхгүйгээр харьяа аймаг, дүүргийн эмнэлгүүдэд хавдрын тасаг нь нээгдсэн л бол эмчлүүлэх боломжыг олгох юм.

Ерөнхийдөө эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн гол зорилго нь улсын эмнэлэгт төвлөрөх төвлөрөлийг багасгаж чанартай хувийн эмнэлгүүдийг өрсөлдөөнд оролцуулах юм. Улсын эмнэлэг төрөөс санхүүждэг учраас үйлчилгээ муу, харин улсын эмнэлэг орчин, үйлчилгээ үнэхээр сайн гэдгийг иргэд хэлдэг.

Тиймээс энэхүү асуулыг шийдэхийн тулд эрүүл мэндийн даатгалын тухай хууль төр, хувийнх гэж ялгалгүй үйлчлэх юм. Түүнчлэн хуулийн зарим заалт ирэх оны нэг сарын нэгнээс хэрэгжихээр тусгагдсан байгаа. Үүнд их, дээд сургууль, коллеж болон мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн суралцагчдын эрүүл мэндийн даатгалыг төр төлдөг байсныг болиулж, улсаас төлдөг болгосон.

Хуулинд эрүүл мэндийн даатгалын зөвлөл маш чухал үүргийг гүйцэтгэх бөгөөд эмчлүүлэх эрүүл мэндийн багцийг жил бүр шинэчлэх ёстой. Тиймээс тухайн жилд ямар багцад хөнгөлөлт үзүүлэхийг эрүүл мэндийн зөвлөл шийднэ.

Хуулийн талаар товчхондоо энэ. Ингээд хууль хэрэгжих л үлдлээ. Монголын хууль гурав хоног гэдэг нь энэ удаа худал байгаасай гэж хүсье. Учир нь уг хуулийн хэрэгжилт монголын эрүүл мэндийн салбарт ихээхэн хувь нэмэр болно гэдгийг хууль санаачлагчид онцолж байсан.