Л.Гантөмөр сайд Хөвсгөл аймагт ажиллана
2015.03.16

Л.Гантөмөр сайд Хөвсгөл аймагт ажиллана

Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөр Завхан аймагт амжилттай хэрэгжиж байна.

Боловсрол, соёл шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, УИХ-ын гишүүн Я.Санжмятав нарт өчигдөр тус аймгийн 450 хүүхэд морин хуурын тоглолт үзүүлж, бага сургуулийн сурагчид анги бүрээрээ бүжиглэж, 500 хүүхэд бүжиг хийж үзүүлжээ. Хөдөөгийн хүүхдүүд оюуны чадавх, авьяасаа хослуулан хөгжүүлж буйг хараад салбарын сайд нь Засгийн газраас хэрэгжүүлж буй “Авьяас” хөтөлбөр болон аймгийн хүүхэд хөгжүүлэх гурван тулгуурт бодлого үр дүнтэй хэрэгжиж байна хэмээн үнэллээ.

БСШУ-ны сайд Л.Гантөмөр өнөөдөр тус аймгийн Тэлмэн суманд ажиллаж сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаатай нь танилцсан байна. Завхан аймгийн Тэлмэн сумын бүрэн дунд сургууль 477 хүүхэдтэй, "Авьяас хөтөлбөр"-ийн хүрээнд бүх хүүхдүүд морин хуур,шатар,компьютерийн дугуйланд хамрагдсан. Мөн технологийн дугуйлан, "Эко клуб" , хүүхдийн сайн үйлсийн бүлэг гэх мэтчилэн хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлийн ажлууд хийгдэж байна.

Л.Гантөмөр сайд тэргүүтэй ажлын хэсгийнхэн өнөөдөр Хөвсгөл аймгийг зорьж байна. Хөвсгөл аймагт "Авьяас хөтөлбөр"  хэрхэн хэрэгжиж буйтай танилцаад Булган, Сэлэнгэ аймгуудад ажиллах юм байна.