Даатгалаас авах 1.8 сая төгрөгийн үйлчилгээг гэр бүлийнхэндээ шилжүүлдэг боллоо
Гэхдээ хууль энэ оны долдугаар сарын 1-нээс, зарим зүйл заалт нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ.
2015.02.06

Даатгалаас авах 1.8 сая төгрөгийн үйлчилгээг гэр бүлийнхэндээ шилжүүлдэг боллоо

Даатгалаас авдаг 1.8 сая төгрөгийн үйлчилгээг гэр бүлийнхэндээ шилжүүлдэг боллоо. УИХ өнгөрсөн долоо хоногт Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийг баталлаа.

Энэ хуулийг баталсан нь даатгуулагчийн эрх, үүргийг хуулиар тодор- хой болгож, чанартай, аюулгүй тусламж, үйлчилгээг хүртээмжтэй авах боломжийг нээнэ гэж хууль санаачлагчид тайлбарлаж байгаа. Түүнчлэн эрүүл мэндийн үйлчилгээг санхүүгийн ачаалалгүйгээр хүртэх, үйлчилгээтэй холбоотой санал гомдлоо гаргах, эрүүл мэндийн болон даатгалын байгууллагаас шаардлагатай мэдээллээ авдаг байх зэрэг эрхийг хуулиар баталгаажуулж өгч байгаа юм.

Гэхдээ хууль энэ оны долдугаар сарын 1-нээс, зарим зүйл заалт нь ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлнэ. Шинэ хуулиар эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан тогтоож байхаар болжээ. Өөрөөр хэлбэл, төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь төлдөг 1,3 сая иргэн байдаг бөгөөд тэдний шимтгэлийн хураамжийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувь байхаар хуульчилсан байна.

Өнөөдрийн байдлаар төрөөс нэг даатгуулагчийн сард төлөх шимтгэлийг 670, жилд 8040 төгрөгөөр тооцож байгаа. Ийм хэмжээний мөнгө нь , эрүүл мэндийн даатгалаараа эмнэлгийн чанартай тусламж, үйлчилгээ авахад хэтэрхий бага байгаа юм. Харин шинэ хуулиар сард 3840 буюу жилд 46 мянган төгрөгийн шимтгэлийг улсаас төлнө.

Мөн оюутны шимтгэлийг төр хариуцдаг байсныг больж өөрсдөө төлдөг байхаар өөрчилжээ. Оюутнууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувь буюу жилд 23 мянган төгрөг төлөх бөгөөд 2015 оны шимтгэлийг төр хариуцаж, ирэх оноос хуулийн заалт хэрэгжиж эхэлнэ. Хөдөлмөр эрхэлдэг хүмүүсийн шимтгэл цалингийн дөрвөн хувь хэвээрээ бөгөөд хоёр хувийг өөрөө, үлдсэнийг албан байгууллага нь төлөх журамтай.

Шинэ хуулиар зохицуулж өгсөн өөр нэг чухал зүйл бол өрхийн даатгалын харилцааг шинээр бий болгосон явдал. Энэ нь даатгуулагч бүр жилд 1.8 сая төгрөгтэй тэнцэх хэмжээний эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг авах эрхтэй байдаг.

Гэтэл гэр бүлийн гишүүдийн хэн нэг нь ийм хэмжээний эрүүл мэндийн үйлчилгээ авах шаардлагагүй байхад нөгөө нь үүнээс ч их хэмжээний мөнгийг зарцуулах хэрэгтэй болдог. Тиймээс гэр бүлийн гишүүд дээрх эрхээ нэг нэгэндээ шилжүүлж болох юм. Үүнийг өрхийн даатгалын харилцааг бий болгосон дэвшил гэж үзэж байна.

Бас нэмж нэг зүйлийг онцлоход хөнгөлөлттэй үнээр эм авахын тулд заавал өрх, сум, багийн эмчийн жор шаарддаг байсан. Харин одоо нэмж аймаг, дүүргийн эмнэлгийн амбулаторийн эмчийн жороор хөнгөлөлт үзүүлэхээр болжээ.

Эрүүл мэндийн даатгалын тухай хууль шинэчлэгдэн батлагдсанаар хорт хавдрын болон бусад өвчний хөнгөвчлөх үйлчилгээг эрүүл мэндийн даатгалд хамруулахаар болсон. Мөн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ, шаардлагатай эмнэлгийн хэрэгсэл, зарим төрлийн хиймэл цорго, сэргээн засах зориулалтаар хийх протез, ортопедийн хэрэгсэл ч хамрагдана.

Түүнчлэн өрх, сум, тосгоны эрүүл мэндийн төвөөс үзүүлэх зарим сэргээн засах болон гэрээр үзүүлэх тусламж үйлчилгээ, өдрийн эмчилгээ, хорт хавдрын хими болон туяаны өдрийн эмчилгээг хүртэх боломжтой. Нэмээд жирэмсний 37 хоногоос өмнөх ба төрсний дараахь үеийн хавсарсан эмгэгийн эмчилгээ мөн даатгалд хамрагджээ.