Ирэх оноос оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг төр хариуцахгүй
УИХ-ын гишүүн С.Одонтуяа
2015.02.03

Ирэх оноос оюутнуудын эрүүл мэндийн даатгалыг төр хариуцахгүй

Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн найруулгыг УИХ-аар хэлэлцэн баталсан.

Үүнд ямар шинэчлэл хийгдсэн талаар УИХ-ын гишүүн С.Одонтуяагаас тодрууллаа. Тэрбээр "Эрүүл мэндийн даатгалын шинэчилсэн хууль нь ирэх долдугаар сайрын 1-нээс хэрэгжиж эхлэнэ. Харин зарим зүйл заалтууд нь ирэх оны эхний өдрөөс хэрэгжиж эхлэх төлөвлөгөөтэй байгаа.

Төрөөс даатгалын шимтгэлийг нь хариуцдаг иргэдэд өмнө нь сард 670 төгрөг төлөгддөг байсан. Энэ нь ямар нэгэн тусламж үйлчилгээ үзүүлэхэд хүрэлцэх бодит өртөг биш гэж үзсэн учраас шинэ хуулиар хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний хоёр хувиар тогтоож байхаар заасан. Тодруулбал, нэг иргэнд сард 3840 төгрөг буюу жилд 46 мянган төгрөгийг төрөөс төлнө.

Хүүхдийн шимтгэл нэг хувиар тогтоодсон бөгөөд 100 хувь төр хариуцна. Харин оюутнуудын даатгалын шимтгэлийг төр хариуцдаг байсныг болиулж, өөрсдөө хариуцахаар болсон.

Ингэхдээ хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэг хувиар буюу жилд 23 мянган төгрөг төлөх бөгөөд энэ нь ирэх оноос эхлэх юм. Бусад ажилтан, албан хаагчдын хувьд цалингийнхаа дөрвөн хувиар бодож төлнө. Үүний хоёр хувийг ажил олгогч хариуцдаг журам хэвээр үйлчилнэ" гэлээ.